Р.Отгонбаатар: Сайн цуглуулгатай учир насаараа судлаад ч барахгүй сонин сэдэв олон байна

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Р.Отгонбаатар: Сайн цуглуулгатай учир насаараа судлаад ч барахгүй сонин сэдэв олон байна

Р.Отгонбаатар: Сайн цуглуулгатай учир насаараа судлаад ч барахгүй сонин сэдэв олон байна

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээний хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатарын эртний үеийн судар бичиг, эд өлгийн цуглуулгаас дэлгэсэн үзэсгэлэн Төрийн Түүхийн музейд гарч байна. Түүний бичиг үсгийн соёлтой холбоотой цуглуулсан ховор нандин цуглуулга, тэдгээрийн үүх түүхийн талаар бид хэсэг хором ярилцлаа. 

-Үзэсгэлэнд эртний бичиг үсгийн соёлтой холбоотой нэн ховор төрлийн олон цуглуулгуудыг дэлгэсэн харагдаж байна. Та энэхүү цуглуулгуудаа хэзээнээс эхэлж, ямар аргаар  олж авсан бэ?

-Та нөхдийн дэргэд би өвгөн хийгээд настай хүн. Миний хүүхэд ахуй насанд эртний бичгийн хэрэгсэл бараг л байхгүй болсон байв. Нийтийн хэрэглээнд шинэ бичиг үсэг хэрэглэдэг байлаа. Би Их сургуулийн Монгол бичгийн ангийг дүүргэж, хуучин бичиг заах албан ёсны анхны багшаар бэлтгэгдсэн хүн юм л даа. Тиймээс оюутнуудад хуучин ном сударыг юугаар бичиж, бүтээж, хэвлэж, барлаж байсан талаар хичээл заах үүрэгтэй багш хүн байх нь. Гэтэл тэдгээрийг хэрхэн хийж, хэвлэж байсан цаг үед би байгаагүй, үүгээр үл барам бичгийн хэрэгслүүдийг нь бараг л нүдээр үзээгүй  шүү дээ. Яахав өвгөн багш нараас хэдий асууж тодруулж, тэд төдий сайн хэлж, ярьж өгсөн боловч өөрийн биеэр үзээгүй учир нэг л хичээл заах боломжгүй санагдсан юм. Ингээд эртний бичгийн хэрэгслүүдийг оюутан байхаасаа цуглуулж эхэлсэн. Оюутан наснаасаа өдий хүртэл гэхээр 40 гаруй жил эдгээрийг цуглуулжээ. Олж авахын тухайд хот, хөдөө гээд энд тэндээс цуглуулдаг. Мөн гадаадаас ч олж ирсэн хэдэн юм байгаа. Аль болох л монгол бичиг соёлынхоо төрөлжсөн цуглуулгад хэрэг болох зүйлсийг боломжоороо цуглуулахыг хичээдэг. Эхэндээ оюутнуудад заах жишээ олж авахын тулд цуглуулдаг байсан юм. Ингэсээр овоо ахиу болохоор нь ерөөс иж бүрэн цуглуулга болгоё гэсэн санаа төрсөн. Цуглуулгууд маань бүгд гар хийцийнх учир дахин давтагдашгүй. Эргээд харахад хэдэн зуун нэгж, жижиг сажигийг нь оруулбал хэдэн мянгад ч хүрэх зүйлс цуглуулжээ. Үзэсгэлэнд тавиагүй юм нэлээд байна. Ялангуяа, ном судар олон үлдсэн.

-Та цуглуулгуудаа эрэл хайгуулаар олдог гэсэн. Хэнээс сонсож, хаанаас олж авдаг юм бэ?

-Ахмадууд, нутаг нутгийн өвгөчүүдээс өгсөн мэр сэр зүйлүүд байдаг. Гол төлөв зах зээлээс олж авдаг. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2000-аад оны үед манай улсад эртний эдлэлийн дэлгүүрүүд олон байсан. Тэндээс нэлээд хэдэн бичгийн хэрэгслийн дурсгалт зүйл авсан. Сүүлийн үед нас ахиад, бас дэмжигчид цөөрөөд ч тэр үү, урам муутай болсон гэх үү дээ. Тиймээс сүүлд цуглуулгандаа нэмсэн юм цөөн байна. Гэхдээ миний цуглуулгад байхгүй, боломжийн үнэтэй зүйл байвал олж авсаар л байна.

-Таны цуглуулгад хамгийн ховор ямар эд өлгийн өв болон судар ном, бичээс байна вэ? Үүнийхээ үүх түүхийг хамтад нь ярьж өгөхгүй юү?

-Ховор нандин дурсгалууд олон бий. Тийм гээд их үнэтэй алт, мөнгөөр хийсэн нь байхгүй гэхэд болно. Чухам  яагаад ховор гэсэн бэ гэвэл монголчуудын 1000-аад жилийн өмнөх бичиг үсгийн түүхэн төлөв, бичгийн хэрэгслийн багцааг харуулах хэмжээний цуглуулга гэдгээрээ тэр. Цуглуулгад миний хувьд үнэтэй, нандин гэж тооцогдох хэд хэдэн юм бий. Жишээлбэл, эвэр зуруул байдгийг надад багш нар, өвгөчүүл гээд хэн ч хэлж өгөөгүй. Би өөрөө ч мэдээгүй, үзээгүй байсан. Гэтэл анхны эвэр зуруулыг шугамтайгаа хамт байхад нь олж, монгол хүн үхрийнхээ эврээр ором гаргаж, шугам татдаг зуруул хийсэн юм байна гэж мэдэж авсан. Энэ бол гайхамшигтай ховор эд зүйлд орно. Монголын ард түмэн юугаар юуг хийвэл зохимжтой вэ гэдгийг маш мэргэн мэддэг хүмүүс байсныг нотолж байна шүү дээ. Бас жижигхээн даавууны өөдсөөр хуруун чинээ номын хавчуурга хийсэн байдаг. Үзэсгэлэнд тавиагүй л дээ. Тэр бол монгол хүний ухаанаар бүтсэн гайхамшигт ховор эд. Судрын нэг хуудасны завсар хавчуулахад өөрөө автоматаар буудаг эд. Энэ бол Монголын ард түмний эдийн басхүү оюуны соёлын үнэтэй өв. Нэг үгээр хэлбэл, 10 төгрөгийн үнэ хүрэхгүй атал асар мэргэн ухаанаас хийсэн эд учир монголчуудын үеийн үед бахархууштай нандин дурсгал юм. Тэрнээс биш алтаар шараад хийчихсэн бэхийн хумх байна. Тэр бол миний хувьд тийм ч үнэтэй эд биш. Мартагдсан, байхгүй болсон дурсгалуудыг олж авсан нь миний бахархал. Монголын ард түмэнд хожим үнэтэй өв болж үлдэх ёстой гэж боддог.

-Гадаадаас олж ирсэн зүйл байгаа гэсэн. Хаанаас юу олж ирсэн байсан бэ?

-Өвөрмонголын зах зээлд дөрвөлжин үсгийн мөнгөний тасархай, бүтнээрээ хоёр янз байсныг олсон. Тэртээ 700 жилийн өмнөх цаасан дурсгал шүү дээ. Том хэрнээ бүтнийг нь авах гэтэл нэлээд үнэтэйгээс гадна дөрвөлжин үсэгтэй хэсэг нь бүдэг дарагдсан байсан юм. Тасархай нь арай хямд хэрнээ дөрвөлжин үсэг нь арай тод харагдаж байв. Ингээд тод тасархайг нь худалдаж авсан. Одоо ахиад олдохгүй учир маш үнэтэйд тооцогдоно. Тэр үедээ ч чамгүй үнэтэй байсан. Гадаадад ажиллаж гайгүй цалин авдаг байсны хүчинд гар татахгүй, нэлээн мөнгө зарж авсан даа.

-Та насаараа л бичиг үсэг, ном хэвлэлийн түүхийг судалж. Танд судлаагүй үлдсэн, хойч үеийн эрдэмтэн залуусдаа өвлүүлэн үлдээх сонирхолтой судалгаа, сэдэв байна уу?

-Сайн цуглуулга хийсэн учраас насаараа хийгээд ч барахгүй маш сонин сэдэв, маш содон эртний хэрэглэгдэхүүн олон байна. Иймээс яаж ийж байгаад хамгийн чухал ажлыг нь өөрөө хийгээд, арай хийж амжихгүйг нь залгаад авах залуу үеийн судлаач хүүхдүүдэд хэлж өгч үлдээх бодолтой байна.

-Таны цуглуулгад хамгийн эрт дээр үеийн ямар цуглуулга байна вэ? Хэдээс хэддүгээр зууны үеийн эд өлгийн зүйлс хадгалагдаж байна вэ?

-Олон зуун жилийн өмнө ашигласан зүйлс байдаг. Зарим нь 700-1000 жилийн өмнөх түүхийн бичиг үсгийн эд өлгийн дурсгалууд байна. Гэхдээ дийлэнх нь хожуу үеийн буюу 200-300 жилийн үед хамаарна. Миний бүх цуглуулгыг ерөнхийд нь 100 жилээс өмнөх гэж хэлж болно. Үзэсгэлэн монголчуудын 1000-аад жилийн бичиг соёлын үүх түүхийг цогцоор нь харуулна.

-Танд сонссон, дуулсан хэрнээ олж авч чадаагүй ямар цуглуулга байна вэ?

-Мэр сэр зүйл бий. Гүймэг бар байсан юм. Тэрийг би яг дарж байхыг нь нүдээр үзсэн. Харамсалтай нь олж авч чадаагүй. Өвгөчүүл хэрэглэдэг байсан учраас “Та энийгээ надад өг” гэж хэлэхэд эвгүй байсан. Өвгөн бурхан болчихсон учир хэрэглэж байсан эд нь хаана орсныг мэдэгдэхгүй өнгөрсөн дөө. Тэр бар дөрвөлжин хорол шиг бурхдыг сийлж, хашлага шахлагад хийн бурхан барладаг эд юм. Энэ мэтчилэн олон зүйлс байгаа. Мэргэн өвгөдийн бүтээсэн бичиг үсгийн чухал дурсгалуудыг ирээдүй хойчдоо үлдээж, таниулах нь миний үүрэг юм даа.

Сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. Цуглуулга нь улам арвижих болтугай.

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж