УИХ-ын чуулганаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр Ч.Хашчулуун, Ц.Мөнхбаяр, Ц.Батсүх нарыг санал болгосон бөгөөд УИХ-ын чуулганаар дэмжив.
Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив. Энэ нь мод, модон бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай асуудал юм.
Төгсгөлд нь Зарим дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Ингэхдээ УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаг Ёс зүйн дэд хорооны, Б.Ундармаа Нутгийн удирдлагын болон, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Мөн түүнчлэн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын дэд хорооны болон Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны гишүүнээр батлав.
УИХ-ын чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.
Т.НОМИН