Шведийн Халмстад хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд оролцож байгаа хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн шигшээ баг нэгэн тугийн дор оролцохоор болжээ.
Хоёр Солонгосын ширээний теннисний баг 1991 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ нэгтгэн оролцохдоо БНХАУ-ын хүчирхэг багийг хожиж байсан түүхтэй аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт дөрөвдүгээр сарын 27-нд Панмунжомд амжилттай болсон билээ. Уулзалтаар 2018 оноос эхлэн спортын томоохон тэмцээн уралдаанд хоёр Солонгос нэгдсэн шигшээ багаар оролцоно гэж мэдэгдэлдээ дурдсан.