Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг өөрчлөн зохион байгуулах, шинээр хоёр дүүрэг бий болгох ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга болон холбогдох албаныхан ажлын хэсэгт багтаж байгаа аж.
Хүн амын тоо нь 350 мянгад хүрсэн тус хоёр дүүргийн иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээ нь хүрч чадахгүй, шийдвэрлэх олон асуудал хуримтлагдсаар байгаа тул ийнхүү хотын баруун, зүүн хоёр дүүргийг хуваах ажлын хэсэг байгуулах захирамжийг хотын дарга гаргасан.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, захын дүүргүүдийг хөгжүүлэхийн тулд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах хэрэгтэй гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм. Дээрх хоёр дүүрэгт эмзэг бүлгийнхэн, орон нутгаас шилжин ирэгсэд ихээр суурьшдаг учраас иргэд болон хорооны дарга, хэсгийн ахлагч нарын зүгээс дүүргийг хуваах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад удаа дараа тавьж иржээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдээс төрийн үйлчилгээг хүргэх хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх талаар маш их санал гомдол ирдэг. Нийслэлийн хүн ам сүүлийн 20-оод жилийн дотор 3 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүртээ 350 орчим мянган хүн амтай. 350 мянган хүн ам гэдэг дунджаар тооцвол дөрвөн аймгийн хүн амтай тэнцэнэ. Улаанбаатар хотын нэг хороо дунджаар 7000 хүн амтай байхад дээрх хоёр дүүрэгт 10000-аас дээш хүн амтай хороо олон байгаа. Тэгэхээр нийслэлийн дүүргүүдийн зохион байгуулалтыг өөрчлөх, хороодын тоог олшруулах явдал зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ бол улстөржилт биш. Хамгийн эцсийн зорилго нь иргэдэд хүрч байгаа төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх. Мөн нэг хүнд ногдох төрийн зардлыг боломжтой хэмжээнд хүргэх шаардлагатай. Сонгинохайрхан гэхэд хамгийн бага орлоготой дүүрэг. Баянзүрх дүүрэг харьцангуй боломжтой иргэд амьдарч байна. Дээрх хоёр дүүргийн нэг хүнд ногдож байгаа төрөөс олгодог зардлын хэмжээ төвийн дүүргүүдтэй харьцуулахад хамаагүй бага. Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, иргэдийн тэгш эрхийг хангах үүднээс хаана амьдарч байгаагаасаа үл хамааран ижил хэмжээний төрийн үйлчилгээг хүртэх эрхтэй гэсэн зарчмын дагуу ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд зааснаар “Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Тиймээс хуулийн дагуу иргэдийн саналыг авч, уг асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлхээр төлөвлөж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.