Норвегичууд амь үрэгдэгсдийг эргэн дурсаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Норвегичууд амь үрэгдэгсдийг эргэн дурсаж байна

Норвегийн нийслэл Осло хот болон Утойя аралд өнгөрсөн долдугаар сарын 22-нд хэт барууны үзэлтэн Андерс Беринг Брейвик гэгч этгээд улс төрийн эсрэг гэнэтийн халдлага үйлдэж, 77 хүний аминд хүрсэн золгүй хэрэг гараад өнөөдөр нэг сарын нүүрийг үзэж байна. Энэ өдрийг тохиолдуулан амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд, найз нөхөд болон бусад зочид нийлсэн 6,000 орчим хүн Осло хотноо цугларч, дурсгал хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээг Норвегийн үндэсний телевизээр шууд дамжуулах үеэр Норвегийн Хаан Харалд болон Ерөнхий сайд Йенс Столтенберг нар амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж үг хэлсэн бол Норвегийн алдарт жүжигчид тэдний нэрсийг уншиж, хүндэтгэл үзүүлжээ.

Брейвикийг шүүх ээлжит шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болсон ба тэрээр хэргээ хүлээсэн ч гэмт хэрэгт оноодог ял шийтгэлийг хүлээхээс татгалзсан хэвээр байна. Брейвик өөрийнхөө үйлдлийг зөвтгөж, Норвегийн ард түмнийг төдийгүй бүх Европыг авран хамгаалахын тулд дээрх халдлагыг үйлдэхээс өөр аргагүй байсан хэмээн мэдэгдсээр байгаа юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж