Хэвлэл мэдээллийн салбарт нийт 4462 хүн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн салбарт нийт 4462 хүн ажиллаж байна

Хэвлэл мэдээллийн салбарт нийт 4462 хүн ажиллаж байна

Хэвлэлийн хүрээлэнгээс  өнөөдөр /2018.05.03/ Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” 2018 оны тайланг танилцууллаа. Тус хүрээлэн “Монголын хэвлэл мэдээлэл-өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 19 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байгаа юм.

Судалгаагаар Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт 434 байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг тогтоожээ. Сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн тоо буурсан байна. Тухайлбал, 2017 онд өмнөх оноос ХМХ-ийн тоо 16-гаар багасжээ. Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын 78 хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байна. Хэвлэмэл сонины борлуулалтын тоо өмнөх жилээс тав гаруй хувь, сэтгүүлийн тоо 36 орчим хувиар буурчээ.

Радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн нийт цаг, нэгээр, телевизийнх хоёр цагаар хасагдсан байна. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурах хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өсөх болжээ. Харин 2015 оноос сайтын тоо харьцангуй тогтворжиж, энэ оны эхээр 100 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байгаа аж.  434 ХМХ-ийг дотор нь төрлөөр нь ангилаад авч үзвэл 88 сонин, 71 сэтгүүл, 48 радио, 127 телевиз 100 сайт байна. Энэ дүнг өнгөрсөн жилтэй  харьцуулаад харах юм бол сонин сэтгэл радиогийн хувьд тоо буурчээ. Харин телевиз, сайтын тухайд тоо нь нэмэгдсэн үзүүлэлтэй байна.

1999 онд 197 хэвлэл мэдээллийн хэрэгсэд 1646 хүн ажиллаж байсан бол өнөөдөр  434  ХМХ-д  нийтдээ 4462 хүн ажиллаж байна. Эдгээр боловсон хүчингийн тоог  дотор нь хүйсээр насаар нь ангилаад авч үзвэл 54 хувь эмэгтэй 46 хувь нь эрэгтэй. Хамгийн их хүмүүс ажиллаж байгаа салбар бол телевизийн салбар байна. Сонин сайт, радиод тус бүр 300 -700 хүн ажиллаж байна гэх дүр зураг харагдаж байгааг хэлж байлаа.

Э.БУРАМ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж