Өнгөрсөн пүрэв гаригийн халдлагаас хойш Палестины тэмцэгчид Израильруу 100 гаруй пуужин, мина харвасны улмаас нэг хүн үрэгдэж, арав гаруй хүн шархтсаны дотор хоёр хүүхэд байгаа аж. Үүний зэрэгцээ Египетийн газар нутаглуу ням гаригт пуужин харвасан байна. Харин Израилаас өнгөрсөн хэдэн өдрийн турш Газын зурвас дээр явуулж буй агаарын довтолгооны улмаас наад зах нь 15 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ.
Хоёр улсын хоорондох хурцадмал байдал тэлж байгаа энэ үед Арабын лигийн 22 орны төлөөлөгч ням гаригт яаралтай хуралдаж, уг байдлыг хэрхэн намжаах талаар хэлэлцсэн байна. Хурлын дүнд Израилийн удирдлагуудыг яаралтай галаа зогсоохыг шаардахыг олон улсад уриалж, НҮБ-ын зүгээс хоёр улсын хурцадмал байдлыг таслан зогсооход яаралтай арга хэмжээг авахыг хүслээ. Израиль, Палестины харилцаа таагүй байгаа энэ үеэр Египет, Израилийн харилцаа ч мөн хүйтэрч, Египет өөрийн элчин сайдаа Израилаас татахаар мэдэгдээд байна.