Автомашины татвар, торгуулийг хоёр минутад төлөх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Автомашины татвар, торгуулийг хоёр минутад төлөх боломжтой

Автомашины татвар, торгуулийг хоёр минутад төлөх боломжтой

“Дүнжингарав” худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд “Гэрэгэ” төлбөрийн машины нээлт өнөөдөр /2018.5.4/ боллоо. Уг машины тусламжтайгаар иргэн тээврийн хэрэгслийн татвар болон торгуулиа төлөх боломжтой юм.

Жилд 300 мянган хүн автомашины торгууль төлдөг юм байна. Торгууль төлөхдөө банк дээр 30 минут дараалалд зогсдог байсан бол “Гэрэгэ” төлбөрийн машины тусламжтайгаар хоёр минутад торгууль төлөх боломжтой юм.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлөхдөө уг төлбөрийн машинд автомашины улсын дугаар эсвэл өөрийн регистрийн дугаараа оруулснаар хоромхон зуур төлбөр төлөгдөх ажээ. Мөн аль ч банкны карт уншуулж болох гэнэ. Түүнчлэн татвар, торгууль төлсөн баримтаа уг машинаас авч болох юм байна.  Тус баримт нь QR кодтой тул банкны баримттай адил хүчин төгөлдөр байх гэнэ. “Гэрэгэ” төлбөрийн машиныг одоогоор дүүргүүдийн татварын хэлтэс, нэг цонхны үйлчилгээ, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Автотээврийн үндэсний төвийн салбарууд, “Да хүрээ”, 22-ын товчоо зэрэг нийслэлийн хүн, хөдөлгөөн ихтэй 30 байршилд байрлуулжээ.

“Метатеч” компанийн төслийн менежер Э.Үнэнбат “Тун удалгүй уг төлбөрийн машинаас орон нутгийн автобус болон галт тэргийн тасалбар, үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах үйлчилгээ нэвтрүүлнэ” гэлээ.

Мөн “Нийслэлд 100 ширхэг “Гэрэгэ” төлбөрийн машин байрлуулах төлөвлөгөөтэй байгаа. Дараа жилээс Дархан, Эрдэнэт болон бусад аймгийн төвүүдэд “Гэрэгэ” төлбөрийн машиныг байрлуулна. Үүний дараа Mobicom, Unitel зэрэг үүрэн телефоны компаниудтай хамтран дараа болон урьдчилсан нэгж болон дугаар худалдаж авах үйлчилгээ нэвтрүүлнэ ” гэж байлаа. Уг компани нь ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Энэ удаагийн төслийг Улаанбаатар хотын банктай хамтран хэрэгжүүлжээ.

Р.РЕНЧИНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж