Нийслэлийн Тээврийн газраас санаачлан нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Автотээврийн Үндэсний төв, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын авто их биеийн засвар эрхлэгчдийн холбоо болон Атиконсалтинг компаниудтай хамтран авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Автотээврийн тухай, Галын аюулгүй байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг сурталчлах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор доорх сэдвүүдээр явуулсан юм. Үүнд:
-Авто үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн актууд түүнд тавигдах шаардлага
-Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм журам, стандарт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, түүний төрөл, ангилал ажиллуулах зарчим, зориулалт
-Аюултай хог хаягдлын хяналт, хууль эрх зүй
-Автотээврийн салбарт мөрдөгдөх стандарт болон тохирлын үнэлгээний асуудал
Сургалт 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулсан ба сургалтад Хан-уул дүүргийн 47 авто үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцсон юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.