Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

О.Алтангэрэл /Хуульч/

Даяаршиж байгаа дэлхий ертөнцөд мэдээлэл олж авахад амархан болсон. Гэвч үнэн бодит, үр ашигтай мэдээллүүдийг элдэв хэрэгггүй мэдээлэл дундаас ялгаж авах үйл явц нь өдөр ирэх тутам бэрхшээлтэй болсоор л байна.

Манай улс хөгжиж буй орныхоо хувьд гадны туршлага, ололт амжилтуудыг хамгийн ихээр сонирхож буй. 70 жилийн турш огт өөр тогтолцоогоор явсан бид ийм байх нь ч аргагүй биз. Аливаа асуудлыг ярихдаа Америкт ийм байдаг, англичууд бол ингэдэг, япончууд бол ингэнэ дээ гэх зэргээр жишээ баримт татна. Заримдаа бүр Африкт яг ингээд буруутсан, Бангладешт яалаа даа, Чилид бол ингэхгүй ээ гэлцэнэ. Аль болох олон гадаад үг яриандаа оруулж, олон орноос жишээ татаж ярьсан хүн боловсролтойд тооцогдох болжээ.

Гэтэл эдгээр хүмүүсийн дунд эс мэдэх ч мэдэмхийрдэг, өөрсдийнхөө төсөөллийг баримтжуулж ядахдаа гадаад улсын нэр барьж жишээ татдаг, эсхүл хүнээс там тум сонссон зүйлээ өөрөө баяжуулаад ярьчихдаг их мэдэгчид олон байна. Худал үгийг мянга давтахаар үнэн болдгийн жишгээр тэдний яриа олон давтагдсаар нийгмийн сэтгэл зүйд хоногшино. Энэхүү сэтгэл зүйд тулгуурласан бодлого, шийдвэр гарна, үйл ажиллагаа явуулна. Үр дүн нь мэдээж эсрэгээр.

2008 оны долоодугаар сарын 1-ий үйл явдлын дараа бусдын эд хө­рөн­гөд халдсан, галдан шатаасан, хулгай, дээрэм тонуул хийсэн иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдсан. Гэмт хэрэг гэдэг бол заавал эрүүгийн хариуцлага хүлээх ёстой зүйл байтал үүнийг дан ганц сонгуультай холбон тайлбарлаж бүгдийг нь суллах ёстой, гадаадад бол ингэдэггүй юм гэх их мэдэгчид олноороо гарсан. Тэдгээр гэмт хэрэгтнийг шүүн таслах явцад зарим нэг шүүмжлэлтэй зүйл гарсныг үгүйсгэхгүй, гэхдээ л түмний нүдэн дээр дээрэм тонуул хийж, архи ууж танхайран бусдын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдагсад хариуцлагаа хүлээх нь шударга ёсод нийцнэ.

Саяхан манайхны их мэдэгчдийн өндөр хөгжилтэй, ардчилалтай, соёлтойг нь гайхаад байдаг Англид эмх замбараагүй байдал үүслээ. Хэд хэдэн хотуудад залуус цуглаан хийж, бусдын эд хөрөнгийг галдан шатааж, архины дэлгүүр тонон хөлчүүрхэж, хулгай дээрэм хийв. Цөөнхийн болон арьсны үзлээр ялгаварлахын эсрэг тэмцсэн цөөхөн хүн, хулгай дээрэм хийж танхайрсан хэдэн зуун хүн. Өнөөдөр Английн шүүх хууль зөрчсөн иргэддээ хариуцлага хүлээлгэж байна. Ихэвчлэн дөрвөн жилийн хорих ял! Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нээлттэй, гэхдээ тэрхүү эрхээрээ далимдуулан бусдын эрхийг зөрчиж, гэмт хэрэг үйлдэж болохгүй. Францад болсон үймээний үеэр мөн л танхайрагсдад хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл манай их мэдэгчид “Өндөр хөгжилтэй, ардчилал хөгжсөн орнуудад жагсагчдад хариуцлага тооцно гэж байдаггүй” гээд байгаагүйсэн биш  билүү.

Манай цагдаа, хуулийн байгууллагын зүгээс хэрэг шалгахад түгээмэл учрах болсон бэрхшээл нь хэрэгт холбогдогсод байцаан шийтгэх ажиллагаанд зүйл бүрээр саад болох болсон явдал юм. Хэрэгт холбогдсон этгээд “Би очихгүй, очих шаардлагагүй гэж үзэж байна” хэмээн хэвлэлээр мэдэгдэнэ. Монголын цагдаа шүүхэд итгэхгүй байна гэж “томрох” ч энүүхэнд. Удаа дараа цагдаагийн хувцсын урж, мөрдсийг нь хуулж танхайрсан нэгнийг албадан саатуулахад их мэдэгчид “манайхаас өөр оронд бол ингэдэггүй, ардчилалд ийм зүйл байдаггүй” гэцгээнэ. Гэтэл Ардчиллын замыг сонгоод, дараа нь жүржийн хувьсгал хийсэн Украйнд шүүхийг үл хүндэтгэсэн явдалтай нь холбогдуулан Ерөнхий сайд байсан Юлия Тимошенког цагдан хорилоо. Ардчиллын үлгэр жишээ АНУ-д бол цагдаагийн биед хүрсэн этгээдийг буудах эрх ч байна.

Аль ч оронд засаглалын хэлбэрээсээ үл шалтгаалаад төрийн гүйцэтгэх ёстой үүрэг гэж бий. Юуны түрүүнд татвар төлөгч таны эрх зөрчигдөхөөс хамгаалах ёстой. Элдэв төрлийн гэмт хэрэг, олныг хамарсан эмх замбараагүй байдал зэрэг нь иргэдийн зүй ёсны эрхийг зөрчдөг тул түүнийг таслан зогсоох нь төрийн үүрэг. Үүргээ биелүүлэхийн тулд нийгмийн хэв журам сахиулах, шүүх хуулийн байгууллагууд гэсэн бүтцийг өөртөө агуулдаг. Энэхүү бүтэц хэврэгших тусам нийгэмд гэмт хэрэг, эмх замбараагүй байдал газар авна. Гэтэл манай их мэдэгчид энэ бүтэцрүү дайрч, элдвээр муучлах нь хэм хэмжээнээсээ хэтэрлээ.
Норвегид болсон аймшигт аллагын бараан сүүдэр өнөө ч арилаагүй байна. Гэтэл гэмт этгээд Брейвик гал нээж 92 хүнийг устгаж байхад цагдаа нь гартаа барих буу ч үгүй нүцгэн гараараа зогсоохыг оролдоод буудуулж. Иргэний нийгмийн төлөвшил, ардчилал хичнээн өндөр хөгжлөө ч хүний араатанлаг чанар, гэмт сэтгэхүй устдаггүйн бодит жишээ энэ.

Их мэдэгчдийн зовлон зөвхөн хуулийн салбарын хувьд ч биш эдийн засаг, эрүүл мэнд, уул уурхай зэрэг бүхий л салбарт ажиглагдаж байна. Тэгэхлээр бид их мэдэгчдийн амаар биш, бодит судалгаа, баримтад тулгуурласан мэдлэгийн түвшингээр аливаа асуудалд хандах цаг болжээ. Асуудлыг мэргэжлийн үүднээс төдийгүй шинжлэх ухаанчаар харж байгаа хэсгийн үгийг олон нийтэд хүргэх тал дээр сэтгүүлчид саань ч анхаармаар санагдана. Бүхий л салбарт ийм хүмүүс бий. Манай улсын эрх зүйн шинэтгэлийн үйл явц, бодит байдлын талаар ярьсан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б.Гүнбилэг гэгч залуугийн ярилцлагыг энд жишээ татмаар байна.

“Тоон үзүүлэлтийн хувьд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд 453 хууль бүртгэгдсэн байгаа ч эрх зүйн шинэтгэлийн хууль тогтоомжийг шинэтгэх үйл явц чанарын төвшинд хангалтгүй явагджээ. Давхардал, хийдэл, орхигдол, “эргүүтэл” гарсаар байна. Эрх зүйн ухамсрын төлөвшилд хүртэл сөргөөр нөлөөлсөн илт эрүүл бус шийдвэрүүд хүртэл гарч байв. Мөн хууль тогтоох, хуулийн гүйцэтгэлийг хангах, хууль хэрэглэх тогтолцоо, арга ажиллагааг шинэтгэх хүрээнд хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч хөдөө орон нутаг, хот суурин газрын ялгаатай хүчин зүйлийг төдийлөн бодолцоогүйн улмаас орон нутагт хуулийн гүйцэтгэлийг хангах, хууль хэрэглэх арга ажиллагааг шинэтгэх ажил хангалтгүй байна” хэмээн эрх зүйн шинэтгэлийн талаар түүний хэлсэн ийм оновчтой үгийг өөр хэнээс ч, тэр дундаа эрхэм хууль тогтоогчдоос сонсохгүй дээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж