Автомашин сүлжилдсэн нарийн гудмын ойролцоо худалдаачид бараа бүтээгдэхүүнээ эгнүүлэн тавьсан байв. Хүн зөрөмгүй шахам зайнд хаалга, цонх, будаг, замаск, шил гээд л барилгын материалын бүхий л хэрэгсэл нэг дор багшралдан харагдаж байлаа. Хотын төвөөс гуравхан километр зайнд орших зуун айлын барилгын материалын төвд бид үдийн 16 цагийн орчимд очлоо. Замын хажууханд нь ил задгай бүтээгдэхүүн борлуулж буй олон худалдаачид байв. Эгнэн суусан худалдагчдын дунд захын эмэгтэй маск зүүж, хувцас нь цемент шохой болсон юм уу гэмээр халтардсан байв. Ажиглавал хүмүүс түлхүү будаг, хаалганы бариул, эмульс барилгын жижиг хэрэгслийг авч байв.
Мөн өөр нэг худалдаачин “Энийг хамт өргөөд өгчих” гээд зүссэн шилийг хамт өргөлцөж байлаа. Дөхөж очоод худалдагч эрэгтэйгээс барилгын материалын бараагаа хаанаас авдгийг асуулаа. Тэрбээр “бид бүтээгдэхүүнээ урд хөршөөс авдаг. Авсан үнэ дээр 500-1000 төгрөг нэмээд л зардаг. Бид чинь овойж оцойтлоо ашиг олоод байдаг улс биш шүү дээ” гэв.
Зуун айлд 1300 гаруй худалдаа үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна
Барилгын материалын зах гэж нэрлэх болсон 100 айл орчимд одоогийн байдлаар 100 айл орчимд 400 гаруй барилгын материалын үйлдвэр, 1,300 гаруй худалдаа үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тэгвэл зуун айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг энэ ондоо багтаан нүүлгэхээр нийслэлийн удирдлагууд зорьж буй. Тус захыг нүүлгэхтэй холбогдуулан судалгаа хийх ажлын хэсэг хоёр сар гаруй ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд иргэдээс санал авч тус захыг гурван үе шаттайгаар нүүлгэхээр болсон юм. 2011 онд 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гарч байсан ч өнөөг хүртэл хэрэгжиж чадаагүй. Замын түгжрэл, мөн олон төрлийн хортой бодисууд агаарт үлддэг учраас тус орчмын айл өрхүүд амьсгалын замын төрөл бүрийн өвчнөөр өвчлөмтгий болох, цаашлаад ураг болон бусад эрхтэнд нөлөөлдөг болохыг холбогдох байгууллагууд тогтоож байсан ч шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэн байдаг.
Зуун айлыг 2018 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ
Энэ асуудлаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “НИТХ-ын дарга 2018 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ гэсэн. Гэхдээ шууд очоод л бүх лангууг хаагаад, үйл ажиллагааг нь зогсоогоод, өөр газарт нүүлгэн шилжүүлэх боломжгүй байгаа.
Тиймээс ажлын хэсэг нүүлгэх ажлыг гурван үе шаттайгаар зохион байгуулж, 100 айл орчимд тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх саналыг боловсруулсан.
Барилгын материалын үйлдвэрүүдээ Налайх руу гаргана. Учир нь барилгын материалын үйлдвэрүүдийн ашиглаж байгаа түүхий эд бүгдээрээ урд хөршөөс буюу Чойр, Налайхаар дамжиж орж ирдэг. Тэр хортой түүхий эдүүдийг хотын төв рүү оруулж ирэх шаардлага огт байхгүй” гэжээ.
Нүүлгэн шилжүүлэх ажил гурван үе шаттай хэрэгжинэ
Ажлын хэсэг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөж байна. Үүнд:
Нэгдүгээр үе шат
- УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
- Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
- Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
- Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,
- Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.
Хоёрдугаар үе шат
- Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
- Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
- Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.
Гуравдугаар үе шат
- Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
- Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
- Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах юм.
Тус захыг нүүлгэх асуудлаар бид иргэд, худалдаачдын байр суурийг сонссон юм.
Хоёр мянгаад гаруй хүн ажиллаж, амьдралаа залгуулж байгаа
О.Долгор “Зуун айлд хоёр мянгаад гаруй хүн ажиллаж, амьдралаа залгуулж байгаа. Тэр олон хүн амьдралгүй болно гэсэн үг шүү дээ. Төрийн томчууд нь энэ захыг нүүлгэнэ гээд л байх юм. Нүүлгэх хэрэггүй гэж би хувьдаа боддог. Өөрсдөө хэдэн тэрбумаар идэж уучхаад бид нарыг адлаад байх юм байна. Ард түмнийг зовоох ямар хэрэг байгаа юм. Энд худалдаа эрхэлж байгаа хүмүүс бүгдээрээ ар гэрээ тэжээж байгаа шүү дээ. Хотын даргын гаргасан шийдвэр буруу шийдвэрээ эргэн нэг хараасай гэж хэлмээр байна” гэв.
Нүүлгэвэл бүгдийг нь нүүлгэх хэрэгтэй
Д.Чойдог “Миний хувьд нүүлгэж болохгүй л гэсэн байр суурьтай байгаа. Хамгийн гол нь гадна худалдаалж байгааг болиулах хэрэгтэй. Энд өчнөөн олон хүний амьдрал явагдаж байгаа шүү дээ. Энэ захыг нүүлгэнэ гэж зөндөө ярьсан. Нүүлгэвэл бүгдийг нь нүүлгэх хэрэгтэй. Том дэлгүүрүүдийг ч бас нүүлгэх хэрэгтэй” гэв.
Эхлээд байршил лангууг нь бэлдчих хэрэгтэй
Б.Наадам “Энэ захыг нүүлгэхтэй санал нийлэхгүй байна. Бид нар чинь хаашаа нүүх юм. Хэрвээ нүүлгэнэ гэвэл худалдаа үйлчилгээ хийх тохиромжтой орчин бүх зүйлийг бэлдчих юм бол нүүнэ. Үнэхээр зуун айлыг бүгдийн нь нэг дор төвлөрсөн зохион байгуулалтайгаар нүүлгэх гэж байгаа бол эхлээд байршил лангууг нь бэлдчих хэрэгтэй. Бид хэд бол өөрсдийн цагаан хөдөлмөрөөр амьдарч байгаа хүмүүс шүү дээ” гэв.
Ийм бохир заваан орчинд худалдаа хийж болохгүй
Б.Батцэнгэл “Ийм бохир заваан орчинд худалдаа хийж болохгүй. Тийм учраас бүх иргэдэд тэгш эрх эдлүүлээд энэ захыг нүүлгэх хэрэгтэй. Энэ газрыг нь орон сууц барих юм уу өөр зориулалтаар ашиглах хэрэгтэй. Зуун айлынхан хашааны газар дээрээ дэлгүүр бариад замын түгжрэл, эрүүл ахуй шаардлага гээд бүхий л зүйлийг алдагдуулж байгаа. Хэрэв хот барихаар төлөвлөж байгаа бол нүүлгэх хэрэгтэй. Хот төлөвлөлт гэдэг утгаараа ийм заваан юм байж болохгүй. Хот гэдэг чинь цэвэр цэмцгэр, дээрээс нь соёлжсон байх ёстой. Гэтэл манайд нойл нь гадаа, хөрс нь бохирдсон байдалтай амьдарсаар байна. Бид өөрсдийгөө хорлоод байна гэсэн үг” гэлээ.
Гадуур ажил хийе гэхээр намайг ажилд авах хүн олдохгүй
Б.Чулуунбат “Бид нар эндээс нүүгээд хаачих юм. Бэлэн ажлын байр байхгүй. Олон хүн амьдарч байгаа учраас аль талдаа л бодолцох хэрэгтэй. Нүүлээ гэхэд бид чинь очих газар байхгүй шүү дээ. Бид чинь бүгдээрээ байрны лизингтэй, амьдрахын төлөө явж байна. Гадуур ажил хийе гэхээр намайг ажилд авах хүн олдохгүй. Амьдрахын төлөө урд хормойгоор хойд хормойгоо нөхөөд амьдарч байна. Бид нар овойж оцойтлоо мөнгө олсон зүйл байхгүй. Өөрсдийн бор зүрхээр амьдрах гээд зүтгэж байна. Монгол Улсад амьдрал хэцүү байна. Төр засаг иргэддээ анхаарч байгаа зүйл алга” гэв.
Барилгын материалын зах хавийн 70 хувь нь павильон байх аж. Тиймээс дотроо бие засах газар байтугай, гарын угаалтуур ч байхгүйг хүмүүс хэлж байлаа. Мөн цементийг ил задгай зардгаас болж цемент шороо толгой дээгүүр пургисан энэ хэсэгт явган хүн зөрөх зай ч ховор. Яг дэргэд шил зүсч төмөр тасдаад л хаана яваа билээ гэж бодогдоход хүргэх. Тэгэхээр бусад орнуудын жишгээр худалдааны томоохон төв, зах нь нийслэлийнхээ захын бүст байдаг. Үүнтэй адилаар тус захыг хотын төвөөс нүүлгэж, хот төлөвлөлтөө дахин сайжруулах шаардлага тулгарч байна.
Э.Ариун