Польш улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Польш улсын шигшээ баг

Польш улсын шигшээ баг

  • Дасгалжуулагч: Адам Навалка
  • Багийн ахлагч: Роберт Левандовский
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Михал Жевлаков 102 тоглолт
  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Роберт Левандовский 52 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 10
  • ДАШТ-нд оролцсон тоо: 7 удаа оролцсон
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1974, 1982 онуудад хүрэл медаль хүртсэн

Москва хүрэх замд:

Польшийн шигшээ багийн алтан үе бол 1970, 1980-аад он юм. Энэ үеийн Польшийн шигшээ баг ДАШТ болон Олимпийн дэвжээнд өндөр амжилт үзүүлж байсан. Тухайлбал, 1972 оны олимпийн наадамд мөнгөн медаль, 1976 оны Монералын олимпод мөнгөн медаль хүртэж, 1974, 1982 оны ДАШТ-нд хүрэл медаль хүртэж байсан юм. Харин сүүлийн жилүүдэд ДАШТ-нд оролцож чадахгүй байсан бөгөөд хамгийн сүүлд 2006 оны Германд болсон ДАШТ-нд оролцож байсан. Тэгвэл энэ жил Оросыг зорих эрхээ авч чадсан.

Польш улс 2018 оны ДАШТ-ний сонгон шалгаруулалтын Европын бүсийн Е хэсэгт Дани, Монтенегро, Румын, Армени болон Казахстан улсуудтай багтаж 8 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтойгоор хэсгээ 25 оноотэй тэргүүлсэн. Польшийн шигшээ багийг дэлхийн аваргын эрхээ авахад шигшээ багийн довтлогч Р.Левандовский 16 гоол оруулж дэлхийн аваргын сонгон шалгаруулалтыг оруулсан гоолоороо тэргүүлсэн. Өөрөөр хэлбэл шилдэг довтлогч Р.Левандовский шигшээ багаа дэлхийн аваргын эрх авахад гол хөдөлгүүр нь байсан юм.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Польшийн шигшээ дасгалжуулагч А.Навалка ДАШТ-ний сонгон шалгаруулалтанд 30 орчим хөлбөмбөгчид бий. Ерөнхийдөө шигшээ багийн бараг тал хувь нь дотоодын лигийн тоглогчид юм. Эдгээр тоглогдоос шигшээ багийн дасгалжуулагч Оросыг зорих 23 тоглогчоо зарлах ёстой.

Хаалгач: А.Боруц (Борнмут), Л.Фабианский (Суонси Сити), В.Щесный (Ювентус), П.Тытонь (Депортиво), Л.Скорупский (Рома), Б.Бялковский (Ипсвич Таун). Польшийн шигшээ баг бол энэ цаг үедээ шилдэг хаалгачидтай. Туршлагатай хаалгач А.Боруц энэ удаагийн ДАШТ-нд бараг л багтах болов уу? Учир нь Л.Фабианский болон В.Щесный нарын Европын шилдэг хаалгачид байгаа. Энэ хоёр хаалгачийн хэн нь гараанд гарахыг дасгалжуулагчийн сонголт юм.

Хамгаалагч: Л.Пищек (Боруссиа Дортмунд), К.Глик (Монако), М.Рыбус (Локомотив Москва), А.Енжейчик (Польшийн Лига Варшав), М.Паздан (Польшийн Лига Варшав), Т.Ционек (СПАЛ), Б.Берешиньский (Сампдориа), М.Каминьский (Штутгарт), Т.Кензёра (Динамо Киев), Я.Жак (Кристал Палас), И.Левчук (Бордо). Хамгаалалтын түлхүүр тоглогч бол К.Глик юм. Тэрээр Францын Монако клуб болон шигшээ багийнхаа гарааны төвийн тоглогч болоод байна.

Хагас хамгаалагч: Я.Блашиковский (Вольфсбург), К.Гросицкий (Халл Сити), Г.Крыховяк (Вест Бромич Альбион), С.Пешко (Польшийн Лехия Гданск), П.Зелиньский (Наполи), К.Мончиньский (Польшийн Лига Варшав), К.Линетти (Сампдориа), Я.Горалски (Болгарын Лудогорец), П.Вшолек (Куинс Парк Рейнжерс), Р.Волский (Польшийн Лехия Гданск), Р.Курзава (Польшийн Гурник). Германы Вольфсбург клубт хүчин зүтгэдэг Я. Блашиковский бэртлийн улмаас сүүлийн хэдэн тоглолтонд шигшээ багтаа дуудагдаагүй. Түүний хувьд шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнд багтах эсэх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ бэртэл нь бүрэн эдгэж чадвал туршлага, ур чадвар нь шигшээ багт хэрэгтэй.

Довтлогч: Р.Левандовский (Бавари Мюнхен), А.Милик (Наполи), Л.Теодорчук (Бельгийн Андерлехт), Я.Шверчок (Болгарын Лудогорец), Д.Ковнацки (Сампдориа). Польшийн шигшээ багт Р.Левандовский хэмээх Европын төдийгүй дэлхийн шилдэг довтлогч байгаа. Мэдээж дэлхийн аваргын шилдэг довтлогчид ч нэр дэвших боломжтой. Харин үүний тулд шигшээ баг нь амжилттай оролцох хэрэгтэй.

ДАШТ-ний хэсэг:

Магадгүй азтай ч гэмээр “амьдралын” хэсэгт багтсан. Польшийн шигшээ баг ДАШТ-ний Н хэсэгт Япон, Колумби болон Сенегал улсуудтай багтсан. Энэ бол хэсгээс гарч, хасагдах шатанд өрсөлдөх хамгийн боломжит хэсэг юм. Хамгийн гол нь Африкийн төлөөлөл Сенегал улсын шигшээ багтай хийх эхний тоглолт дараа дараагийн амжилтанд шууд нөлөөлнө.

Түлхүүр тоглогч:

ДАШТ-ний урьдчилсан шатанд Р.Левандовский үнэхээр ганган байсан. Тэр ДАШТ-ний урьдчилсан шатны сонгон шалгаруулалтанд 16 гоол оруулж мэргэн буучаар шалгарсан. Одоо түүний хувьд энэ амжилтаа ДАШТ-ний дэвжээн дээр батлах ёстой болж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж