Одоогоос хоёр жил зургаан сарын өмнө буюу 2015 оны аравдугаар сарын 31-ний бямба гаригийн шөнө Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь баривчилсан. Түүний хамт тус яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байжээ. Гэвч баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн нь тогтоогдсон гэдэг. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа бөгөөд и-мэйл, фэйсбүүк хаягаа ч хааж таг чиг болсон.
Дээрх хоёр залуу албан үүргээ “нэр төртэй” гүйцэтгэж яваад “нэг л өдөр” гэмт хэрэгтэн болсон байдаг. Үүнийг хэлмэгдэл гэх үү, эсвэл албан тушаалын гэмт хэрэг гэж үзэх үү.
Энэ асуудлаа цэгцэлмээр байна гэж одоо л ёстой хашхирмаар байна. Ер нь олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу интерпол хэн нэгнийг хилс хэрэгт холбогдсон байхад хайдаггүй байх. Эрх зүйн зохицуулалтаараа Интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэдийн мэдээллийг татах хүсэлтийг анх хайх санал гаргасан хуулийн байгууллага Монгол Улс дахь Интерполын үндэсний товчоо болох Цагдаагийн ерөнхий газрын даргад тавьдаг аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар шууд олон улсын Эрүүгийн цагдаагийн газарт хүсэлт гаргаж, эрэн сурвалжлагдаж байсан иргэдийн мэдээллийг авхуулах эрхтэй юм байна.
Уншигч та одоо интерполын цахим хуудас руу орж үзэхэд Монголын гурван иргэний мэдээлэл гарч ирж байна уу. Энэ тоо өнгөрсөн оны есдүгээр сард ч ийм л байсан. Харин тэр үед прокурор, авлигатай тэмцэх болон цагдаа, мөн төв банкны албан хаагчдад зориулан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх, ноён Роел Жансенс, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Жэнифер Брачнер, Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн, ноён Эрнэсто Андрес Гранадос Гозалис нар нэгэн сонирхолтой сургалт явуулсан юм. Тэр үед “Монголын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж буй бөгөөд тэдгээрийн 4-6 нь улаан буланд багтсан талаар товч мэдээлэл өгч байв.
Одоогоос хоёр жилийн өмнө Хятадын дарга Ши Жиньпиний авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд тус улс хилийн чанадад хөрөнгөө авч гарсан авлигач албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийг эх оронд нь эгүүлэн авчрах “Үнэгний ав” ажиллагааг хэрэгжүүлж 39 сая ам доллар завшсан хэрэгт буруутгагдаж 13 жил эрэн сурвалжилсэн Ян гэгчийг АНУ-аас Бээжинд авчирсан нь дуулиан тарьж байсан. Франц, Нидерланд, АНУ дамжин орогнож байсан Ян “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдэгдэж, “энэ бол гэмт хэрэгтнүүдтэй тэмцсэн хэрэг биш эрх баригчдын өрсөлдөгчдөдөө зориулсан улс төрийн үйл ажиллагаа хэмээн мэдэгдэж байсан юм.
Монголын улс төр Тавантолгойн нүүрсний орд, түүнийгээ зөөх төмөр замын хөрөнгө оруулалтаас болж улс төрийн хэлмэгдэл нугалаа үүсгэсэн бол тэр тухай албаны эх сурвалжаас сонсоё. Хэлмэгдүүлэлт биш гэмт хэрэг байсан бол эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдээлэл хэрэгтэй байна.
Яагаад гэвэл “Дахиад” Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр замын бүтээн байгуулалтын тухай ярьж яарч эхэллээ. Дахиад хэдэн хүн ажлаа хийж байгаад хэлмэгдэх юм бэ. Авлигын болон мөнгө угаасан гэмт хэрэг гарвал яах вэ. Хайж байгаад орхичих уу. Эсвэл дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээх үү. Хамгийн сүүлд авсан мэдээллээр интерполын зүгээс шүүхийн эрх бүхий байгууллагаар залилан мэхэлсэн, мөнгө угаасантай холбоотой эд хөрөнгийг захиран зарцуулахыг Чулууны Ганбатаас шаардаж байгаа тухай албан мэдээ гарсан байдаг. Тэд бол өндөр боловсролтой, дэлхийн нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагад хариуцлагатай алба хашиж явсан монгол залуу. Ямар гайгаар эсвэл золоор эх орондоо ирж төрд ажилласан, тэгээд хэлмэгдсэн эсвэл гэмт хэрэгт холбогдсон нь яагаад бидэнд хамаагүй гэж. Нөгөөтэйгүүр тэр бол болгоомжлууштай этгээд. Түүнийг гадаадын улс орны иргэн болох хүсэлт гаргаагүйг тийм хүсэлтэд гарын үсэг зурдаг хүн хэлсэн билээ. Тэгэхээр Монголын төрд харийн иргэн ажиллаж байгаад явчихав уу. Харийн хүнийг нутагтаа авч хариуцлага тооцоход хүрээд байна уу гэдгээ ч тодорхой болгох ёстой.
Учир нь дээр дурдсан Ян гэгч хятад эмэгтэй интерполоос эх нутагтаа ирээд хэлсэн эхний үг нь “Бидний эх орон бол Хятад. Буцаад ирцгээ” гэсэн байдаг. Одоогийн Ерөнхийлөгчид маань захиа дайж уран сайхан үг урсгасандаа ингэж уриалах сэтгэл зориг “эх оронч” асан тэр залууст байгаа болов уу.
У.ОЙДОВ