Ядуусаа өөд нь татвал ядарсан цагт аминд орж мэднэ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Ядуусаа өөд нь татвал ядарсан цагт аминд орж мэднэ

Хятадын тэргүүн баян Чоу И Мин 69 мянган ам.доллар хувьдаа завшсан учраас бүх насаараа хоригдох ял авчээ.

Бас хэдхэн хоногийн өм­нө Шанхай хотын тэргүүн баян 605 сая ам.долларын хө­рөн­гөтэй Жан Ронкун Нийг­мийн даатгалын санаасаа мөн­­гө завшсан хэргээр баривч­лагджээ. Хятадын ядуус баяр­лаж байна гэдэг тоймгүй.

Монголын тэрбумтан “На­рантуул” олон улсын худал­дааны төвийн эзэн Ш.Сай­хансамбууг 10 тэрбум төгрөг татвараас нуун дарагдуулсан хэргээр саатуулав. Монголын ядуусын хөл газар хүрэхгүй баярлаж байгааг нь ээ. Одоо л хууль үйлчлэх нь хэмээх баясаж, баячуудыг ч гэсэн хорьж шал­гаж байгаа цагдаагаа барьж авч үнсэх нь холгүй хөөрнө. Хоногийн хоолгүй өлсгөлөн атлаа Ш.Сайхансамбууг хориг­до­ход сайн санаат хүн үмх хоол­ны мах бариад ирсэн юм шиг сэтгэл цадаад амгалан нойр­соно.

1917 оны Октябрийн хувьс­галаар Оросын сэтээтнүүд, баячууд орох газаргүй болж, эх орноосоо дүрвэж билээ. Харин Монголын хувьсгал баячуудаа буудаж алаад дуусгасан. “Бу­шуу­хан хороохгүй бол зугтаад явчихдаг юм шүү” гэж гашуун туршлага хуримтлуулсан орос ах нар нь сайтар зөвлөсний хү­чинд энд нь дарж авсан түүхтэй. Гэдэс өлсгөлөн, бас дээрээс нь тархи өлсгөлөн байхын зовлон хэцүү. Ядаж л улс орон амар тайван байх нь ховор. Элдэв төрлийн гэмт хэ­рэг олшрохоос гадна өөрт юу ч үгүй үгээгүйчүүд баян цатгалан яваа нэг­нийхээ хоолыг булаах гэж оролдох нь энүүхэнд. Нийгэмд ядуурал ихсэх тусмаа баячуудыг  яллаж, тэднийг дарж авах хүсэл оргилдог байна. Идэх хоолгүй өмсөх хувцасгүй ядуус үзэл бодлоо нэгтгэж аваад хувьсал хийчих гээд зовоох. Манай ний­гэм яг өнөөдөр тийм байдалд байгаа. Чадахнаа тэднийг цуглуулж тур­хирдаг, түүгээрээ албан тушаал олж, цол хэргэм хүртэхийг хүсэгчид олширсон цаг.

Монголын ядуурлын түвшин хүн амын 40 хувийг хол давж гэнэ ээ. Ашгүй нэг Засгийн газарт хэлж ярих юм олдов бололтой. Ядуурлын эсрэг дайн зарлаж түүнтэй байлдаж тулалдах юм байх. Гоё үг. Гэдэс өлсгөлөн яваа хэнд ч хоол болмоор сай­хан үг. Гэвч өнөөр гоё үгийг нь сонсож, сонгуулиас сонгуулийн хоо­ронд түүгээр нь хооллож явах учир­тай ядуусынх нь чихэнд даанч үл хүрнэ. Тэдэнд төрийнхөө үгийг сонсч дарга нараа харах телевизор байх­гүй. Бас сонин унших мөнгө байх­гүй. Бүр зарим нь бичиг үсэг мэдэхгүй. Тэгэхээр одоо яах вэ. Хаа ха­маагүй хог ухаж дэмий тэнэж явснаас хаа нэгтэй жагсаал цуглаанд оролцож хэд гурван төгрөг олох ашигтай байл­гүй яана аж. 

Ажаад байхад гадны байгуул­лагууд л манай ядуусыг тэтгээд байх юм. Христосийн шашинтнууд олон арваараа ирж, тэнэмэл хүүхдүүдийг хооллож ундлан, адгийн архичдыг үнэгүй эмчилж байна. Сайн дураа­раа Монголд ирээд орон гэргүй хүүх­дүүдэд байшин барьж, хичээл ном зааж явсан швейцарь эмэгтэй хэдхэн хоногийн өмнө тэр хүүхдүүдийнхээ төлөө амиа алдлаа. Гэтэл бид өөрсдөө юу хийж гавилаа даа. Өнгөрсөн зу­ны наадмаарсан. Их Монгол Улс бай­гуулагдсаны 800 жилийн ойн хү­­рээнд гадаадаас олон зочин ирнэ, улс орон гутаана гээд Бөмбөгөр, Нарантуул, Хархорин, Галт тэрэгний буудал орчмын архичин, гуйлгачдыг “далд хийчхэж” билээ. Түлээ зом­гол аятай баглаж хүлээд вагонд ачаад Багахангайн архины албан эмчил­гээний газар хашсан. Тэд юу л удаа аж, тэгэсхийгээд явган, нүцгэн оргож  бо­соод буцаад ирсэн гэнэ лээ.

Өдөр ирэх тусам Монголд бая­чууд олшрох боллоо. Энэ бол чи­хэнд чимэгтэй “хорхой хүрэм” мэ­дээ. Баячууд олон тусмаа сайн. Тэд нийгмээ араасаа чирээд явах учиртай. Ядаж л татварт орох хэд нь өсч нийгмийн баялаг арвижна гэсэн үг. “Урагшгүй ноёнд ухаангүй албат”  гэгчээр тэд маань ядуусаа өөд нь татах ухаанаа олохгүй. Үүнийг уншаад зарим нь “Бид яалаа гэж тэр муусайнуудыг тэжээх ёстой юм бэ” хэмээн уурлах биз. Тэжээх ёсгүй ч харж үзэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ өөрс­дийнхөө аюулгүй байдлыг хан­гаж чадна. Сүхбаатарын талбайд жагсч байсан ядуус Дуурийн театрын урд орших “MCS”-ийн барьж буй ба­рилга руу дайрч барилгачин хята­дуудын хоолны махыг ханцуйлж байс­ныг санаж байгаа биз дээ. Гэдэс өлс­гөлөн, тархи өлсгөлөн хүмүүс уур нь хүрвэл энэ байтугай юм хийнэ. Тий­мээс тэдгээр ядуусаа жаахан ч гэсэн аргадаж байхгүй бол горьгүй ээ. Хэрвээ тус компани хааяа ч гэсэн ядуусыг хооллочихдог байсан бол арай өөр компанийн объектыг тэд сонгох байсан биз. Барилга, дэлгүүр, ресторан гэх зэргийн бизнес эрхэлж байгаа хүмүүс бараа бүтээгдэхүүн болон орлогоосоо байнга хумслуулж байгаа. Уут сав барьсан хулгайч гад­наас нь хүрээд ирдэг юм биш. Дотор нь ажиллаж байгаа ажилчид хэд гурваар тоншдог нь бараг хууль болж. Эзэн нь үүнийг мэддэг атла хүл­цэнгүй тонуулах. Орлогын 20 ху­вийг ажилчиддаа хулгайлуулж бай­гаагаа “хэвийн үзэгдэл” хэмээн ярих хүн ч бий. Үүнээс яаж ангижрах вэ. “Угаадсыг нь ахиухан өгөөд уяаг нь холхон тавь” гэдэг шиг цалинг нь ахиухан өгөөд бас бус зүйлээр харж үздэг бол тэгнэ гэж үү. Хатуурхах ту­сам шазуур зуудаг муухай монгол зан бий шүү дээ.

Өдгөө нийслэлийн гудамжинд орц, траншейнд хэдэн мянган хүн хо­ноглож яваа. Тэд очих газаргүй. Гэ­тэл Америкт 1850-иад оны үеэс ядуусыг хоноглуулдаг газар бий болжээ. Сураг сонсвол хэдэн баячууд нийлээд анх Чикаго хотод тийм буяны газар байгуулсан гэнэ. Орой болмогц хаанаас гараад ирснийг нь мэдэхгүй өлсгөлөн ядуус хонох өрөөнд дугаарладаг байж. Эцэстээ бүх хотод тийм газар байгуулагдаж, халуун усанд оруулдаг, эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг ч хийдэг болсон юм байх. Тийм газар “АПУ”, “Спирт бал бурам”, “MSC” гээд томоохон ком­паниуд нийлээд тийм газар ба­ри­вал буян гэдэг тэр болно. Бас ашигт малтмалын компаниуд ч үүнийг сэдэж болох. Тэртэй тэргүй Мон­голын хөрсөн доорх баялгийг зөөж баяжиж байгаа юм чинь ядууст нь зо­риулж буяны газар байгуулаад өг­вөл ядаж л уурхай руу нь дайрахаа болино шүү дээ.

Гадны оронд алдар цуутай баян тансаг хүмүүсээ хаа нэг танхайрах төдийд нийгэмд тустай ажил ал­ба­дан хийлгэдэг юм билээ. Архи ууж гудамжинд агсам тавьсныг нь архины эсрэг нэвтрүүлэг хийлгэх, ухуулах хуудас тараалгах гэх мэтээр эвтэйхэн шоглоод авна. Тэгвэл ма­найд татвараас орлогоо нуусан, хууль бусаар газар авсан, тендер будлиулсан компаниудыг ядууст өг­лөг тараах шийтгэл ноогдуулж бо­лохгүй гэж үү. За тэгээд даатгалын газ­руудыг дампууруулах гэж шахаад байгаа шарын шашны сүм хийдүүд ч ядууст гараа сунгаж яагаад болдоггүй билээ. Хүмүүс амь нас, эд хөрөнгөө даат­галын компанид биш Гандан, Дашчойлин, Гэсэр сүмд даатгаж бай­гаа нь үнэн. Хэдэн жилийн өмнө  даат­галын компанид зөвлөхөөр ир­сэн ноён Адомс гуай “Монголчууд даатгалын компанийн үүдэнд биш ламын үүдэнд дугаарлаж байна. Манай оронд машин, шинэ байр авсан хүмүүс юун түрүүнд  даатгалын компанийг зо­ри­дог бол танайхан лам авчирч будаа цацуулах юм” гээд толгой сэгсэрч билээ. Загалмайтнууд ядуус болон бусдад өглөг өгч байж сая буян хийдэг байх жишээтэй. Христосийн шашин сүсэгтнээ өөрөө хайж дэлхийгээр тэнэж байж олж авч байна. Гэтэл буддын шашны сүсэгтнүүд нь өөрс­дөө бэдэрч олоод тахин шүтэж байх юм. Менежмент нь ийм өөр. Энэ хоёр шашин үүсэхдээ ч огт өөр байдалд бий болсон ажээ. “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” гэсэн уриатай лам, хуврагууд нэг өдрийн өргөлийн орлогоо ядуусын хоолонд зориулахад болохгүй юу байна.

Эцэст нь хэлэхэд “Агуу ухаант­нууд төр барьж байхад ард түмэн амгалан байдаг. Харин адгийн тэнэ­­гүүд төр барьж байхад ард тү­мэн үймж байдаг” гэж Хятадын гүн ухаант­ны үг бий. Үнэхээр агуу ухаант­нууд төр барьж байгаа бол ядуу доодсоо тэтгэж, нийгэм ам­га­лан байх­сан. Гэхдээ төр гэдэг хам­гийн муу менежер. Тиймээс ухаан сэргэлэн, өнгөтэй, өөдөлж дэвшиж яваа баячууддаа найдахаас өөр арга­гүй. Ядуусаа өөд татахгүй бол ягдаад ирэхээрээ аминд чинь хүрч мэднэ.

2006 он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж