АН-ын сөрөлт, МАН-ын өрөлт

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

АН-ын сөрөлт, МАН-ын өрөлт

АН-ын сөрөлт, МАН-ын өрөлт

Яг өнөөдөр У.Хүрэлсүх өргөстэй сандал дээр сууж байна. Кабинетынх нь сайдуудын зөрчилдөөн, сөрөг хүчний шахалт, шантааж, эсрэг хүчний довтолгоог тэр хэр удаан тэсч чадахыг мэдэхгүй юм.

Мэргэжлийн гэх тодотголтой, жил шахам ажилласан Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах нэг шалтгаан нь Шадар сайдаа тагнасан чагнасан гэх асуудал байв. Харин өнөөдөр яг ийм шалтгаар, сэтгүүлчдийг тагнасан чагнасан хэргээр Ц.Нямдоржийн, цаашлаад У.Хүрэлсүхийн суудал ганхаж эхэллээ.   

Нэр заасан хоёр сайдыг танхимаасаа явуулах эс бөгөөс хамтдаа огцрох хоёр сонголтыг Ерөнхий сайдад тулгаж буй сөрөг хүчний шахалтыг зөвтгөж бас буруутгаж болохгүй. Сөрөг хүчний хувьд улс төр хийх нь угаасаа л улс төрийнх нь нэг зорилго байдаг. Тэр утгаараа У.Хүрэлсүхийн намын болоод засгийн эсрэг хийж буй С.Эрдэнийн намын довтолгоон ирэх 2020 оны сонгуулийн эхлэл юм. Засаг муу байх тусмаа  сөрөг хүчинд ашигтай байх нь нэн ойлгомжтой.

Аль ч засгийн газраас явуулж байгаа бодлого ард иргэдэд зуун хувь таалагддаггүй. Адаглаад л 50 хувь нь Засгийн газрын бодлогыг шүүмжилдэг, буруутгадаг, ялангуяа сөрөг намынхны хувьд. Тиймээс Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэн “Танхимынхаа хоёр сайдыг явуулж чадахгүй бол засгаар нь огцруулна” гэдэг үг нэг талаар сүрдүүлэг боловч нөгөө талдаа сөрөг хүчин парламентад есүүлээ, эрх баригчид 65-уулаа.

Ардын засгаа огцруулж, АН-ын бах тавыг хангах уу аль эсвэл засгаа авч үлдээд, ажлыг нь шахаж шаардаж хийлгэх үү гэх сонголт олонхын бүлгийн 65-аас тэр тусмаа 32-ын албан бус бүлгээс хамаарна.

Засгийн газрын тогтворгүй байдал үүсгэх нь сөрөг хүчинд ашигтай бол эрх баригчдад ямар хэрэгтэй юм бэ гэж үү? Яг энэ асуултад яаж хариулахаас МАН-ын ирэх 2020 оны ялалт хийгээд эдийн засгийн реформ, улс орны хөгжил, тогтвортой байдал шийдэгдэнэ.

Үндсэндээ өнөөдөр У.Хүрэлсүхийн танхимаар, засгаар оролдох нь улсад болоод МАН-д ямар ч ашиггүй. Тэр тусмаа У.Хүрэлсүхийг Д.Хаянхярваагаар, Ц.Нямдоржийг Х.Нямбаатараар солиод нийлбэр дүнд  ямар нэг өөрчлөлт орохгүй.  МАН-ын гуравдугаар ээлжийнхэн л амаа тослохоос өөрөөр ашиг гарахгүй гэсэн үг.

У.Хүрэлсүх сайндаа ч биш, муудаа ч биш, яагаад засаг тогтвортой байх ёстой вэ. Монгол Улс өнгөрсөн 25 жилд 16 засаг байгуулжээ. Хэдийгээр эрх барьж байгаа намын бодлого, мөрийн хөтөлбөр нь сонгуулийн дөрвөн жилээр хэмжигддэг ч, дундаж засгийн газрын нас 1.6 жил байгаа нь Монгол буурай, монголчууд ядуу амьдарч буй топ нэг шалтгаан. Тийм учраас хэн Ерөнхий сайд байх нь чухал бус засаг тогтвортой байх нь Монголд хэрэгтэй болсон.

 Засгийн сайдуудын суудал ганхахад Монголын төрийн бодлого дагаад хямардаг,  У.Хүрэлсүхийг, үгүйдээ л Ч.Хүрэлбаатарыг огцруулснаар  ард түмний амьдрал сайжирчихгүй.  Хамгийн сайн засаг бол тогтвортой засаг. Засаг нь тогтвортой байвал бодлого нь тогтвортой байдаг. Бодлого нь тогтвортой байвал эдийн засаг нь тогтворждог, эдийн засаг нь тогтворжвол бизнесийн орчин тогтворждог.

 Эсрэгээрээ засаг нь унавал бодлого нь унадаг. Бодлого нь унавал эдийн засаг нь унадаг. Эдийн засаг нь унавал бизнесийн орчин нь хямардаг. Ийм л юм, эдийн засгийн гинжин урвал нь. Энэ гинжин урвалыг сэргээж чадвал ирэх 2020 онд МАН ялдаггүй юм аа гэхэд ямар ч байсан бүгдээрээ гудамжинд хөөгдөж гарахгүй нь лав. Товчхондоо, У.Хүрэлсүхийн засаг унавал Ардчилсан намд ашигтай. Ардчилсан намд ашигтай байна гэдэг ирэх 2020 оны сонгуулиар тэд эрх баригчид болох магадлал нь нэмэгдэнэ гэсэн үг. Иймээс Ардын засгийн хувь заяа Ардчилсан намын 9-өөс илүү эрх баригчдын эв нэгдлээс шалтгаална. Ийм л юм, улс төрийн нь үр дагавар нь.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж