Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлага хангасан Даваанямын Даваа-Очирыг АТГ-ын даргаар, Жанжаагийн Батсайханыг дэд даргаар тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн билээ.
Дээрх хоёр нэр дэвшигчийг Авлигын эсрэг хуульд заасан АТГ-ын дарга, дэд даргад тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа аж.
Тухайлбал, “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,
“Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.
Ингээд хоёр нэр дэвшигчийн товч танилцуулгыг хүргэж байна.
Даваанямын Даваа-Очир нь: 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.
Жанжаагийн Батсайхан нь: 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг төгсөж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.