“Шилэн тааз”-ны цаадах эрх чөлөө

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

“Шилэн тааз”-ны цаадах эрх чөлөө

“Шилэн тааз”-ны цаадах эрх чөлөө

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан. Тэгэхээр энэ эрх чөлөө маань 25 нас хүрч байгаа юмсанж. Уг нь ид нас байгаа биз. Монголын хэвлэлийн эрх чөлөө нээлттэй мөртлөө хаалттай буюу “шилэн тааз”-ны цаана 25 жилийг өнгөрүүлэв.

Олон улсын хэмжээнд 2018 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Энэ сэдвийн хүрээнд хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн чухлыг онцолж, хэвлэлийн эрх чөлөөг хуулиар хамгаалах, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг баталгаажуулахад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар бүрэн мэргэшсэн хараат бус шүүхийн ач холбогдолд онцгой анхаарах асуудлыг хөндөж байгаа юм байна. Жил бүрийн энэ өдөр ярьдаг л сэдэв мэт санагдаж байгаа байх. Шийдэгдээгүй учраас л ярьсаар байгаа нь энэ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хэрэгжилтийн тайланг хэлэлцээд 2017 оны долдугаар сард нэгдсэн зөвлөмжөө Засгийн газарт хүргүүлсэн. Энэ пактын 19 дүгээр зүйл буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбогдуулж “сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг аливаа сүрдүүлэг, заналхийлэл, халдлагаас хамгаалах, эдгээр төрлийн халдлагыг даруй мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд зохих шийтгэл ногдуулж байх нь зүйтэй” гэсэн тодорхой зөвлөмжийг өгсөн байдаг.

Энэ бол өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа асуудал. Энүүхэндээ гэхэд бид энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө шоудаж боломгүй “гэнэтийн бэлэгтэй” л сууна. Юу гэвэл Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн захиалгаар есөн сэтгүүлч болон тэдний ар гэрийнхнийг тагнаж чагнасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийнхнийг түгшээгээд авлаа. Хэдийгээр өөрсдийг нь тагнаж чагнахуйц мэдээлэл цуглуулдаг ч арай гар утсаар ярьсан яриа, бичсэн зурвас бүхнийг нь “Төр чагнаж байгаа” гэдэгт итгэхийг хүсэхгүй байна. Гэвч магадлал тун өндөрсөж, дээрх хэрэг баттай байх боломжтойг эх сурвалжууд өгүүлсээр…

Уг нь Ц.Нямдорж сайдын хувьд хэвлэл мэдээллийн салбарт эерэг талаараа илүү хамааралтай “дурсамжтай” билээ. Тэр Монголын нэг ч сэтгүүлчийг хуулийн байгууллагад өгөөгүй гэдэг юм. Таван жилийн өмнө ч энэ үгээ л хэлж байв. Нэмж хэлэхэд тэрбээр одоогоос 21 жилийн өмнө Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг бичсэн гэдгээрээ бахархдаг юм билээ. Тухайн үед “1997 онд тэр хуулийн төслийг чинь Э.Бат-Үүл, Т.Ганди хоёр гуйж, би бичиж УИХ-аар оруулж баталж байлаа. Түүнээс хойш шинэ телевиз, сонин, сайт гарч ирсэн ч бүгд улстөрчдийн зэвсэг боллоо. Зарим улстөрч 2-3 сонин, телевизтэй байна. Өдөр бүр өрсөлдөгчийнхөө талаарх худал мэдээллээр ард түмний тархийг угаадаг болсон. Би 2007 онд УИХ-ын даргын ажлыг өгөхдөө сануулга өгч ‘Монголд хэвлэлийн амин сүнс тасарлаа’ гэж хэлж байсан.

Түүний хэлсэн шүүмжлэл одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Тийм учраас л өнөөдрийг хүртэл Хэвлэлийн эрх чөлөө гэхээр л өнөөх улстөрч эздээ ярьж, нууцлаг санхүүжилтийнхээ тухай хардалцаж, нийгмийн алдаа дутагдлыг мэдээлэл хүргэгчдэдээ “нааж нялзаасан” хэвээрээ. Эрх чөлөөнийхөө “хэмжээсээр” урагшаа, хойшоо “жагссаар”, сүүлдээ ахилаа гэж баярлах, ухарлаа гэж гунихаа ч больж. Өнөөдрийн байдлаар АНУ, Монгол хоёр орон тус бүр хоёр байраар ухарчхаад байгаа гэж судалгаа “хэллээ”.

Дэлхийн  нийт  180  оронд хэвлэлийн эрх чөлөө  ямар  түвшинд байгааг  судалж жагсаалт гаргадаг ‘Хил хязгааргүй сэтгүүлчид’ хэмээх  олон улсын байгууллагынхнаас танилцуулсан илтгэлд дурдсанаар бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт улс  орнуудын  42 хувьд   хэвлэлийн эрх  чөлөө хумигдсан  гэдэг дүгнэлт гаргажээ. Монгол Улс 180 орноос 71-т жагсчээ.

Мөн энэ судалгаанд өнгөрсөн оны  дөрөвдүгээр сарын  26-ны  өдөр Монголын телевизүүд иргэдийн мэдэх эрхэнд ноцтой  аюул учирсныг сануулан эсэргүүцлээ илэрхийлж байсныг  энд тэмдэглэсэн байна. Уг нь дэлхийн олон улс оронд сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд торгууль ногдуулах, мөрдөн мөшгөх, үйл ажиллагааг нь таслан зогсоох, улмаар сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдийг айлган дарамтлах, эрх чөлөөнд нь халдах, цагдан хорих, амь насыг нь бүрэлгэх зэрэг Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл гарсаар байгааг олон нийтэд мэдээлэх, нэхэн сануулах гэж энэ өдрийг тэмдэглэх болсон гэдэг. Монголын хэвлэлийн эрх чөлөөний хувьд тийм ч боомилуулчихсан яадгаа алдсан “коммунист” гэж хэлэхээргүй. Заримдаа үзэг нэгтнүүдээ “арай ч хэтрүүлчхэж” гэж шүүмжлэх үе олонтаа гардаг. Учир нь сэтгүүлч, уран бүтээлчид нь ч уншигч, үзэгч нь ч ХҮН юм. Гэтэл айхавтар алдаа дутагдалтай хэрнээ гашуун үгэнд хачин дургүй, насан туршдаа үзэн ядаж хоцордог байгууллага хүмүүс ч цөөнгүй. Ажиглаад байхад аль “но”-той байгууллага, эрх мэдэлтнүүд л хэвлэлийн эрх чөлөөнд “дайсагнадаг”.

Энэ бүхний “алтан дундаж”-аас үнэнийг олж мэдэх нь уншигч, үзэгч, сонсогч олон нийтийн эдэлж буй эрх чөлөө юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах ёстойг улс орны Засгийн газруудад, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад өөрсдөд нь хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулдаг юм. Монголд ч мөн адил “Аюулгүй, Хамгаалагдсан, Айдасгүй орчин бүрдүүлэх” уриалгыг дэвшүүлэн кампанит аян өрнүүлж Засгийн газар олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргийнхээ дагуу хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, “шүгэлдэгчид”-ийг хамгаалахад шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүдийн анхаарлыг хандуулах, тодорхой алхам хийлгэхээр зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж