Израиль, Палестины байдал ширүүсэв

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Израиль, Палестины байдал ширүүсэв

Израиль, Палестины хоорондох мөргөлдөөн дахин ширүүсч, олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Палестины тэмцэгчид Израильруу пуужин харваж, Израилаас Газын зурвасруу агаараас довтолж байна. Өнгөрсөн пүрэв гаригт Израильд болсон халдлагын үеэр найман энгийн иргэн болоод Египетийн таван цагдаагийн ажилтан амь үрэгдсэн. Энэ үеэр НҮБ, АНУ, Европын холбоо болон Орос зэрэг бүрэлдэхүүнтэй Ойрх Дорнодын энхийн төлөөх хүчнүүд Израиль, Палестинд хандаж хурцадмал байдлаа намжаахыг уриаллаа.

Өнгөрсөн пүрэв гаригийн халдлагаас хойш Палестины тэмцэгчид Израильруу 100 гаруй пуужин, мина харвасны улмаас нэг хүн үрэгдэж, арав гаруй хүн шархтсаны дотор хоёр хүүхэд байгаа аж. Үүний зэрэгцээ Египетийн газар нутаглуу ням гаригт пуужин харвасан байна. Харин Израилаас өнгөрсөн хэдэн өдрийн турш Газын зурвас дээр явуулж буй агаарын довтолгооны улмаас наад зах нь 15 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ.

Хоёр улсын хоорондох хурцадмал байдал тэлж байгаа энэ үед Арабын лигийн 22 орны төлөөлөгч ням гаригт яаралтай хуралдаж, уг байдлыг хэрхэн намжаах талаар хэлэлцсэн байна. Хурлын дүнд Израилийн удирдлагуудыг яаралтай галаа зогсоохыг шаардахыг олон улсад уриалж, НҮБ-ын зүгээс хоёр улсын хурцадмал байдлыг таслан зогсооход яаралтай арга хэмжээг авахыг хүслээ. Израиль, Палестины харилцаа таагүй байгаа энэ үеэр Египет, Израилийн харилцаа ч мөн хүйтэрч, Египет өөрийн элчин сайдаа Израилаас татахаар мэдэгдээд байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж