Чанаргүй дээд боловсролыг дэмжээд байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Чанаргүй дээд боловсролыг дэмжээд байна уу?

Энэ хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрт нь зориулан “Хүний хөгжил сан”-аас 500 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор болсон.  Гэхдээ өнгөрсөн жил өгсөн 500 мянган төгрөгийг өнөө жил олгохдоо хуульд нийцүүлж байгаа нь энэ гээд 8040 төгрөгөөр дутуу олгохоор шийдвэрлэсэн байна. Асуудлын гол нь 8040 төгрөгтөө байгаа юм биш. Харин Засгийн газрын энэхүү шийдвэр амьдрал дээр хэр нийцтэй байх бол гэдэгт л байгаа юм. Хоёр дахь жилдээ олгохоор болсон энэ мөнгө үнэхээр ард түмнийг, тэр дундаа залуусыг дэмжиж байгаа зөв хэлбэр мөн үү. Харин ч эсрэгээрээ чанаргүй дээд боловсролыг дэмжиж, тэтгээд байгаа юм болов уу гэх хардлага ч бас байна. Учир нь одоогийн УИХ-д их, дээд сургуулийн захирал байсан, одоо ч тэндээсээ хувь эзэмшдэг хэд хэдэн гишүүн бий. Нөгөө талаас, төрөөс сургалтын төлбөрөө даалгасан залуусын ажил эрхлэлтийн байдал хэр өндөр хувьтай байгааг харахад сонин тоо гарна шүү. Хамгийн энгийн жишээ л гэхэд “Зар мэдээ” сонины “Ажилд урьж байна” буланг харахад хангалттай. Өнөө үед ажил хайж байгаа хүн бараг л нүдний гэм болсон нь анзаарагддаг. Энэ бол нөгөө л сургалтын төлбөрийг нь төлөөд, “Хүний хөгжил сан”-гийн мөнгөөр” угжиж”, цаашилбал танилцсаных нь төлөө 500 мянган төгрөгөөр, хүүхэд гар­гасных нь төлөө 100 мянгаар “урамшуулаад” байсны үр дүн гэж хэлж болно.

Одоогийн оюутан залуусыг ажиг­лахад төлбөрөө төрөөс даалгачихаад санаа зовох зүйлгүйгээр хичээлдээ шамдаад байгаа хүн харагддаггүй. Хаана л баар байна, тэнд оюутнууд чихээстэй байгаа. Улсын төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит но­мын санд сууж, хичээл давтах нь ч нүдний гэм болжээ. Тэгэхээр оюутны сургалтын төлбөрийг төрөөс даах нь хэр үр өгөөжтэй бодлого юм бол гэдэгт эргэлзэхээр байгаа биз. Төр засгийн удирдлагууд энэ асуудлыг ямар хэмжээнд судалж, бодлогоо боловсруулдаг юм бол.

Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгост очиж ажиллах залуусыг бүртгэх зар тарав. Дахиад хэд хоногийн дараа 9500 гаруй залуус уг бүртгэлд хамрагдлаа хэмээн мэдээллээ. Тэдний дунд төрөөс төлбөрөө даалгаад мандаж явсан залуусын хэд нь “Боолын хөдөлмөр” эрхлэхээр бүртгүүлээд, дараалалд зогсож өдрийг барсан бол. Өнөөдөр төрөөс төлбөрөө даалгаж их, дээд сургууль, коллежийг төгссөн хэдэн хүн бааранд зөөгч хийж байгаа тоог гаргавал сонирхолтой л баримт гарна даа. Танилын маань ажиллуулдаг ресторанд “Их засаг” их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн нэг, Батлан хамгаалах их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн нэг, МУБИС-ийг бага ангийн багш мэргэж­лээр төгссөн хоёр гээд нийтдээ  дөрвөн дээд боловсролтон  зөөгч хийж байна.  Дээд боловс­ролтой энэ дөрвөн ажилтан нь тухайн рестораны нийт зөөгчдийн 50 хувь нь гэж байгаа. “Их засаг” их сургуулийг төгссөн нэг дүү минь байдаг юм. Түүний хувьд суралцах хугацааныхаа бүх л зардлыг ядарсан эцэг эхээрээ төлүүлсэн. Дөрвөн жил суралцаад төгсөхдөө хуульч мэргэжил эзэмшсэн. Төд удалгүй “Миний сүлжээ” дэлгүүрт камер хянагчаар ажиллах боллоо гэв. Гэтэл хэсэг хугацааны дараа “Авсан цалин нь таксиний мөнгөнд ч хүрэхгүй байна” гээд ажлаа голоод гарчээ. Ингээд “Их засаг” сургуульдаа дахин суралцаж магистр болно гээд хоёр жил шахуу хугацаанд магистрт суралцаад төгсөж байгаа юм. Энэ хугацаанд ээж аавынхаа олсон хэдийг л үрээд байгаа шүү дээ. Магистр болсны дараа ажилд орно л гэж байна. Хаана гэж асуувал Баянзүрх дүүргийн шүүхэд л гэж байна. Овоо доо гэж бодов. Харин зургаан сарын дараа бааранд зөөгч хийж явахад нь санаандгүй тааралдчихав. Монголын дээд боловсролд төр мөнгө өгдөггүй байхад л ийм байсан гээд бод доо. Төр дээд боловсролтой малчин, зөөгч, цэвэрлэгч бэлтгэхийн тулд мөнгө хуваарилж байгаа ч юм шиг.

Харин их, дээд сургуулиудын хувьд байдал арай л өөр. Тэдэнд төрөөс 491960 төгрөг өгөх нь үнэхээр ашигтай байгаа. Учир нь жилийн жилд төлбөрөө хийж чадахгүй гэх шалтгаанаар багагүй оюутнууд сурахаас татгалзаж, өөр ажилд шилждэг. Гэтэл төрөөс “Төлбөрийнх нь 50 хувийг төлье” гэхээр “Үлдэгдэл 50 хувиа яаж ийж байгаад олоод үеийнхнийхээ дор орохгүй суралцъя” гэх бодол тэнэг л биш бол хүн бүрийн толгойд орно доо. Ингээд л нөгөө “чанаргүй” сургуулиуд руу залуус бөөнөөрөө элсэж байгаа нь тэр. Тэд ороод юу ч сурж чадахгүй. Компьютерийн хичээлийн багш нь Монгол хэлний хичээлийг давхар зааж байгаа юм чинь юугаа ч сурах вэ дээ. Дээрээс нь ихэнх багш нараа гаднаас цагаар авч хичээл оруулдаг сургуулиуд ч мэр сэр байдаг юм билээ. Ингээд бодохоор дээд боловсрол хүчгүйдэх нь ч аргагүй юм. Одоо Монголд уул уурхайн компани байгуулах нь тийм ч ашигтай биш. Харин дээд сургууль байгуулах нь ашигтай. Учир нь төр мөнгө өгч байгаа болохоор.

Одоо энэ асуудлыг түр орхиод өөрсдийгөө харъя. Би хувьдаа төрөөс нэг ч төгрөг аваагүй төгссөн. Тэгээд ажилд орсон, амьдралаа аваад л явж байна. 2008 оны сонгуулиар тухайн үеийн МАХН, одоогийн Ардын намаас нэг сая 500 мянган төгрөгийг иргэн бүрт амласан. Тэд ялсан. Ингээд “Хүний хөгжил сан”-г байгуулаад эхний ээлжинд 70 мянган төгрөг өгсөн. Дараа нь 50 мянган төгрөг өглөө. Харин өнгөрсөн жилээс сар тутамд 21 мянган төгрөг олгодог болсон. Гэтэл үлдэгдэл нэг сая төгрөгөө хэрхэн өгөх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Оюутнуудад сургалтын төл­бөр хэлбэрээр мөнгө өгч байгаа хэрнээ ажил хийж байгаа, улсдаа татвараа төлөөд хөдөлмөрлөөд явж байгаа хүмүүст арай л хатуу хандаад байгаа юм шиг. Заримдаа оюутан болж мөнгөө авдаг ч юм билүү гэсэн бодол төрдөг шүү. Эсвэл өнөөгийн төр засгийн удирдлагуудад оюутнууд хүн болж харагдаад, ажил хийж байгаа, амьдралаа болгоод явж байгаа нь хүн биш харагддаг ч байж мэдэх юм. Үндсэн хуульд бол хүн бүр тэгш эрхтэй гээд заачихсан байдаг. Тэгш эрх нь бодвол энэ юм байлгүй дээ. Ямартай ч оюутнууд төлбөрөө төрөөс даалгаж чадлаа. Эргээд хэд нь ажил хийж улс орондоо тус нэмэр болдог юм бол доо.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж