Хараат бус байдал хэвлэл мэдээллийг дархлаатай болгоно

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Хараат бус байдал хэвлэл мэдээллийг дархлаатай болгоно

Хараат бус байдал хэвлэл мэдээллийг дархлаатай болгоно

Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр /2018.05.03/ “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа.

Форумыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээж, үг хэллээ. Тэрбээр “Монголын сэтгүүлчдийн эвлэл нь юуны өмнө хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шанг татаж, шавийг нь тавьсан азай буурлуудаас өгсүүлээд халааг нь авсан дунд үе, өнөөдөр ид уран бүтээлээ туурвиж байгаа залуу үеийн сэтгүүлчид үндэсний форумдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид Үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай. Тиймээс ч эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байгаа юм” гэж онцоллоо. “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд амжилт хүсч, Монгол  Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлснийг хэвлэлийн албаны дарга нар танилцуулж, Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчид гардуулж өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. 

Мөн тус форумд хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд оролцлоо. Хэлэлцүүлгийн гол зорилго нь сэтгүүл зүйн салбарынхан өнгөрсөн 105 жилийн түүхээ эргэн санаж, өнөөдөртөө дүгнэлт хийж ирээдүйн бодлогоо тодорхойлоход чиглэсэн юм. 

Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жил, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр News агентлаг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөлөөр шагнуулсныг  Нийслэлийн Засаг дарга С.Батболд гардуулан өгсөн юм.

 

Энэ үеэр хэвлэлийн эрх чөлөө, ёс зүй ил тод байдлын талаар сэтгүүлчдийн байр суурийг сонслоо. 


Сэтгүүл зүйн үйл ажиллагаа бол их өвөрмөц юм

Доктор Ж.Батбаатар

МУБИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор Ж.Батбаатар:

-Сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг бид өнөөдөр ярих ёстой. Сэтгүүлчдийн ёс зүйн алдаа хоёр хүчин зүйлээс болж гардаг. Учир нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа бол их өвөрмөц. Тэр нь юу гэхээр сэтгүүлчид байнга цагийн дарамтад, цаг хугацаатай уралдаж ажилладаг. Тэдэнд хийж буй мэдээллээ магадлан шалгах цаг хугацаа давчуу байдаг. Ийм учраас ёс зүйн алдаа гардаг. Нөгөө талаас сэтгүүлчдийн ур чадвараас шууд хамааралтай. Аль эсвэл баримтаа шалгаагүйн улмаас алдаа гаргах тохиолдол бий. Дэлхий дахины түвшинд харьцуулаад үзвэл Монгол улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд ордог. Ардчиллын салшгүй чухал хэсэг нь хэвлэл мэдээллийн хараат бус байдал. Тийм учраас цаашид яавал чөлөөт хэвлэлтэй байх вэ, хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт аль аль талдаа анхаарах ёстой.

Эрэн сурвалжлах сэтгүүлчид бид нар хүндрэлтэй нөхцөлд ажилладаг

О.Сайханцэцэг сэтгүүлч

Сэтгүүлч О.Сайханцэцэг:

-Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчид бид нар хүндрэлтэй нөхцөлд ажилладаг. Тухайлбал, эх сурвалжаа нууцлах, баримтаа магадлан шалгах гэх мэт. Сүүлийн үед сэтгүүлчдийг тагнасан чагнасан, дарамталсан гэх үндэслэлээр шалгаж байгаа асуудал яригдаж байна. Мөн зөрчлийн тухай хуульд сэтгүүлч нарыг торгох заалт орж ирсэн. Энэ хууль нь бидэнд мэдээ мэдээлэл бэлтгэх, олж авах эрхийг хааж боосон үйл ажиллагаа болж байна. Миний хувьд сэтгүүл зүйн салбарт долоо дах жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллагад таван удаа дуудагдсан байдаг.

Бид хүлээх хариуцлагаа хүлээнэ, эдлэх эрхээ эдэлнэ

Б.Галаарид

МСНЭ-ийн ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Б.Галаарид:

Сэтгүүлч бол давуу эрхтэй байх ёстой гэдэг ойлголт яригдаад байна. Бид мэргэжлийн түвшинд баталгаатай мэдээлэл түгээж чадах юм бол зөрчлийн хуулиар ямар нэгэн асуудал үүсээд байхгүй. Сэтгүүлчдийн хамгийн том алдаа бол мэргэжлийн ур чадварын алдаа байдаг. Баримтыг дэлгэж тавих байтал сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэх мэт алдаа гаргаж байна. Бид хүлээх хариуцлагаа хүлээнэ, эдлэх эрхээ эдэлнэ. Ийм л зарчмын дагуу ажиллах хэрэгтэй. Үүнд хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлыг хуульчлах зайлшгүй шаардлага байгаа. Олон улсын сэтгүүл зүйн баг, туршлагатай улс орнуудын жишээг ажиглахад хоёр зүйл харагддаг. Ерөнхийдөө ёс зүйн асуудлыг хэзээ ч хуульчилдаггүй. Хоёрдугаарт хараат бус байдлыг заавал хуулиар баталгаажуулж өгдөг. Ингэсний үр дүнд хэвлэл мэдээллийн байгууллагад дархлаа бий болдог. Манайд гэвч тийм практик хараахан бүрдээгүй байна.

“Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана

МНСЭ-ийн ерөнхийлөгч Х. Мандахбаяр

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:

-Юуны өмнө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчид, ахмад буурлууд идэвхтэн бичигч нартаа энэ өдрийн мэндийг хүргэмээр байна. Өнөөдөр хэвлэлийн хараат бус байдал, эрх чөлөө ярихын тулд хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийж, сэтгэлгээний хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн хөтөлбөр 50 хувь, санхүүжүүлэлт 50 хувь гэдэг шинэ зарчмаар ажиллах шаардлагатай. Бид салбарынхаа санхүүжилтийн асуудлыг орхигдуулснаар салбарын хөгжил цаашид хөгжин дэвшихэд тодорхой хэмжээгээр чөдөрлөсөн байна гэж үзэж байна. Шинэ үзэл санаагаар улсын төсөв, орон нутгийн төсөвт тодорхой төсвийг суулгаж салбарын санхүүжилтийн асуудлаа шийдье гэдэг асуудлыг ярилцаж байгаа.

Энэ өдөр эрх чөлөөгөө дээдэлдэг хүн бүрийн хувьд чухал өдөр юм

 Сэтгүүлч Ш.Адьяамаа

 Сэтгүүлч Ш.Адьяамаа:

-Энэ өдөр зөвхөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынханд хамаатай бус, эрх чөлөөгөө дээдэлдэг хүн бүрийн хувьд чухал өдөр юм.  Сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэх замд зөрчлийн хууль том саад болж байна. 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн гүтгэх хэмээх 6.21-р зүйлээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой 49 хэрэгт 98 сая төгрөгний торгууль тавьсан байна. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлсэн аймшигт тоон баримт. Түүнчлэн 2006 оноос хойш сэтгүүлчийн гэр бүлийг нь сүрдүүлсэн, дарамталсан 20 тохиолдол гарсан байдаг. Тиймээс энэ хуулийг эргэн хараасай гэж хүсмээр байна. 

 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж