Олимпийн хорооноос Лондоны олимпийн цэнгэлдэх хүрээлэн хоорондын шинэ нүхэн гарцыг хийх болсон талаар өмнө нь хэвлэлүүдээр мэдээлж байсан. Харин уг нүхэн гарц нь хоорондоо метрогоор холбогдсон байх бөгөөд олимпийн үеэр үзэгчдийг үнэ төлбөргүй хүргэж, үйлчлэх болсон талаар холбогдох албаныхан мэдэгдсэн. Нүхэн гарцыг өөрөөр “Шинэ суваг” хэмээн нэрлэсэн билээ. Энэхүү шинэ суваг нь 336 хэсэгтэй, тус бүр нь 25 метрийн өндөртэй, 2.5 метрийн өргөнтэй аж. Их Британы Олимпийн хорооны гүйцэтгэх захирал Лорд Жой “Манай улсын зүгээс дэлхий нийтэд шинэ технологийг нэвтрүүлсэн, илүү том хэмжээний цэнгэлдэх хүрээлэнг барьж дуусаж байна. Урьдчилсан тооцоогоор нийт цэнгэлдэх хүрээлэнд 486 сая евро зарцуулсан. Гол цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах байдал бялуу шиг хэлбэртэй байх болно” гэжээ. Мөн тэрбээр “Одоогийн байдлаар ажил бараг дуусах тийш хандаж байна. Гэхдээ ирэх оны хоёрдугаар сарын дундуур тендер зарлах бодолтой байгаа. Уг тендерт ялсан байгууллага “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийг хийх бөгөөд нээлтийн үеэр уг бүтээлийг олон нийтийн өмнө дэлгэх болно” гэсэн юм.
Тасалбарын хувьд ирэх сарын 9-30-ны хооронд цонх нээгдэн онлайнаар захиалж, төлбөрөө хийх боломжтой болох аж. Лондоны олимпийн энгийн зоны тоглолтууд 20 еврогоос эхлэх бөгөөд тойргийн тоглолт дуусаад медалийн төлөө тоглолтуудын үнэ хоёр дахин өндөр байна хэмээн албаны хүмүүс мэдэгджээ. Лондоны Олимпийн хорооноос тогтоосон энэ үнэ өнөөгийн зах зээлд яг тохироч, олон үзэгчийг цуглуулах бодлого баримталж байгаа аж. Сар тутамд тасалбарын цонх нээгдэх бөгөөд энэ хугацаанд захиалга өгсөн хүмүүсийн тасалбарыг цэгцлэх юм байна. Мөн 16-аас доош насныхан хагас үнээр үзэх боломжтой бөгөөд биеийн байцаалтаа авч явж, нотолгоо болгох талаар Их Британы Олимпийн хорооноос анхааруулж байгаа билээ.
Тамирчдыг орон орноор нь байрлуулах нэгдсэн нэг байр бэлдэж байгаа. Тэмцээний өмнө тоглолт болох газрын цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэлийн газарт хүрэлцэн ирэх, тоглолтын нарийвчилсан цагийн хуваарь зэргийг гаргасан. Энэ талаар албан ёсны сайтаас мэдээлэл авах боломжтой аж. Гэхдээ энэ нь тухайн орны тамирчидын бүртгэл албан ёсоор дууссаны дараа хийх ажлын нэг хэсэг юм байна. Эцсийн байдлаар нэрсийн жагсаалт өгсөнөөр тамирчин болгонд тусгай код өгч, өөрсдийн мэдээллийг, хаана яваа байршил, хэзээ, хаана байх ёстой гэх мэт мэдээллийг Олимпийн хотхонд хаа сайгүй байрлах мэдээллийн самбараас харах боломжтой шинэ технологийг нэвтрүүлэх болсон талаар www.london2012.com сайт мэдээлэв.
Аюулгүй байдлын тал дээр онцгой анхаарал хандуулах болсон талаар холбогдох албаныхан мэдэгдсэн. Мөн энэ тал дээр сүүлийн хоёр долоо хоногт Дэлхийн Олимпийн хорооноос анхааруулга өгчээ. Лондоны олимпийн үеэр хүчний байгууллагууд ээлжгүй ажиллах бөгөөд төлөвлөж байснаас хоёр дахин их хүч зарцуулахаар болсон талаар BBC агентлаг өнгөрсөн сард мэдээлж байв. Ямартай ч дэлхийн эв, нэгдэлийг илэрхийлсэн урьд урьдний олимпийн үеэр нэг ч террорист халдлага болж байсан удаагүй. Энэ удаа ч тийм аймшигт зүйл болохгүй гэдэгт дэлхий нийт итгэлтэй байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байгаа билээ.