Эмнэлгийн лабораториудыг илүү өндөр түвшинд ажиллуулж, чадавхжуулах шаардлага байна

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн лабораториудыг илүү өндөр түвшинд ажиллуулж, чадавхжуулах шаардлага байна

Эмнэлгийн лабораториудыг илүү өндөр түвшинд ажиллуулж, чадавхжуулах шаардлага байна

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Д.Ганболд, А.Ундраа нар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй танилцахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), түүний харьяа Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр ажиллалаа.

УНТЭ-ийн ерөнхий захирал Д.Очирбат эмнэлгийн үйл ажиллагаа, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд анх удаа хийснээс хойш өнөөдрийн байдлаар 154 хүнд бөөр, 48 хүнд элэг, 9 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байгааг онцлов.

Дараа нь УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй, ясны чөмөг, цусны үүдэл эсээс шилжүүлэн суулгах төвийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч Н.Оюундэлгэр, бөөр шилжүүлэн суулгах багийн ахлах, доктор Д.Баян-Өндөр, эд нийцэл, молекул генетикийн лабораторийн эрхлэгч Ж.Саранцэцэг нар өөр өөрсдийн ажил, үйлчилгээний чиглэлээр мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганаар баталсан. Хэдийгээр донорын асуудал шинэ дутам биш боловч, шинэ эрх зүйн орчиндоо хэрхэн нийцэж байгаатай танилцахаар газар нь ажиллаж байна. Хэд хэдэн асуудлыг анзаарч мэдлээ. Нэгдүгээрт лабораториудыг илүү өндөр түвшинд ажиллуулж, чадавхжуулах шаардлага байна. 2010 онд байсан лабораторийн төсөв 2018 онд хэвээрээ байгааг сая эмч нар хөндөж байна. Гэтэл эрхтэн шилжүүлсэн тоо нь хэд дахин нэмэгдчихээд байгаа. Хоёрдугаарт эрх зүйн шинэ орчин олон эмнэлэгт боломж нээсэн байна. Гэхдээ лабораторийн тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчний тоо хангалтгүй байна.  Тиймээс эмнэлгүүдийг зэрэг зэргээр нь хөгжүүлэх, зарим эмнэлгээ төрөлжүүлэх, эсвэл нэгдсэн нэг төвтэй байлгах уу гэдгийг УИХ, Засгийн газар анхаарах хэрэгтэй болсон байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, А.Ундармаа монгол эмч нар маань дэлхийн түвшний шинжилгээ, эмчилгээ хийж, олон хүнд аз жаргал бэлэглэхийн зэрэгцээ тэдний ар гэрт санхүүгийн дарамт учруулж байгаа гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг бууруулж байгаад нь талархал илэрхийлээд, тулгамдаж буй бэрхшээлүүдийг арилгах, ялангуяа эм тариа, урвалж бодис, техник, тоног төхөөрөмжийн тендертэй холбоотой цаг алддаг хүндрэлийг шийдвэрлэхэд нэн даруй анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын дараа УНТЭ-ийн цус болон ясны чөмөг шилжүүлэн суулгах нэгж, эд нийцэл, молекул генетикийн лаборатори, эрхтэн шилжүүлэн суулгах төвөөр орж, эдгээр нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанартай танилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж