"Дүүрэг хуваах асуудлыг УИХ-д өргөн барина"

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

"Дүүрэг хуваах асуудлыг УИХ-д өргөн барина"

"Дүүрэг хуваах асуудлыг УИХ-д өргөн барина"

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, захын дүүргүүдийг хөгжүүлэхийн тулд Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах хэрэгтэй гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Дээрх хоёр дүүрэгт эмзэг бүлгийнхэн, хөдөөнөөс шилжин ирэгсэд хамгийн олон суурьшдаг учраас иргэд болон хорооны дарга, хэсгийн ахлагч нарын зүгээс дүүргийг хуваах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад удаа дараа тавьж иржээ.

Хүн амын тоо нь 350 мянгад хүрсэн тус хоёр дүүргийн иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээ нь хүрч чадахгүй, шийдвэрлэх олон асуудал хуримтлагдсаар байгаа тул ийнхүү хотын баруун, зүүн хоёр дүүргийг хуваах ажлын хэсэг байгуулах захирамж 2017 оны долдугаар сарын 17-ны өдөр гарсан байдаг. Тэгвэл дээрх хоёр дүүргийг хуваах асуудлаар өнөөдөр /2018.05.04/  ажлын хэсэг хуралдлаа.

нэг хүнд ногдох төрийн зардлыг боломжтой хэмжээнд хүргэх шаардлагатай

Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ийн ярилаа.  Тэрбээр “ Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрдээ 350 мянган хүн амтай. 350 мянган хүн ам гэдэг дунджаар тооцвол дөрвөн аймгийн хүн амтай тэнцэнэ. Улаанбаатар хотын нэг хороо дунджаар 7000 хүн амтай байхад дээрх хоёр дүүрэг дээр 10000-аас дээш хүн амтай хороо олон байгаа. Тэгэхээр  нийслэлийн дүүргүүдийн зохион байгуулалтыг өөрчлөх, хороодын тоог олшруулах явдал зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ бол улстөржилт биш. Хамгийн эцсийн зорилго  нь иргэдэд хүрч байгаа  төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх.  Мөн нэг хүнд ногдох төрийн зардлыг боломжтой хэмжээнд хүргэх шаардлагатай. Сонгинохайрхан гэхэд хамгийн бага орлоготой дүүрэг. Баянзүрх дүүрэг харьцангуй боломжтой иргэд амьдарч байна. Дээрх хоёр дүүргийн нэг хүнд ногдож байгаа төрөөс олгож байгаа зардлын хэмжээ төвийн дүүргүүдтэй харьцуулахад хамаагүй бага. Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, иргэдийн тэгш эрхийг хангах үүднээс хаана амьдарч байгаагаасаа үл хамааран ижил хэмжээний төрийн үйлчилгээг хүртэх эрхтэй гэсэн зарчмын дагуу ажиллаж байна” гэв.

Хотын дарга ажлын хэсгийн саналтай танилцсаны үндсэн дээр хуулийн дагуу иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь авахаар төлөвлөжээ. Мөн тухайн дүүргүүд болон нийслэлийн иргэдийн хурлаар хэлэлцүүлж эцсийн шийдвэрийг Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Ингээд УИХ-аас шийдвэр гарна. Өөрөөр хэлбэл, шат шатны байгууллагын санал шийдвэрээр энэ асуудал хэрэгжих эсэх нь шийдэгдэх юм. Гэхдээ энэ нь зөвхөн санал, эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн 57.3-т зааснаар дүүргийн иргэд, иргэдийн Хурлын төлөөлөгчид гаргана. Дараа нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авч Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Эцэст нь УИХ-аар хэлэлцүүлж, тогтоол гарснаар баталгаажих юм. Энэ зундаа багтаад иргэдийн дунд санал асуулга явуулаад, УИХ-ын намрын чуулган эхлэх үед өргөн барихаар төлөвлөжээ. 

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж