Монголын газар тариалангийн түүх гурван цагийн хэлхээнд оршдог

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Монголын газар тариалангийн түүх гурван цагийн хэлхээнд оршдог

Монголын газар тариалангийн түүх гурван цагийн хэлхээнд оршдог

ЭХЛЭЛ БУЮУ СУДАРТ ӨРГӨХ ҮГ

Газрын энгээр давалгаалан байх алтан шаргал тариа тэр дунд хөлөглөн хөвөх аварга комбайн гээд намар цагийн шаргал симфони сэтгэлд эгшиглэх ажгуу.

Тийм ээ, ухаант хүний ярьсан бүхнээс ургуулан бодоход ямар сайхан аялгуу, яруу тод дүр зураг хөвөрнө вэ. Зүгээр энгийн унаганаараа болов уу гэмээр зөөлхөн дуутай, үг бүрээ зөөж утга санааг нь уралдуулах мэт ярих нэгэн хүнтэй уулзлаа.

Энэ хүн бол Монгол Улсын гавьяат багш, профессор, доктор, Монгол Улсын зөвлөх агрономич Ажиндайн Чойжамц гэдэг эрхэм. Газар тариалангийн талаар түүнийг бурхан ухаантны нэг шүү гэж олон хүн хэлэх юм билээ.

Нээрээ ч ярилцаад сууж байхад биеэр бага ч бэлчээр холтой нэгэн гэдэг нь аяндаа ойлгогдох, үг бүхэнд нь санаа тээсэн ухаалаг хүн аж. Арга ч үгүй юмаа. Газар тариалангийн хөтөч болсон агрономич мэргэжил эзэмшснээсээ хойш ХААИС-д багшилсан болохоор бусдад сургах, мэдүүлэхийн ой ухаанд сүрхий мэргэшсэн байх л даа. Тэр төрж өссөн Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг Хан Тайшир уул хормойдон байх Наранбитүү хэмээх нутгийнхаа тухай хэлэхдээ тэр нутгийн ургамал, ногоо нь өөртэй нь цуг өсч өндийсөн юм гэж л ярина. Энэ нь бас учиртай. Хожим нь эх дэлхийн үр шим ургадаг бүхнийг тэр дотроо үр тариа, жимс ногооны “эх баригч” болсон бурхнаас өгсөн агрономич мэргэжлийн эзэн байхын зөгнөл байсан байж мэдэх. Хөх тэнгэрийн Монголын хувьд ургамал, газар тариалангийн дархлааг эрдэмтэн А.Чойжамц мэт хүмүүсийн санаа сэдэл, ухаан бодлын ачаар бий болгожээ гэж бодном.

Эрдэмтэн, доктор тэрээр ярьж би сонсож байна. Монголын газар тариалангийн түүх өнө эртнийхээ, өдгөө цагийнхаа бас ирээдүйд хүрэх төсөөлөлтэйгөө цаасан дээр дурайтал буунам. Эрдэмтэн хүн даруу гэсэн үг бий. Чухмаа чухам гэмээр санагдсан даа Чойжамц агрономичтой уулзахад. Хүн гэдэг хамгийн үнэт капитал гэж К Маркс хэлсэн гэж заалгасан. Тэгвэл өнөө цагт хамгийг ялах нь хүн гэдэг брэнд гэж болно биз. Тэгвэл би нэг эрдэмтэй брэндтэй ярилцаж байгаа юм байна л даа.

МЭРГЭЖЛИЙН ЗАМДАА ШУЛУУДСАН ЭГЭЛ НЭГЭН НАМТАР

–Та мэдээж малчин удмын нэгэн биз дээ?

-Тийм ээ. Аав, ээж минь малчин ард байсан намайг хорвоод мэндлэхэд. Харин удалгүй Говь-Алтай аймгийн төвд очиж шилбүүр юугаа хүрз, нийвийгээр сольсон юм билээ. Барилгачин болсон гэж ойлгогдож байгаа биз.

Манай аймаг чинь олон удаа нийлсэн салсан түүхтэй. Хан Тайшир уулын, Засагт ханы гээд л… Завхан аймагтай ч нэг үе “ам тоо нэг” байсан юм гэдэг.

–Та бид хоёрын яриа аймгийн түүх рүү орчих чинь…?

-Энэ бас учиртай. Говь-Алтай гэдэг аймаг 1940-өөд онд бие дааж байгуулагдсан. Аав Ц.Ажиндай, ээж Б.Удвал нарыг тэнд очиход дөнгөж төвхнөж байсан юм билээ. Тэгээд л тэд маань барилгачин болж аймгийн төвийн гол барилгуудыг барилцсан гэх. Ийм болохоор миний аав, ээж төрөлх Алтай хотынхоо тулгын чулууг өрөлцсөн гэж бахархахаас аргагүй санагддаг. Би ч багаасаа аав, ээждээ тусалж шавар, шохой, тоосготой сайн танилцсан хүн.

–Тэгээд барилгачин болоход дөт байсан юм биш үү дээ?

-Долдугаар ангиа төгсгөөд Дорнод айм­гийн Хөдөө аж ахуйн техникумын агро_тех­никийн ангид хуваа­рилагддаг юм даа. Очсон намраа л ургац хураалтад явсан. Энэ л миний амьдралын чиг зүг болсон доо. Хичээл номыг нь үзэхээсээ өмнө л тариан талбайд дадлагажсан гэж санагддаг.

1966 онд сургуулиа төгсөхөөр улсын шалгалт өгөөд байтал ХААЯ-наас ирсэн Нанзад гэдэг хүн эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах хүн шалгаруулж авна л юм болов. Тэгээд есөн хүн сонгож авахад би багтдаг юм. Бид яаман дээр ирэхэд Сэлэнгэ аймгийн Зүүнхараад байдаг ургамал, газар тариалангийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан гэсэн томилолт өглөө.

–Тэнд ямар орчин нөхцөл угтав даа?

-Уг хүрээлэн шинэхэн байгуулагдсан. Эрдэм шинжилгээ судалгааны ажлаа дөнгөж л эхэлж байж. Харин эрдэм чадалтай туршлагатай мундаг мэргэжилтнүүд тэнд байсан юм. Залуу бидэнд ёстой л аз завшаан санагдсан. Монгол Улсад үр тарианы анхны шинэ Орхон сортыг гарган авч төрийн шагнал хүртсэн М.Өлзий, Х.Зундуйжанцан нар болон ногооны цехэд нь Шархүү, Балжинням, Уртнасан, тэжээлийн ургамлын мэргэжилтэн Цэвэгдорж гээд л…

Мөн тухайн үед гадаад дотоодын дээд сургууль дүүргэсэн 10-аад хүн ирсэн. Томоохон арми бүрдсэн дээ. Хүрээлэнг буурал хэмээх Бадарч гуай удирдаж байв.

–Залуу агротехникч Чойжамц аль хэсэгт нь багтаж байв даа?

-Би эхлээд жимсний секторт ажилласан. Ердөө зургаан сар болоод байтал захирал Бадарч намайг туслахаараа авчихсан. Уг албанд би долоон жил болсон. Дараа нь газар тариалангийн секторт шилжсэн. Ингээд л эрдэм шинжилгээ, судалгааны ажил тэр дотроо хөрсний элэгдэлтэй тэмцэх чиглэлийг барьж авсан хүн дээ би. Энэ үед Монгол Улс атар газар эзэмших аяны жилүүд байлаа. Хавар, намарт тариалангийн талбайд шороон шуурга дэгдмэгц л хэмжилт судалгааны ажлаа хийнэ. Ер нь ч тариалангийн талбайд хөрсний элэгдэл ихэссэн, доройтол бий болсон байлаа. Бидний судалгааны ажлын зорилго нь хөрсний элэгдэл яаж үүсч байна. Үүнийг яаж зогсоох вэ гэдэг байлаа. Тоймтой судалгааны дүнд зорилгодоо хүрсэн бид. Тэгээд Монголын газар тариаланд зурваслан тариалах аргыг нэвтрүүлсэн. Үр дүн нь гарсан. 1969-1970 онд хөрс хамгаалах машин техник оруулж ирсэн. Тэднийгээ тариан талбайд туршиж үзсэн. Дараа нь уг техникээ аж ахуйнуудад ашиглах болсон. Тэгснээр хөрсний элэгдэл, салхи шуурганаас бий болох доройтол үгүй болсон.

Хөрс хамгаалах бүхэн бүтэн системийг хэрэгжүүлж эхэлсэн үе нь атрын нэг, хоёрдугаар аяны он жилүүд байв.

Хожмоо зурваслан тариалсан эрээн талбайг хараад бидний бас миний залуудаа хийж бүтээсэн ажлын үр дүн юм шүү дээ гэж бодоход бахархалтай л санагддаг юм. Тэгж байтал дахиад сурах шаардлага гарч оюутан болсон миний хувьд.

ЖИНХЭНЭ АГРОНОМИЧ БОЛЛОО

–Урд нь шинжилгээ, судалгааны ажил хийх явцад мэдлэг мэргэжил дутаж байв уу?

-Ер нь хүн чинь гар бариад бугуй гэгчээр мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлээрээ шат ахих гэж боддог биз дээ. Энэ дагуу конкурст ороод тэнцэж 1973 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономичийн ангид орсон. Таван жилийн дараа улаан дипломтойгоор сургуулиа төгслөө. Гэтэл шинжлэх ухаан дээд боловсролын хороон дээр оч гэж сургуулийн захирал хэлсэн. Тэгсэн чинь ХААДС-ийн агрономын ангид дагалдан багш гэсэн томилолт өгдөг юм. Ингээд өөрөө жинхэнэ агрономич төдийгүй багш болдог байгаа. Бас азтай. Н.Ичинхорлоо гэдэг мундаг багшийн гарын шавь нь боллоо. Энэ хүн бол Монголын газар тариалангийн чиглэлийн анхны эрдэмтэн эмэгтэй. ЗХУ-д Тимирязовын академид очиж эрдмийн зэрэг хамгаалсан. Гол гавьяа нь газар тариалангийн нэг чиглэл Монголын газар шороонд төмс тариалах агротехникийн үндсийг анх боловсруулсан хүн л дээ. Нөгөө талаар хөрсний үржил шим, бордооны талаар ажилладаг цор ганц мэргэжилтэн нь байв. Түүнийг нь би уламжилж авсан юм. Төмсний ургамлын судалгаан дээр голлон ажилласан. Тэгээд судалсаар, туршсаар. Хөрс, бордоо, тэжээлийн бодисын судалж сургуулийн танхимд багш, тариан талбайд мэргэжилтэн зөвлөх болж 40 жилийн нүүр үзлээ. Гол барьж авсан сэдэв маань төмс тариалах эрчимжсэн технологи бий болгох. Зорилгодоо ч хүрсэн. Төмсний ургамлын сэдвээр 1990 онд дэд докторын зэрэг анх хамгаалж байлаа. Миний бий болгосон технологийг олон газарт хэрэглэж хэрэгжүүлж ирсэн юм. Эрчимжсэн технологийн ачаар га-гаас 17-18 тонн төмс хурааж байсан үе бий. Ер нь ч төмсний тариалалт их өргөжсөн 1980-аад оны сүүлч гэхэд манай улс чинь төмсөөр дотоодын хэрэгцээгээ хангасан төдийгүй гадагш экспортолж хүртэл байлаа шүү дээ.

–Багшлах явцдаа ямар төрлийн хичээл зааж байв даа?

-Ургамлын физиологи, газар тариалангийн үндэс, агрохими зэрэг хичээлийг голлон заасан даа. Сурах бичиг, зөвлөмжийн 20-иод бичиж гаргасан. Одоо ч тэдгээр бүтээл маань тариаланч, ногоочдын ширээний ном, туслагч болж байдаг юм.

–Та хэдийд гавьяат цол хүртсэн билээ?

-2014 онд гавьяат багш болсон. Монголын агрономичдоос анхны гавьяат нь гэгддэг. Үүнийг маань үнэлж манай сургууль агротехникийн салбарынхаа хөрс, агрохимийн сургалтын лабораторийг миний нэрэмжит болгосон. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа үндэслэн шинэ бүтээл, ашигтай загвар хэд хэдийг гаргаж зохиогчийн таван эрх авсан. Энэ чинь уул шугамдаа өөрийгөө л магтсан хэрэг болов уу даа. Яриандаа жаахан хална гэж энэ байгаа юмсан уу. Уучлаарай даа.

МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТҮҮХ БҮР ЭРТНЭЭС УЛБААТАЙ

Эрдэмтэн А.Чойжамц ХААИС-д дөчөөд жил багшлахдаа өөрийн тооцоогоор лавтайяа 2000 агрономич бэлтгэсэн гэж байна лээ.

–Одоо ярианыхаа сэдвийг биш өнгийг өөр­чилнөө. Тэгэхээр Монгол нутагт газар тариалан чу­хам хэдий үед үүсэлтэй юм бэ?

-Түүхийн судар бичигт энэ талаар тун тодорхой бичиж үлдээсэн байдаг юм. Жишээ нь Монголын нууц товчоонд Чингис хаан баруун зүгийн аян дайнд мордохын өмнө их цэргийнхээ хоол хүнсийг бэлтгэх газрыг товлон тодор­хойлуулахаар Чинга­чансанг явуулсан байдаг. Тэр хүн газар нутаг шинжиж явж Завханы Улиастай, мөн Говь-Алтайн Жаргалант сумын нутаг, Ховд, Увсын гол ус, нуур цөөрөмтэй газрын сав гээд нэлээд олон газарт тариа тарихад тохиромжтой гэж үзсэн гэдэг. Тэр газар нутагт, газар тариалан эрхэлж байсан түүхтэй.

–Энэ бол Монголын эзэнт гүрний үе юм байна л даа. Тэрнээс өмнө ч Монголын нутагт газар тариалан эрхэлж байсан ул мөр бий гэж түүхээс уншсан санагдах юм?

-Тиймээ. Энэ бол археологчдын малтлага, шинжилгээ судалгааны үр дүнд яригддаг зүйл. Малтлагаас ваар сав, тариа тарих багаж зэргийг олсон байдаг юм. Мөн хадны сүг зурагт хүртэл үхэр анжисаар газар хагалж яваа хүний дүрс уншигдсан гэж байгаа. Тэрнээс гадна Хөвсгөл, Булган, Батсүмбэр, Мандалын нутагт тариа ногоо усалж байсан гэгдэх суваг шуудууны ул мөр байдаг гэдэг. Нэлээн сүүлд Монголын тодорхой нэр бүхий ноёд түшмэдүүд хошуу, нутаг орныхоо чанартай тариалан эрхэлж байсан гэдэг юм. Жишээлбэл, Хотгойдын ван Чингүүнжавын тариалан, баруун талд Галданбошигтын, зүүн зүгт “То-ван”-гийн, Хардэл бээсийн гээд 1800-гаад оны үеийн баримтат түүх бий. Эдгээр нь цар хүрээ багатай, хомсдуу тариалан байж. Харин Монголчууд бие дааж тариа ногооны ажил эрхэлж байжээ гэдгийн илэрхийлэл энэ юм. Баруун монголчууд дээр үед маалинга зэрэг олсны ургамал тариалж таар шуудай үйлдвэрлэж байсан баримт байдаг.

–Хятадууд Монгол нутагт тариа тарьж эхэлсэн үе хэдийнээс юм бол?

-Манжийн ноёрхлын үеэс Хятадууд Монголд тариалан эрхэлж байсан. Тариалан эрхэлдэг томоохон пүүсүүд ч байж л дээ. Үүний улбаа нь газар усны нэрэнд үлдэж хоцорсон байдаг. Шивэрт, Баянгол, Баянбулаг гэж хятадууд өгсөн нэр гэж дээр үеийнхэн ярьдаг байсан. Тэдгээр газруудад тариан талбайг усалж байсан суваг шуудууны үлдэгдэл одоо ч бий. Хятадууд гол нь хүнсний ногоо тарьж байсан.

–Өвөрмонголын нэг түүхч ярьж байна лээ. Хуандай Дээндий гэж Улаанбаатарын ойролцоо газар бий. Тэнд хятадууд ногоо тарьж байгаад тийм нэр өгсөн гэж?

-Тийм байж болно. Батсүмбэр, Борнуур хоёрын нутгийн заагт Хуандай гэж газар бас бий. Улаанбаатарын 100 айл, Амгалан орчмын газар ч дан ногоо тарьдаг газар байсан гэдэг.

–Тариагаа яаж боловсруулж байсан бэ?

-Эхлээд уур нүдүүр байсан. Тэр нь хөгжөөд чулуун тээрэм, дараа нь усан тээрмийн арга голлож байсан гэдэг. Зүүнхараад Хараа голын нэг тохой дээр усан тээрэм байсан суурь байдаг юм. Зэлтэрт ч мөн бий.

-1911 оны үеэс Монголын газар тариаланд шинэ үе эхэлсэн гэдэг үү?

-Богдын Засгийн газар байгуулагдаад улсын сан гэж байгуулсан. Энэ үед Оросын Буриад монголчууд хамтраад жинхэнэ буудай тариалж байв. Ер нь бол Монголын уламжлалт арвай, бог будаа бүр эртнээс эхтэй. Одоо ч тарьж л байна. Дараагийн үе шат нь 1921 оноос Ардын Засгийн газар эх орны тариаланг хөгжүүлэх талаар тодорхой зорилт дэвшүүлсэн байдаг. Тэгээд газар тариалангийн нэн шинэ үе гэвэл 1940-өөд он. Газар тариалан төр, засгийн бодлогын нэг тал нь болж байсан.

Энэ үе бол дайны дараа Монгол төдийгүй Европын орнуудад хүн амын хүнсний хомсдол бий болсон цаг учир тариа ногоо тарихыг улс ардын аж ахуйн нэг гол чиглэл гэж үзэж байлаа. Тэр бодлого явсаар 1950-иад онд газар тариалангийн салбарыг эрчимжүүлж улмаар атар газар эзэмших хөдөлгөөн хүчтэй өрнөсөн.

–Тийм бол газар тариалангийн мэргэжилтэн хэдий үеэс бэлтгэж эхэлсэн байдаг вэ?

-Мэргэжилтэн бэлт­гэх улсын бодлого 1940-өөд оноос эхтэй. Гэхдээ үүнээс өмнө 1930-аад оны дунд үед Германд Д.Санжаа гэдэг хүнийг тариа ногооны чиглэлээр сургасан гэдэг. Тэр хүн 1940-өөд оны эхээр сургуулиа төгсч ирээд судар бичгийн хүрээлэнгийн ХАА-н хэлтэст ажиллаж байж. Энэ үед Сэлэнгийн нутагт Бургалтайд Монгол Улсын эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бий болсон. Тэнд М.Өлзий, Х.Зундуйжанцан нарын хүмүүс Герман хэмээх Санжаагийн удирдлагад ажиллаж байж. Ийм түүх бий. Тэр байгууллага сүүлд нь Зүүнхараа руу нүүж ирээд Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээ судалгааны станц болж өргөжсөн юм билээ. 1950-иад оны эхэнд Банзрагч, Хасбазар, Б.Лхамсүрэн нарын агрономчид ЗХУ-д суралцаж төгсөөд ирсэн. Даанч тэр үед өндөр боловсролтой хүн цөөн байснаас тэд төр, засгийн алба хаагаад явчихсан байдаг. Төв хорооны нарийн бичгийн дарга байсан Лхамсүрэн, ГХЯ-ны сайд Ренчин, Банзрагч гээд бүгд л агрономичид байлаа. ХААДС 1959 онд агрономич мэргэжлээр 22 хүн төгсгөсөн. Энэ нь атрын нэгдүгээр аяны бэлтгэл ажлын нэг хэсэг байв.

Агрономчид дотроо үр тарианы, жимсний, хүнсний ногооны ургамал болон хөрс хамгааллын гэх зэргээр төрөлжиж бэлтгэгдсэн байлаа. Нөгөө талаар газар тариалангийн хөдөлгөгч хүч нь эрдэм шинжилгээний ажил гэж үзсэн учраас энэ чиглэлийн байгууллагууд хэд хэдэн газар бий болсон.

Дарханы ургамал тариалангийн хүрээлэн, Дорнод, Халх гол, Увсад эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан. Архангайд өндөрлөг газрын, Өмнөговьд говийн тариалангийн туршилтын станц бий болов. Эдгээрт ажиллах эрдэм шинжилгээний ажилтан агрономичид шаардлагатай байлаа. Тэгээд ч 1960-аад он ХААДС жил бүр 50-60 хүн төгсгөж байсан. Мөн олон томоохон САА байгуулагдсан. 1989 он гэхэд улсын хэмжээнд 41 САА-тай болсон байв. Гурилын үйлдвэрүүд олон аймаг, хотод бий болсон. Атрын I, II аяны хугацаанд газар тариалангийн салбар ийм их өргөжиж хөгжсөн юм.

–Та бид хоёр хөрсний доройтол атрын нэгдүгээр аяны явцад их байсан гэж ярьсан. Энэ юунаас болсон алдаа вэ?

-Нэгдүгээрт, улсын төлөвлөгөө даалгаварт шахагдан талбайн хэмжээг их нэмсэн нь хөрсний доройтолд нөлөөлсөн. Нөгөө талаар 1960-аад оны сүүлчээс хөрсний үржил шим сүрхий буурсан байлаа. Үүнээс болж жил бүрийн ургац тогтвортой байж чадаагүй тал бий.

Гэхдээ 1964-1965 онд ургац их сайн байлаа. Яагаад гэхээр шинээр эзэмшсэн атар газрын үржил шим өндөр байж. Дараа жилүүдэд нь ургацын хэмжээ буурсан. Тэгтэл 1980 онд ургац сэргэсэн. Үүнд бас учир бий. Тариаланд бордоог идэвхтэй ашиглаж эхэлсний үр дүн тэр байлаа. Онцгой их ургац авсан үе ч бий дээ.

–Миний мэдэхээр нэг намар Төв цэнгэлдэхэд дүүрэн будаа буулгачихсан байсан даа?

-Тийм шүү дээ. Тэр жил Монгол Улс түүхэндээ хамгийн өндөр ургац авлаа. 516 мянган тонн Улаанбуудай хураан авсан гээд л. Гурилын үйлдвэрүүд бүх л агуулах саваа дүүргэчихээд Төв цэнгэлдэхийн цементэн талбайд будаа буулгаж арчлуулж байгаад экспортод гаргаж байсан даа.

–Тийм өндөр ургац авна гэдэг газар тариаланд олон талын шинэчлэл хийсний үр дүн бас нөлөөлсөн болов уу?

-Мэдээж тийм. Атрын аяны явцад газар тариаланд техникийн шинэчлэл нэлээд хийгд­сэн. Өндөр бүтээмжтэй трактор, комбайнаар аж ахуйнууд хангагдсан. Мөн хөрсний эвдрэл, доройтлыг эрдэм шин­жилгээний ажил, судалгааны явцад засч залруулж чадсан. Нөгөө талаар үрийн шинэчлэл их нөлөө үзүүлсэн. Атрын аян эхэн үед дан тухайн үеийн ЗХУ-аас өндөр сортын үр авч тариалалтаа хийж байв. 1963 онд эх орны өөрийн Орхон сортыг гарган авч өргөнөөр тариалж байлаа. Тэр үрээ үржүүлж арвижуулж чадаагүй. Сортыг олон давтан тариалснаар хуучирдаг. Ер нь нэг шинэ сорт гаргаж авна гэдэг олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн байдаг. Өнөө үед тухайлбал 1990 оноос хойш хэн дуртай нь гаднаас янз бүрийн спортын үр авчирч тарьж байгаа. Гэвч манай хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд шинэ сорт гаргах ажлаа орхиогүй ээ. Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнгийнхэн маш сайн сортууд гарган авч байна. Тухайлбал Дархан 45, Дархан 144 гээд л. Сүүлд гантай үед тэсвэртэй, ургалт сайтай сорт ч гаргасан. Төмсний хэд хэдэн шинэ сорт бэлэн болоод байгаа. Даанч манай улсад эрдэмтдийнхээ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал нь туйлын муу юм. Төр, засгийн бодлогод ч энэ л үгүйлэгдэж байх шиг. Эргэлзэх ч юмгүй тийм л байгаа.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧАДАВХИ ДОРОЙТЛОО. ОДОО ЯАХ ВЭ?

–Сүүлийн жилүүдэд газар тариалангийн өгөөж муу байгаа. Га-гаас авч байгаа ургацын хэмжээ инээд хүрмээр бага байх болж дээ?

-Аргагүй шүү дээ. Сүүлийн 30-аад жил манай улсад хөрсний үржил шимийг хангаж ажиллах талаар оролдлого бараг алга. Манай энэ үеийн тариаланч гээд байгаа нөхөд хөрөнгө мөнгөтэйгөөс биш ургамал, тариа, ногооны ямар ч мэдлэггүй. Хөрсөнд үр суулгаж л байвал тариа ногоо ургана, тэгснээр мөнгө үйлдвэрлэгдэнэ гэж л боддог хүмүүс байх болсон. 1960-1980-аад оны туршлага хуримтлуулсан мэдлэг чадвартай тариаланчид халаагаа өгсөн. Тэдний хөдөлмөрч өв уламжлалыг өнөөгийнхөн авч үлд­сэнгүй. Бордоог зүй зохисоор нь хэрэглэж хөрсөө додомдохгүй байна. Тэр ч байтугай газраа зөв хагалахаас эхлээд тарималуудаа мэргэжлийн дагуу сэлгэж тариалахыг мэддэггүй. Технологийн мөрдөлт ч буруу байх болов. Тиймээс хөрс ихээр ядуурсан. Атар газар эзэмших үеийн хөрсний ялзмаг өнөөдөр 50-60 хувь буурсан үзүүлэлт бий. Тэгэхээр ямар хэмжээний өгөөжтэй байхав гэдэг ч тодорхой шүү дээ. Газар тариаланг буруу хөтлөх юм бол байгаль орчинд халтай гэдэг ч эндээс харагдаж байна л даа. Монголын тариаланчид га-гаас 30-40 центр ургац авч байсан үе бий. Тэгвэл одоо аль нэг аж ахуйн тариа хураалтын үеэр очиход га-гаас 12 центр ургац авлаа. Овоо шүү маягийн юм ярих юм. Энэ чинь нээрээ инээдэм шиг байгаа. Усалгаа муу, бордоо хэрэглэхгүй байгаагийн уршиг л энэ дээ.

-1990-ээд оны эхээр болсон өмч хувьчлал газар тариалангийн үйлдвэрлэлд хүн цохилт болсон гэж үздэг?

-Газар тариалангийн найдвартай материаллаг бааз нуран унасан. Том том САА-нууд задарч хувьд шилжсэн. Үүнийг дагаад газар тариалангийн талаарх төр, засгийн бодлого ч сарниж үгүй болсон юм. 1991 оноос үр тариа, төмс хүнсний ногооны болон малын тэжээлийн үйлдвэрлэл жил дараалан буурав. Тариалангийн нийт эргэлтийн талбайн 60 шахам хувь ашиглагдахаа байв. Энэ бол уналт л даа.

-2007 оноос атрын III аяныг эхлүүлсэн. Тариалангийн ажлын үндэсний хөтөлбөр гэж гаргалаа. Энэ бодитой арга хэмжээ болж чадсан уу?

-Газар тариаланд төр, засаг анхаарал хандуулсан хэлбэр л дээ. Төдийлөн ашиг нь овойж оцойгоод харагдаж байгаа юм алга. Газар тариаланг дотроос нь эрчимжүүлэх ажил байхгүй хэвээр. Мэргэжлийн биш хүмүүс дураараа тариан талбайд тоглолт хийж байна. Уг нь Атрын III аян нь атар газар эзэмших асуудал биш бөгөөд уламжлалт арга ажиллагааг технологийн дэвшил, шинэ технологид зохицуулсан атаршсан зарим хуучин талбайг сэргээн ашиглана. Тариа­лангийн үйлдвэрлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилго агуулсан гэж ойлгогдож байсан. Гэтэл тэр зорилгодоо хү­рэх механизм нь алга байна. Энэ аян бол XXI зууны тариалангийн нүүр царай байх учиртай юм л даа.

–Хөрсний үржил шим муудлаа гэж хүн бүр ярьдаг даа?

-Тийм л дээ. Гэхдээ хөрсний үржил шим муудахад олон зүйлийн хамаарал бийг ойлгохгүй юм. Эрдэмтэд бидний үг туслалцааг авахгүй байна. Удаан хугацаагаар хоол цайгүйдвэл хүн өлсөнө, цангана биз дээ. Түүнтэй адил ургамал , ногоо чинь амьд организм учир хоол тэжээлийн бодисоор дутна. Иймээс зохицсон усалгаа, бордоо шаардаж байгаа юм. Манай эр­дэм шинжилгээний байгуул­лагын эрдэмтдийн тооцоолсноор өнөөгийн тариалангийн талбайн хөрсний тэжээлийн бодисын баланс ихээхэн алдагдалтай байна. Энэ нь хөрсөө борд, хамгаалах шаардлагатай гэсэн үг л дээ. Элит үр гадаадаас авч тариалж байна гэж сүртэй ярьдаг. Хөрсөө додомдоогүй цагт ямар ч сайн үр байгаад чанартай арвин ургац авна гэдэг ёстой л зүүд болно шүү дээ.

Газар тариаланд “Авснаа эргүүлж өг” гэдэг бичигдээгүй чанд хууль бий. Энэ нь хөрснөөс тариа, ногоо ургаад түүнийг нь хураагаад авчихаар нөгөө хөрс маань тэр хэмжээгээр шим тэжээлийн дутагдалд орж байгаа юм. Түүнийг газарт нөхөж өгөхийн тулд бордоо хэрэглэх учиртай. Энэ хуулийг Монголын өнөөгийн тариалан эрхлэгчид хөсөрдүүлж байна. Энэ л эрдэмтэд бидний санааг ихээхэн зовоож байдаг юм даа.

–Та дээр эрдэм шинжилгээний үр дүнг хайхарч үзэхгүй, шинэ бүтээл санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэхгүй байна гэж хэлнэ лээ?

-Үүн дээр тодорхой жишээ хэлж болно. Доктор Түмэн бид олон жилийн туршилт, туршлагадаа тулгуурлан техник технологийн иновацийн төсөл хэрэгжүүлж Монголдоо бордоо үйлдвэрлэхээр шийдсэн юм. Иновацийн төсөл гэдэг маань судалгаа шинжилгээний ажлын үр дүнг бодитоор үзүүлэх, цаашилбал мөнгө болгох гэсэн агуулгатай. Төслөө Н.Алтанхуягийн Засгийн газрын үед шалгаруулалтад явууллаа. Утга нь экологид ээлтэй органик бордоо үйлдвэрлэх явдал байлаа. Засгийн газарт төсөл маань шалгарлаа гэлээ. Аж үйлдвэрийн яаман дээр очсон бас л “болж байна” одоо Хөгжлийн банкинд ханд гэдэг юм. Очлоо. Тэгсэн тэнд “хад мөргөдөг” байгаа даа.

-Та бүхний энэ төсөл бүтэхгүй ээ. Нэгдүгээрт үйлдвэрлэж байсан туршлага алга. Хоёрдугаарт та нар ямар хөрөнгө барьцаанд өгөх юм. Иймээс төслийг хаслаа гэлээ. Ингээд л дууслаа. Ингэж байтал нэг ухаалаг хамтрагч олдож бид Баянчандманд бордооны авсаархан үйлдвэр байгуулсан юм. 2017 онд ХААХҮЯ-ны тариалан эрхлэх санд 600-гаад тонн бордоо нийлүүлсэн. Энэ жил 800 тонныг үйлдвэрлэж өгөхөөр тендерт орсон. Шалгарах эсэх нь мэдэгдээгүй л байна. Уг нь манай энэ үйлдвэр Мон­голын газар тариа­лангийн түүхэнд бий болсон бордооны анхны үйлдвэр. НҮБ-ын хүнс ХАА-н байгууллагын гаргасан мэдээг харахад дэлхий дээр 40-өөд улс орон бордооны үйлдвэргүй байна. Үүнээс болж тухайн орны газар тариалангийн хөгжил муу, ургац нь нэмэгдэхгүй байна. Тэр нь хүн амынхаа хүнсний хангамжид н­ө­лөөлж байна гэсэн байна лээ.

–Үйлдвэргүй 40 орны нэгд манайх орж байна уу, одоо?

-Орж байгаа. Уг нь үйлдвэртэйгээр нэрлэг­дэж болохоор юм. Гэтэл дэмжлэггүйгээс хөрөнгө сан­хүүгийн гачаалд ороод байна. Нөгөө талдаа тариаланчид бордоо авах чадамж нь ч муу юм. Төр, засаг энэ байдлыг соргогоор харж үзэхгүй байна. Хөдөлмөрийн баатар, геологич Ч.Хурц гуай ярилцлагадаа, Монголд өөртөө бордооны үйлдвэр хөгжүүлэхгүй бол ХАА-д ахиц гарахгүй, сэргэлт ч үзэхгүй гэсэн байна лээ. Ёстой үнэн үг гэж бодогдсон. Бас Монголд шинэ юм бас үйлдвэр байгуулах шиг зовлон алга гэдгийг дурьдсан байсан. Бид тэр зовлонг туулж байна. Бордоо хийх түүхий эдээс малын өтөг бууц, шувууны сангасаас бусад нь алга. Шуудай савнаас эхлээд азот, фосфор, кали энэ бүхнийг гадаадаас авч байна. Тэр бүхний үнэ өсч гаалийн татвар нь нэмэгдсээр байх юм. Уг нь фосфор гаргаад авах чулуулаг нь байна. Давстай газруудад кали нь байна. Энэ бүхнийг бордооны үйлдвэрт хэн бэлдэж өгөхийг төрийн бодлогоор шийдэх асуудал.

–Төр, засгийн зарим албан баримт бичигт органикжсан газар тариаланг хөгжүүлнэ, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн байдаг юм билээ?

-Органик газар тариалан эрхэлнэ гэдэг бол ерөөсөө байгаль дээр байгаа боломжийг зөв зүйтэй ашиглаж юуны өмнө химийн үйлдвэрээс гарсан бордоо хэрэглэх биш малын өтөг бууц, шувууны сангас, яс, ясны гурилыг бордоо болгохыг хэлж байгаа юм.

–Та одоо ямар албан тушаал хашиж байна вэ?

-Гарааны монгол экологийн бордоо ХХК-ийн зөвлөхөөр ажилладаг. Гэхдээ хаа ч миний хэрэг болж үг зөвлөгөө авъя гэхэд цааргалах юмгүй л хүн. Амьдралынхаа бүх л зорилгыг энэ газар тариалантай холбосон хүний хувьд мэргэжлийн ном бичиж тариаланчдад тус болох байх гэж тараадаг, түгээдэг. Бид дунджаар 1000 тонн бордоо үйлдвэрлэх чадал байна. Монголын газар тариалангийн салбарт 150-200 мянган тонн бордоо шаардлагатай. Үүнийг гадаадаас худал­даж авахад даруй 120 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг хэмнэхийн төлөө ажилламаар, хичээмээр байгаа юм даа. Хамгийн сүүлд нь хэлэхэд газар тариаланд шинжлэх ухааны үндэстэй төрийн зохицуулалт үгүйлэгдэж байна.

–Төрөөс буудайн ургах нөхцлийг бүрдүүлэхэд анхаардаг олон улсын ямар жишиг байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар хурааж авсан ургацын тонн тутамд урамшуулал өгч байгаа гэдэг. Энэ нь буруу. Үүний оронд чанартай ургац авахад нь дэмжлэг үзүүлэх нь ухаалаг шийдэл болно шүү дээ. Бас нэг зүйлийг энд хөндөж хэлэх зүйтэй санагдаж байна л даа. Манай тариаланчид гаднаас янз бүрийн нэр хаягтай үрийн сорт авчирч тариалж байна. Гадаад нэртэй. Гэтэл энэ чинь тун хортой юм шүү дээ. Хэзээ нэг цагт тэр сортыг зохион бүтээгч нь миний гаргасан үрийн сортыг танайх төчнөөн мянган га-д тариалсан байна гээд асар их мөнгө нэхвэл томоохон өрөнд орно. Зохиогчийн эрхийн хуулийн дагуу тэр өрийг төлөхөөс аргагүйд хүрнэ шүү дээ. Юмыг ер нь тун олон талаас нь бодож хууль дүрмийг мөрдөж байх нь өлзийтэй гэдгийг хэлье.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж