Засгийн газар өнгөрсөн онд нэмэлт өөрчлөлт оруулсан Хөдөлмөр, нийгмийн гурван талт улсын хэлэлцээрийн дагуу дахин улсын хэлэлцээрийг эхлүүлээ. Энэ удаагийн нэмэлт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онд байгуулсан нэмэлт хэлэлцээрийг дүгнэх, УИХ-аас өнгөрсөн онд баталсан 29 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр талууд тохиролцоод байна. Тэгвэл нэмэлт хэлэлцээр эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим зүйлүүдийг тодрууллаа.
-Гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээ эхэллээ. Энэ удаагийн хэлэлцээрт талууд ямар асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөөд байна вэ?
-Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг тохирсон ёсоор эхлүүллээ. Өмнөх хэлэлцээрээр Засгийн газар хоёр үүрэг хүлээж байсан. Нэгдүгээрт, Олон улсын валютын сан /ОУВС/-тай хийх хэлэлцээрийг үргэлжлүүлж зарим асуудлуудыг шийдвэрлэх үүрэг авсан. Энэ үүргийн дагуу бид 2018 оны хоёрдугаар сарын сүүлээр манай улсад ирж ажилласан ОУВС-ын ажлын хэсэгтэй уулзаж тодорхой хэлэлцээрүүдийг хийсэн. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх үндсэн тохиролцоонд хүрч чадсан. Хоёр дахь хүлээсэн үүрэг нь энэ ондоо багтаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар гурван тал хэлэлцээрийг эхлүүлэх байсан. Энэ удаад үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас бидэнд хэд хэдэн асуудал тавьсан. Ялангуяа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагуудыг онцгойлон тавиад байгаа. Мөн 2017 онд төрийн албан хаагчдын шууд захирагчдын эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарласан, төрийн албан хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэхгүй байх, албан тушаалын зэрэглэлийг нь нэмэгдүүлэхгүй байх, 2017, 2018 онуудад төрийн албан хаагчдын цалин хөлийг нэмэгдүүлэхгүй “царцаах”, төрийн албан хаагч тэтгэвэрт гарсан бол оронд нь шинээр хүн авахгүй байх зэрэг асуудлуудыг зохицуулсан УИХ-ын 29 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолын холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг саналыг тавьж байна.
-Засгийн газар энэ удаагийн нэмэлт хэлэлцээрт ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нэмэлт хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж орох төлөөллийн бүрэлдэхүүнийг оруулж батлуулсан. Мөн нэмэлт хэлэлцээрт Засгийн газар ямар байр суурьтай оролцох талаарх удирдамжаа батлуулсан. Энэ удирдамжийн дагуу нэмэлт хэлэлцээрээ эхлүүллээ. Засгийн газар талуудын саналд хүндэтгэлтэйгээр хандаж, асуудлыг яриа хэлэлцээрийн зарчмаар аль болох шийдвэрлэх байр суурьтай байна.
-Өчигдөр эхэлсэн хэлэлцээрээр ямар ямар асуудлууд яригдав. Хэлэлцээр хэзээ дуусах вэ?
-Хэлэлцээр одоогоор бүрэн дуусаагүй. Түр хугацаанд завсарлаад байна. Хоёр гурван асуудлаар талууд ажлын хэсэг гаргаж холбогдох тооцоо судалгааг хийхээр тохирлоо. Мөн УИХ-ын 29 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байна вэ гэдгийг ажлын хэсэг дахин тодруулахаар боллоо. Мөн цалин нэмэгдүүлэх асуудал дээр талууд дахин ярилцаж, тооцоо судалгаагаа боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн үндсэн дээр хэлэлцээрээ түр завсарлуулаад байна. ОУВС-тай Монгол Улсын Засгийн газрын тохирсон ёсоор бол 2018 оны дөрөв дүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр болсон. Энэ байдлаа үйлдвэрчний эвлэл болон ажил олгогчдын төлөөллүүдэд танилцуулсан.
-2017 оны аравдугаар сард хийсэн нэмэлт хэлэлцээрийн үр дүн биеллээ олсон уу?
-Засгийн газар байгуулагдаад анхны хуралдаанаараа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөллөөс удаан хугацаанд тавьсан шаардлагыг хүлээж авч талуудад хүндэтгэлтэй хандаж нэн яаралтай Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах эхлүүлэх болсон. Энэ хэлэлцээрээр Засгийн газар хэд хэдэн үүрэг хүлээсэн. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул төрийн албан хаагчдад урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх. Хоёрдугаарт ахмадуудын тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмэгдүүлсэн асуудлыг эргэж харах. Ингэж нэмэгдүүлсэн нь хөрсөндөө буухгүй байна. Хоёр талаас ажлын хэсэг гаргаж энэ асуудал дээр нөлөөллийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг авахаар болсон. Гуравдугаарт татварыг шатлалтай болгосон нь иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа тул мөн ажлын хэсэг гаргаж асуудлыг дахин судалж үзэх зэрэг асуудлууд дээр тохирсон.
Өнгөрсөн оны нэмэлт хэлэлцээрийн үр дүнг өчигдөр хэлэлцлээ. Засгийн газар тэтгэвэрт гарах насыг бууруулж 3 сар болгох, өөрөө хүсвэл эрэгтэй хүн 60 настай, эмэгтэй хүн 55 настайдаа тэтгэвэрт гарах боломжийг нээж өглөө. Мөн татварын олон шатлалыг өөрчиллөө. Тэтгэвэр нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын хураамжийг 50 хувиар бууруулах, төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн урамшуулал олгосон зэрэг хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлжээ гэдэг дээр талууд нэгдэж байна.
Мөн нэг зүйлийг зориуд хэлмээр байна. 2018 оны төсөв дээр шинэ Засгийн газар эдийн засгийн өсөлт бага ч гэсэн гарсан бол энэ өсөлтийг ард иргэд хамгийн түрүүнд хүртэх ёстой гэсэн чиглэлд анхаарсан. Үүний дагуу тэтгэвэр нэмэх, оюутны хөгжлийн зээлийг хүү төлбөргүй болгох, “Цалинтай ээж” хөтөлбөр зэрэг 12 төрлийн арга хэмжээг энэ онд авч хэрэгжүүлсэн. Үүнд улсын төсвөөс 465 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Энэ бол эдийн засгийн өсөлтийг бодитойгоор ард иргэддээ хүргэх, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ юм.
Г.ХОРОЛ