Бээжин Өмнөд-Хятадын тэнгисийн Спратлийн маргаантай арлуудад хөлөг онгоцны эсрэг пуужингийн систем болон агаарын довтолгооноос хамгаалах цогц системийг байршуулсан тухай CNBC телевиз мэдээлж байна. Урьдчилсан байдлаар, Хятадын тал Филиппины баруун хэсгийн гурван аралд сарын туршид зэр зэвсэг байршуулжээ. Арлуудад байршуулсан пуужин нь 500 км-ийн зайд дайсны хөлөг онгоцонд цохилт өгөх хүчин чадалтай бол агаарын довтолгооноос хамгаалах систем нь ойролцоогоор 300 км-т цохилт өгөх боломжтой ажээ.
Гэхдээ энэ бол БНХАУ Өмнөд-Хятадын тэнгист зэвсэг байршуулж буй анхны тохиолдол биш. Жилийн өмнө тэд Юншудао хад чулууны ойролцоо хөөргөх пуужин байршуулсан байдаг. Ингэснээр маргаантай байгаа арлуудад Вьетнамын цэргийн хөлөг онгоцыг ойртохгүй байхыг уриалсан билээ. Харин Хятадын энэ үйлдэлд Ханойгоос хариу үзүүлээгүй. Гэхдээ Вашингтон хариу өгчээ.
АНУ-ын Засгийн газар Бээжинд урьдчилан мэдэхгүйгээр Спратлийн арлуудын ойр орчимд тэнгисийн цэргийн устгагч хөлөг онгоцоо илгээсэн юм. Ингээд Хятадын харуулын хөлөг онгоц АНУ-ын хөлөг онгоцыг маргаантай газар нутгийн орхихыг шаардсан байна.
Вашингтон маргаантай арлуудын асуудалд санаархахгүй байгаа ч энэ бүс нутагт идэвхтэй бодлого хэрэгжүүлдэг. Учир нь, Өмнөд-Хятадын тэнгисээр дамжин Ойрхи Дорнодын эрчим хүч АНУ руу экспортлогддог. Мөн Хятадын ашиглаж бус нүүрс ус төрөгчийн 40 хувь нь Өмнөд-Хятадын тэнгисээр тээвэрлэгддэг. Мөн энэ тэнгист газрын тосны орд байгаа гэж таамаглаж байгаа бөгөөд хайгуулын нөөц нь ойролцоогоор 11 тэрбум баррель гэж гарчээ.
Хятад улс тус газар нутаг болон түүнийг тойрсон усыг өөрсдийнх гэж үздэг. Гэхдээ тэд АНУ-ын хөлөг онгоц энэ бүс нутаг руу нэвтрэхийг хориглож чадахгүй байгаа. Иймээс олон нийтийн сүлжээг ашиглан дургүйцлээ хоёр тал илэрхийлсээр байна гэж шинжээчид ярьж байна.
Өмнөд-Хятадын тэнгис далайн замд нэгддэг. Хэрвээ Хятад улс өөрсдийн шаардлага зүйлсээ бүгдийг нь гүйцэлдүүлсэн бол тус улс далайн томоохон замыг хянаж байна гэсэн үг. Энэ нь цаашид АНУ төдийгүй бүс нутгийн бусад улсын ашиг сонирхолд нийцэхгүй гэв.
Гэхдээ маргаантай арлуудад ерөнхийдөө БНХАУ хяналт тавьдаг. Харин 2016 онд Гааг дахь олон улсын шүүх Өмнөд-Хятадын тэнгис дэх ордын хайгуул хийх Бээжингийн эрхийг хязгаарласан ч энэ ажил идэвхтэй үргэлжилж байгаа ажээ.
БНХАУ тус арлуудад өөрийн бүрэн эрхээ 2014 онд албан ёсоор зарласан. Ингэхдээ тэд дайны хөлөг онгоц илгээсэн байдаг. Үүнээс өмнө, 1887 оны хэлэлцээрээр Спратлийн арлууд дээр өөрийн бүрэн эрхээ тунхагласан. Гэхдээ олон жилийн турш арлуудын нутаг дэвсгэрийн асуудалд Вьетнам, БНХАУ, Тайван, Малайз, Филиппин болон Бруней улсууд маргалдсаар байна.
Бээжин 1987 онд тус бүс нутагт цэргийн баазаа байгуулсан ч арал чухам хэн харьяалагдах ёстой вэ гэдэг асуудал дээр 2014 оноос хойш маргаан үүсч эхэлсэн. Учир нь, Хятадын Засгийн газар арлын газар нутгийг хиймлээр тэлэхийн тулд сая гаруй тонн хөрс, арлын ойр орчимд ачааны хөлөг онгоцоор зөөх болсноор дээрх асуудал хөндөгдөх болсон юм.
Мөн БНХАУ цэргийн стратегиа шинэчилсэн. Тус стратегид нь БНХАУ-ын цэрэг улс орныхоо газар нутгийг батлан хамгаалахаас гадна, нээлттэй далайд улсынхаа ашиг сонирхлыг хамгаална гэж заажээ.
Үр дүнд нь, Өмнөд-Хятадын тэнгис АНУ болон БНХАУ-ын цэргийн ажиллагааны талбар болж байна. Хэдийгээр 2015 онд талууд цэргийн хамтарсан бэлтгэл хийж, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалсан байдаг. Гэхдээ 2017 оны есдүгээр сард Пентагоны эргүүлийн хөлөг онгоц оруулах төлөвлөгөө ил болсноор Өмнөд-Хятадын тэнгисийн нөхцөл байдал хурцадсан билээ.
2017 оны зургадугаар сарын эхэнд Пентагоны тэргүүн Жеймс Мэттис Өмнөд-Хятадын тэнгис дэх Хятадын идэвхтэй байдлаас болоод Бээжинтэй сөргөлдөж болзошгүй гэж мэдэгдэж байсан удаатай.
Үүнээс сарын дараа БНХАУ-ын цэргийн флот АНУ-ын Ститем хөлөг онгоцтой таарсан нь Хятадын ГХЯ-ыг цочирдуулсан билээ. Улмаар БНХАУ-ын ГХЯ-аас Хятад улсын хууль болон бүрэн эрхт байдлыг бүдүүлгээр зөрчсөн бөгөөд бүс нутаг дахь энх тайван байдлыг алдагдуулсан гэсэн мэдэгдэл гаргажээ.
АНУ-ын Олон Улс, Стратегийн судалгааны төвийн дүгнэлтээр, 2017 онд Бээжин маргаантай арлууд дээр цэрэг-техникийн дэд бүтцийг эрчимтэй бий болгосон гэв. Үүнээс гадна Хятад улс хиймэл арал бий болгох, далайн, агаарын цэргийн баазын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байгааг онцолсон байна. Мөн тэд Өмнөд-Хятадын тэнгисийг 24 цагаар хянаж, ажиглах төхөөрөмж болон радио долгионыг саатуулдаг төхөөрөмж тус тус байршуулжээ.
Үүний зэрэгцээ, Хятад улс эдийн засгийн гадаад бодлого эрчимтэй хөгжүүлж байна. Энэ нь тус улсад батлан хамгаалах салбараас нь илүү их үүрэг гүйцэтгэж байна гэдгийг шинжээчид нь онцолжээ.
Тодруулбал, БНХАУ Филиппинтэй харилцаагаа сайжруулж байна. 2017 оны наймдугаар сард Филиппины Батлан хамгаалахын сайд Делфин Лоренсана мэдэгдэхдээ, маргаантай бүс нутагт Хятад улс хяналтаа өргөжүүлэхгүй байх тал дээр хоёр тал түр хугацааны хэлэлцээр байгуулсан гэсэн юм. Мөн Филиппиний Гадаад хэргийн сайд Өмнөд-Хятадын тэнгис дэх газрын тос, байгалийн хийн тухай Бээжин Манила хоёрын хооронд арилжааны хэлэлцээ хийхэд бэлэн гэдгэж мэдэгдсэн.
Тэгвэл 2018 оны дөрөвдүгээр сард Ши Жиньпин болон Родриго Дутерте яриа хэлэлцээний шугамаар газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон.
Үүнээс гадна Бээжин Вьетнамтай идэвхтэй харилцаж байна. 2018 оны дөрөвдүгээр сард Вьетнамын Гадаад хэргийн сайд Фан Бин Мин болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар Өмнөд-Хятадын тэнгис дэх маргаантай газар нутгийн асуудлыг хэлэлцээний шугамаар шийдвэрлэхийг уриалжээ.