Дараагийнх нь ТЕГ-ын дарга…

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Дараагийнх нь ТЕГ-ын дарга…

Дараагийнх нь ТЕГ-ын дарга…

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргыг санал болгосноо УИХ-д өргөн барьжээ. Даваанямын Даваа-Очир гэдэг хүн олон нийтээс өндөр санал авч гэнэ. Зарим хүн огт танихгүй нөхөр байна гэцгээх. Гэвч Б.Дангаасүрэн агсныг анхны АТГ-ын даргаар томилогдоход олон нийт таньдаг байсан гэж үү. Дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “цагдаагийн тусгай III тасгийн мэргэн буудагч”, АТГ-ын хэлтсийн дарга гэдгээс цааш салбараасаа хальж танигдаагүй гэхэд болно.

Тэгээд ч энэ бол улс төрийн “лидер”-ийн тухай биш тусгай албаны “кадр”-ын тухай асуудал учраас олны танил байх огт хэрэггүй юм билээ. Ёстой л Итгэлт баяны хэлдгээр “Зүүн аймгаас хэдэн хурдан үрээ туугаад ир гэвэл Цахиур Төмөр олоод л өгнө” гэдэг шиг ажиллах болсон газар шүү дээ.

Өмнөх дарга Б.Хурц “цагийн байдлыг” сүрхий анзаарч Ц.Нямдоржийн хатигийг хагалж өгснийхөө хариуд ажлаа өгсөн. Түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилох эсэх эцсийн шийдвэр Ерөнхийлөгч дээр “гацаад” байсан ч одоо тэр гацаа арилах шиг боллоо.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2017 оны аравдугаар сарын 26-нд “Тагнуулын ерөнхий газрын даргыг би солино” гэсэн. Ингэж хэлснээсээ хойш зургаа хоногийн дараа 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд Засгийн газар хуралдаж тус газрын дарга Б.Хурцыг Д.Гэрэлээр, тэргүүн дэд дарга Ж.Доньжчимбууг Ж.Наранбаатараар “сольсон”. Хэдийгээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын ам бүлд багтах хэдий ч Д.Гэрэл бол Ерөнхий сайдын өөрийнх нь цэвэр сонголт биш. Үүгээрээ “Тагнуулын даргагүй Ерөнхий сайд” гэж хэлүүлэх болсон.

Харин одоо АТГ-ын даргыг сольсон шиг Тагнуулын ерөнхий газрын даргыг дахиад солих нь гэсэн таамаг дэвшүүлж, тэр нь хүлээлт болж хувираад байна. Энэ нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн “асуудал” гэгч нууцлаг, учир битүүлэг сэдэв улс төрийн явцуу хүрээнд “анхаарлын тэмдэгтэй” яваад байгаатай холбоотой ч байж болно. Нөгөөтэйгүүр, Ц.Нямдорж Б.Хурцыг солихын тулд л Д.Гэрэл дээр дуугүй байсан болохоос айхавтар гүнзгий холбоо үгүй. Ёстой л өөрийнх нь хэлдгээр “1998 оноос хойш ТЕГ-аар ороогүй” шигээ огт хамааралгүй мэт байж болох байсан.

Ямар ч байсан Ерөнхий сайд энэ дашрамд Тагнуулын ерөнхий газрын даргатай болсон нь өлзийтэй байх.Та бүхэн санаж байгаа бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа  “2014 оны зургадугаар сарын 20-ний өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар төрийн нууц задалж, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн” гэж зарласан. АТГ “ажлаа хийж” байхдаа тагнасан чагнасан мөрөө үлдээж таазнаас нь шохой шороо унагасныг ТЕГ илрүүлж хөгийн юм болж билээ.

АТГ, ТЕГ эсрэгцэх ийм л байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн санал болгосон АТГ-ын дарга нь ТЕГ-ын даргатай “зохицох” уу. Эсвэл “гэдсэндээ хөлөө жийлцэж” төрийн тусгай албаны нэр хүндийг унагах уу гэдгийг ч тоохгүй, тооцохгүй өнгөрөх аргагүй.

Хэрэв нэр нь дуулдаад байгаачлан ТЕГ-ын дарга асан Б.Билэгт эсвэл ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр нарын хэн нэгийг У.Хүрэлсүхийн “хүзүүнээс зүүж” гэмээнэ зохицож мэдэх боловч хожмын өдөр “өрөөлийн бөхийг засна” гэгч алдаа давтагдвал амаа барьсан ч хожимдсон байж мэднэ.

Хэдийгээр “ТЕГ-ын даргаар хэнийг сонгох вэ” гэж олон нийтээс санал асуух нь хошин шог болох хэдий ч “алим модноосоо хол унадаггүйн” үлгэрээр Ерөнхийлөгчийн “тааллаас” холдохгүйг нөхцөл байдал харуулж байна. Хэрэв ойрын үед Ерөнхийлөгчийн санал дэмжигдэж АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг томилчихвол  Б.Билэгт, Н.Ууганбаяр нарын нэг нь биш юмаа гэхэд “Яг түүн шиг” хэрнээ олон нийт төдийлөн танихгүй нэгэн эрхэм орж ирээд хүлээн зөвшөөрөгдөж чадах л болно. Эндээс л заавал “дайсагналцах” албагүй ч дэндүү дотносох болсон Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын “нийцэл”, “зохицол” мөн чанараа харуулна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж