Португал улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Португал улсын шигшээ баг

Португал улсын шигшээ баг

  • Дасгалжуулагч: Фернандо Сантос
  • Багийн ахлагч: Кристиано Роналдо
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Кристиано Роналдо 149 тоглолт
  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Кристиано Роналдо 81 гоол
  • ФИФА-н чансааа: 2018 оны 4 сарын байдлаар 4
  • ДАШТ-нд оролцсон тоо: 6 удаа оролцсон
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1966 онд хүрэл медаль хүртсэн

Москва хүрэх замд:

Европын “Бразил”-чууд гэгддэг Португалчууд дэлхийн аваргад тийм ч олон оролцож байгаагүй. Харин домогт довтлогч “хар ирвэс” хочит Эйсебиогийн эрин үед буюу 1960-аад оны дунд үед Португалын шигшээ баг дэлхийн аваргад хамгийн өндөр амжилт үзүүлж 1966 оны ДАШТ-нд хүрэл медаль хүртсэн байдаг. Тэгвэл шинэ мянган гарснаас хойш Португалын шигшээ баг дэлхийн хүчирхэг багуудын эгнээнд зүй ёсоор орж ирсэн. Үүнд Л.Фигу болон энэ цаг үеийн шилдэг тоглогч К.Роналдо нарын оролцоо их байсныг дурьдах хэрэгтэй. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдогоор удирдуулсан энэ цаг үеийн Португалын шигшээ баг 2 жилийн өмнө Европын аварга цолыг анх удаа хүртсэн. Иймд энэ удаагийн ОХУ-д болох ДАШТ-ний гол фаворитуудын нэг байх нь зүй ёсных юм. Португалын шигшээ баг Европын бүсийн В хэсэгт 9 хожиж 1 хожигдон хэсгээ тэргүүлж дэлхийн аваргын эрхээ аваад байна.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Португалын шигшээ багийн дасгалжуулагч Ф.Сантосын удирдлага дор олон шилдэг тоглогчид бий. Ялангуяа Европын аварга цолыг хүртэж байсан тоглогчид ч бий. Харин тэдгээрээс Оросыг зорих 23 тоглогчийг нэрийг эцсийн байдлаар хэрхэн сонгох нь дасгалжуулагч болон холбооны шийдэх ажил юм.

Хаалгач: Р.Патрисио (Спортинг), Бето (Туркийн Гёзтепе), А.Лопеш (Лион), Ж.Са (Порто)8, Б.Варела (Бенфика). Хаалгачдын нөөц бол үнэхээр арвин байна. Европын аваргад гараанд гарч тоглосон Р.Патрисио шигшээ багийн №1 сонголт юм. Түүний араас дээрх хаалгачдаас аль нь ч шигшээ багийн 23 тоглогчид багтаж болно. Туршлага харвал Бетог дуудаж болно. Харин залуу үеэ бэлтгэнэ гэвэл Бенфика болон Порто багийн хаалгыг манаж байгаа Ж.Са болон Б.Варела нар ч дуудагдаж болох юм.

Хамгаалагч: Б.Алвеш (Шотландын Рейнжерс), Пепе (Туркийн Бешикташ), Ф.Коэнтрау (Спортинг), Элизеу (Бенфика), Ж.Фонте (Хятадын Далиан Ифан), К.Соарес (Саутхэмптон), Р.Гуэррейро (Боруссиа Дортмунд), Роландо (Марсель), Л.Нето (Туркийн Бешикташ), В.Антунес (Хетафье), Н.Семедо (Барселона), Ж.Кансело (Интер Милан), Р.Перейра (Порто), М.Руй (Наполи). Португалын шигшэгийн хамгаалалт бол яалт ч үгүй шилдэг. Харин Оросыг зорих багт Ф.Коэнтрау болон Пепе нар дуудагдах нь эргэлзээтэй. Харин залуу хамгаалагч Н.Семедо, Элизеу нарын залуус Д.Алвестай хамтдаа төвийн хамгаалалтыг хариуцахаар дуудагдах магадлал өндөр байна.

Хагас хамгаалагч: Ж.Моунтьнио (Монако), Ж.Марио (Вест Хэм Юнайтед), В.Карвальо (Спортинг), А.Гомес (Барселона), Б.Силва (Манчестер Сити), А.Силва (Лейстер Сити), М.Фернандес (Локомотив Москва), Д.Перейра (Порто), Р.Санчес (Суонси Сити), Р.Невес (Волверхэмптон Уондерес), Б.Фернандес (Спортинг). Манчестер Ситигийн Б.Силва одоо л өөрийгөө дэлхий нийтэд харуулах цаг нь. Английн Премьер лигт гялалзаж буй Б.Силваг Оросод харах л үлдэж байна.

Довтлогч: К.Роналдо (Реал Мадрид), Нани (Лацио), Эдер (Локомотив Москва), А.Силва (Милан), Р.Куарежма (Туркийн Бешикташ), Г.Матинс (Спортинг), К.Гуэдес (Валенсиа). Шигшээ багийнхаа бүх рекордыг эзэмшигч, энэ цаг үеийн дэлхийн хөлбөмбөгийн нүүр царай болсон К.Роналдо бол мэдээж Португалын гол хөдөлгүүр. Түүнд Европын аваргын алтан медалиа Дэлхийн аваргын алтан медалиар ихэрлүүлэх хүсэл дүүрэн байгаа нь дамжиггүй.

ДАШТ-ний хэсэг:

Португалын шигшээ тун сонирхолтой хэсэгт багтсан. Дэлхийн аваргын В хэсэгт Испаний шигшээ багтай хамтдаа Морокко болон Ираны шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. В хэсэг дэх Ази, Африкийн төлөөллийн хувьд хэсгээс гарна гэдэг боломжгүй ч байж болох юм. Гэхдээ гэнэтийн зүйл тохиолдохгүй л бол. Харин хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө Испани болон Португалын шигшээ баг өрсөлдөнө.

Түлхүүр тоглогч:

Маш ойлгомжтой. Энэ бол дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо юм. Хоёр жилийн өмнө К.Роналдо шигшээ багаа удирдан эх орондоо анх удаагаа Европын аваргын цомыг авчирсан. Европын аваргад гайхалтай тоглосон ч 4 жилийн өмнөх дэлхийн аваргад амжилтгүй тоглосон бүтэлгүйтлээ цайруулах хүсэл дүүрэн К.Роналдод байгаа болов уу?

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж