Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Швейцар-1954

Швейцар-1954

Хөлбөмбөгийн ДАШТ 3 дахь удаагаа Европ тивд зохиогдлоо. Энэ удаа ДАШТ-нийг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Швейцар улс хүлээн авсан бөгөөд 1954 оны дэлхийн аваргыг зохиох эрхийг 1951 онд олж авсан юм. Швейцарчууд ДАШТ-нийг 1954 оны 6 сарын 16-аас 7 сарын 4-ний хооронд 6 хотын 6 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. 1954 оны ДАШТ-нд Ази тивээс Турк болон Өмнөд Солонгос, Европ тивээс Британий харъяа Шотландын шигшээ багууд анх удаагаа орсон бол 1950 оны ДАШТ-нд оролцох эрхээ хасуулаад байсан Германы шигшээ баг эргэн ирсэн юм. Баруун Германы эргэн ирэлтээ гайхалтай хийж Берн хотноо Ф.Пушкаш тэргүүтэй Унгарын шигшээ багийг 3-2 харьцаатай буулган авч анхны дэлхийн аваргын цомоо хүртсэн байдаг. Анх удаагаа тоосоо өргөсөн багуудаас Туркийн шигшээ баг 1 хожил авч дэлхийн аваргын анхны оноогоо авсан бол Шотланд, БНСУ-ын шигшээ багууд ганц ч хожил авч чадалгүй анхны дэлхийн аваргаа өндөрлүүлж байсан юм.

1954 оны ДАШТ-ний финалын Унгар-Германы тоглолт

ДАШТ-ний хасагдах шатанд Герман, Югослав, Австри, Швейцар, Унгар, Англи, Бразил болон Унгарын шигшээ багууд шалгарсан. Энэ удаагийн ДАШТ-нд Унгарын шигшээ баг маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй оролцож ганц ч хожигдол болон тэнцээ авалгүй шигшээ шатанд шалгарсан. Хэсгийн шатанд Германыг 8-3 харьцаатай буулган авч байсан бол шигшээ тоглолтонд 3-2 харьцаатай хожигдсон. Шигшээ тоглолт Берн хотын “Wankdorf” цэнгэлдэх хүрээлэнд болж тоглолтын 1-р үед хоёр багаас хоёр хоёр гоол орсон. Тоглолт эхлээд ердөө 8 минутын дотор Унгарын багаас Ф.Пушкаш болон З.Цибор нар гоол оруулсэн. Энэ бол Унгарын багийн шигшээ тоглолтонд оруулсан сүүлийн гоол байсан юм. Тоглолт эхлээд л 2 гоол алдаж хүнд байдалд орсон Германы шигшээ баг маш хурдан тоглолтыг эргүүлж чадсан. М.Морлак 10 дахь минутанд багийнхаа эхний гоолыг оруулсан бол Х.Ран 18 дахь минутанд тэнцээний 84 дэх минутанд хожлын гоол оруулснаар Германы шигшээ баг анх удаагаа дэлхийн аварга шалгуулах тэмцээнд түрүүлж байсан.

Ийнхүү Германы шигшээ баг анх удаагаа дэлхийн аваргын медаль хүртэхдээ шууд алтан медаль хүртсэн бол Унгарын шигшээ баг 1938 оны ДАШТ-ний амжилтаа давтаж хоёронтоо мөнгөн медаль хүртсэн. Харин Австрийн шигшээ баг хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга Унгарын шигшээ багийг 3-1 харьцаатай хожиж анх удаагаа хүрэл медаль хүртэж байжээ.

Швейцар-1954 ДАШТ тоон хэлээр:

  • 4: тэмцээний үеэр орсон авто гоолын тоо.
  • 6: тэмцээн Берн, Лозанн, Базель, Цюрих, Лугано болон Женев гэсэн 6 хотын 6 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан.
  • 11: тэмцээний мэргэн буудагч Унгарын Ш.Кочишийн оруулсан гоол
  • 16: Европ тивэээс Австри, Англи, Баруун Герман, Бельги, Итали, Унгар, Франц, Чехословак, Швейцар, Шотланд, Югослав, Ази тивээс Өмнөд Солонгос, Турк, Америк тивээс Бразил, Уругвай, Мексик улсууд оролцсон
  • 26: тэмцээний турш нийт 26 тоглолт болсон
  • 140: тэмцээний турш орсон гоолын тоо. Нэг тоглолтонд дунджаар 5.38 гоол орсон

Финалын тоглолт болсон Берн хотын цэнгэлдэх хүрээлэн

Аваргын алтан медаль хүртсэн Германы шигшээ багийн ахлагч Ф.Вальтер болон дасгалжуулагч З.Хербергер

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж