Хоёр яамны Төрийн нарийны томилгоо гацаанд оржээ

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Хоёр яамны Төрийн нарийны томилгоо гацаанд оржээ

Хоёр яамны Төрийн нарийны томилгоо гацаанд оржээ

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт ‘Яам агентлагаар сонин юутай вэ’ буланг хүргэдэг. Энэ удаад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудлыг хөндлөө. 


МАН Засгийн эрх авснаас хойш хоёр жил, У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлснээс хойш найман сар гаруйн хугацаа өнгөрсөн ч албан тушаал тойрсон маргаан эцэслээгүй байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн тайлбарласнаар бол Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо гацаанд оржээ.

Энэ нь дээрх албан тушаалыг хашиж байсан хүмүүс нь шүүхэд хандаж, шийдвэр эцэслэгдээгүйтэй холбоотой аж. Тухайлбал, Засгийн газраас Төрийн албаны сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн, 2016 оны аравдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярсайханыг томилсон. Гэвч жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2017 оны долдугаар сард салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлжээ. Харин тэрбээр үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэн, шүүхэд хандсан байдаг.

Гэвч Засгийн газрын хуралдаанаас хоёр сарын дараа буюу 2017 оны есдүгээр сард Ж.Болормааг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон юм.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажлаа хүлээлцэхээс өмнө дээрх томилгоог хийсэн нь ‘Үүрэг гүйцэтгэгч Засаг яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо хийх нь хууль зөрчсөн үйлдэл боллоо’ гэдэг шүүмжлэлийг араасаа дагуулж байв. 

Төд удалгүй сарын дараа шинэ Засгийн газар бүрдсэнээр Ж.Болормааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан,с спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албанаас чөлөөлжээ. Үндэслэлийг нь Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилсон гэж үзсэн аж. Харин Ж.Болормаа шүүхэд хандсан. Хоёр маргааныг шүүх эцэслээгүй тул Засгийн газраас энэхүү албан тушаалд захиалга өгч, сонгон шалгаруулалт явуулах боломжгүй болжээ.

Иймээс тус яам Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчтэйгээр ажиллаж байна. Энэ албыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн залгуулж буй ажээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо мөн маргаан дагуулж, шүүхэд очсоноос хойш таван жилийн нүүр үзэж буй гэнэ. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатар үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж үзэн, 2013 онд шүүхэд хандсан юм байна. Гурван ч шатны шүүхээс түүнийг дээрх албанд нь буцаан томилох шийдвэр гарсан ч биелэгдэлгүй өнөөдрийг хүргэжээ.

Төрийн албаны зөвлөлийн даргын тайлбарласнаар УИХ-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг салган, бие даан ажиллуулах хуулийг эцэслэн баталсан нөхцөлд эл маргаан нэг талд гарах боломж бүрдэх аж.

Харин одоо тус яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Содномжамц давхар хашиж буй аж. Салбартаа тэрбээр олон жил ажилласан нэгэн юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж