Цахим халдлагыг дунд сургуулийн сурагчид үйлдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.04-нд нийтлэгдсэн

Цахим халдлагыг дунд сургуулийн сурагчид үйлдэж байна

Цахим халдлагыг дунд сургуулийн сурагчид үйлдэж байна

Монголбанкнаас “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” чуулганыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан билээ. Чуулган цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн картын эрсдэл, цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг боловсрол гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж, салбар бүрийн шилдгүүд панелистаар оролцон хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад У.Батнасан  “Монгол Улсын гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэхүү илтгэлийн дараа хэлэлцүүлэг явагдаж, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, панелист, сэтгүүлч С.Батзаяа нарын салбар салбарын төлөөлөл оролцсон.

Б.Баатархүү хэлэхдээ “Монгол Улсад бүртгэгдсэн анхны кибер гэмт хэргийн халдлага үйлдсэн этгээд бол дунд сургуулийн мэдээлэл, технологийн багш нар байсныг бүгд мэдэж байгаа. Сүүлийн үед бүртгэгдэж байгаа кибер халдлагыг арван жилийн хүүхдүүд үйлдээд эхэлчихлээ. Бүрэн дунд сургуулийн сурагчид энэ хэргийг үйлдэж байна. Кибер халдлагыг хийх арга нь улам нарийсч, сайжирсан. Үүнтэй уялдаад цагдаагийн байгууллага ур чадвараа нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа. Цахим төлбөр тооцоотой холбоотой гэмт хэргийг хараад байхад ноцтой хакер хийсэн үйлдэл харагдахгүй байгаа. Хэрэглэгч өөрсдийнхөө мэдээллийг санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж алдаж байна. Ухаалаг төхөөрөмжөөр дамжуулаад хэрэглэгчдэд банкны үйлчилгээ хүрээд ирлээ. Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах асуудал чухал болоод байна. Пин кодоо хэнд ч хэлэхгүй байх эрх хэрэглэгчдэд байдаг. Асууснаараа буруудахгүй, харин хариулснаараа эрсдэлд ордог. Тиймээс пин кодоо хэлэхгүй байх уриалга гаргаж байна” гэсэн юм.  

Харин панелист, сэтгүүлч С.Батзаяа “Олон нийтийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх алхам хамгийн чухал. Гэхдээ банкны салбарынхан олон нийтэд мэдээлэл түгээхдээ чимээгүй байх, ажиглагчийн байр сууринаас хандах, фэйсбүүк, твиттер зэрэг платформуудыг үл ойшоох, зарим нэг үг хэллэг, мэдээллүүдийг өөрсдөдөө зориулж байгаа юм шиг бичсэн байдаг нь дутагдалтай” гэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж