Монголын Цахим сэтгүүлзүйн II форум эхэллээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол улсын их сургуультай хамтран цахим сэтгүүлзүйн форумыг хоёр дах удаагаа зохион байгуулж байна.
Дэлхий дахинд интернэтэд суурилсан цахим сэтгүүлзүй асар хурдацтай хөгжиж байна. Манай улс 1992 оноос цахилгаан холбооны салбарт технологийн шинэчлэл хийж, 1996 оноос эхлэн 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон нь цахим сэтгүүл зүй хөгжих эхлэл тавигдсан гэж үздэг. Цахим сэтгүүл зүй нь мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хурдан, шуурхай дамжуулж мөн иргэн өөрийн санаа бодлыг хялбар, чөлөөтэй, нээлттэй илэрхийлж бусдад түгээх боломжийг олгож байна.
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийт 350 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгаас 89 нь сонин, 80 гаруй нь сэтгүүл эмхтгэл мөн 100 орчим мэдээллийн сайтууд энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн Монгол улс нь 2018 оны 1-р улирлын байдлаар нийгмийн мэдээллийн сүлжээнд бүртгэлтэй 2,1 сая хэрэглэгч, идэвхитэй хэрэглэгч ойролцоогоор 1 сая-д хүрч, тэдгээр хэрэглэгч нь сард дунджаар 6 коммент бичиж, 18 пост хийж, 11 суртчилгааны мэдээлэлд хандалт хийдэг судалгаа байна.
Цаашид мэдээ, мэдээллийг сайжруулах, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Монгол контент бүтээгчдийг дэмжих бодлого баримтална” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд “Тоон контентийн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр боловсруулан, үндэсний тоон контент бүтээгчдээ дэмжих, оюуны өмчийг нь хамгаалах эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байгааг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат цахим сэтгүүлзүйн форумын нээлтэнд хэлсэн үгэндээ онцоллоо.
Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ