Тэгвэл ирэх онд болох УИХ-ын сонгуулийн тухайд Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан сурталчилгааны өдрүүдэд бус энэ оноос эхэлж буйгаараа онцлог аж. Тодруулбал, жил бүрийн долдугаар сард болдог улсын наадмаар. Магадгүй энэ нь Сонгуулийн тухай хуулинд УИХ-д нэр дэвшигчдийн сурталчилгааг хазаарлаж, тодорхой минут, секунд, сонины хуудас зааж өгнө гэх яриа гарсан нь нэр дэвших хүсэлтнүүдийг төрүүлж хөдөлгөсөн ч байж мэднэ. Одоогийн УИХ-ын гишүүд нь тэртээ тэргүй зурагтаар хэрэлдэхдээ хэрэлдэж, муудахдаа муудалцсаар байгаад олны танил болчихсон. Тэгээд ч УИХ-ын гишүүн гэдэг утгаар нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд УИХ-ын гишүүдэд нээлттэй хандаж буй.
Харин шинэ нэр дэвшигчдийн хувьд чимээ шуугиангүй ажлаа хийхээс илүүтэй орон нутгийн сонгогчдод танил болох нь эн түрүүний шаардлага. Ийм л учраас тэд мөнгийг хайр найргүй цацаж эхэлсэн бололтой.
Энэ бүх мөнгөөр “бороо” оруулагсдын тэргүүн жишээ нь “М-Си-Эс” группийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн наадмын үеэр хувиасаа 60 сая төгрөг хандивлаж. Түүгээр ч зогсохгүй группийнхээ нэрийн өмнөөс Баянхонгор аймагт хүүхэд, залуучуудын урлаг, спортын цогцолбор байгуулахад санхүүжилт болгох нэрийдлээр гурван сая ам.доллар бэлэглэжээ. Уншигч та зөвхөн нэг групп, нэг аймагт гурван сая ам.доллар бэлэглэсэн гээд бодоод үзээрэй. Гол нь тэрхүү компанийн дэд ерөнхийлөгч нь энэ хандивыг аймагт өгөхөө зарлахтай зэрэгцээд “Би УИХ-ын 2012 онд Баянхонгорт нэр дэвшинэ ээ” хэмээн далд утгаар нь зарлачихсан. Баянхонгорчууд нэлэнхүйдээ Л.Элбэг-Очир хэмээх эрийн хөлгүй их хөрөнгө, өглөгч занг гайхаж суугаа. Энэ бол УИХ-ын 2012 оны сурталчилгааны эхлэл.
Түүний УИХ-ын гишүүн болох хүсэл мөрөөдлийн эхлэлийн үнэ гурван сая ам.доллар байгаа юм чинь яг Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд хэрхэн арвижихыг төсөөлөх аргагүй. Тэр дундаа Монгол Улсын нүүрс, эрчим хүч, дэд бүтэц, үүрэн телефон, интернэт, электрон бараа, мал аж ахуй гээд бүхий л салбарыг атгаж буй үндэсний толгой группийн дэд захирлын урьдчилгаа хаялга нь гурван сая ам.долларт эргэлдэж байна гээд бодохоор УИХ-д гараад олох ашиг нь үүнээс хэдэн зуу дахин их гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч “М-Си-Эс” группийн “харьяат” УИХ-ыг зүүдлэгчид зөвхөн Л.Элбэг-Очир гэгчээр дуусахгүй. Энд дэд бүтэц хариуцсан дэд ерөнхийлөгч С.Энх-Амгалан нь ч багтаж байгаа.
Тэрбээр мөн л Хөвсгөл аймгийн 80 жилийн ойг өөрийнхөө УИХ-д нэр дэвших хүслийнхээ зарлалын самбар болгож орхисон. Зарцуулсан мөнгө нь ч бага бус. Мэдээж Л.Элбэг-Очироосоо нэг их дутаагүй л болов уу. Хэн, хэн нь УИХ-ын гишүүн болох хүсэлтэйгээс нь харахад шүү дээ. Эндээс харахад УИХ-ын 2008 оны сонгуулийн сурталчилгааны өртөг тухайн үед дунджаар 500 сая төгрөгт эргэлдэж байсан бол ирэх жилд урьдчилгаа санхүүжилт нь гурван сая ам.доллар байх нь. Энэ тохиолдолд “Ойролцоогоор тэрбум төгрөгийг сонгуульд хаяж байж УИХ-ын гишүүн болох нь” хэмээн дүгнэгсдийн хувьд харьцангуй багаар сэтгээд байгаа хэрэг гэсэн үг. Тэдний араас үндэсний томоохон группийн өв залгамжлагчид “Бид ч бас дутахгүй” хэмээн даага нэхэж буй тухай мэдээлэл хангалттай олон. Ингэж бодохоор 2012 онд УИХ-ын гишүүний мандатыг худалдаж авах ажиллагаа аль хэдийнэ эхэлчихсэн нь үнэн аж.
Үүний араас залгуулаад Дундговь аймгийн 80 жилийн наадмын мэдээллийг уншаад үзээрэй. “Мон-Уран” компанийн Б.Наранхүү гэхэд л аймгийнхаа наадмыг тэрбум төгрөгөөр байлсан байгаа. Түрүүлсэн морь бүрийн эзэнд “Ланд круйзер” л бэлэглэж, эгээтэй л “Дараа жил бага оврын онгоц өгнө өө” хэмээн амлаагүй. Энэ өглөгийнх нь цаана ч УИХ-ын гишүүний мандат өвөрт нь шургах тэр цагийг харсан мөрөөдөл бий. Гэхдээ энэ бол ердөө л наад захын жишээ. Бодит жишээ цаашаа хангалттай үргэлжилнэ. Гагцхүү сонгогчид тэр бүхнийг буянтай хүний буян хэмээн хүлээн авч, саналаа өгвөл харамсалтай хэрэг. Харин мөнгийг нь авчихаад зөв хүний нэрийг дугуйлбал одоо яая гэх вэ. Гэхдээ л хууль тогтоох засаглалыг мөнгөтэй хүний мөнгөө арвижуулах гэсэн дуудлага худалдааны талбар болгон хувиргавал эцсийн дүнд Улсын Их Хурлыг “УЛСЫН ИХ ХУРАЛ БИШ” хэмээн зарлавал зохилтой биз ээ.
"Улс төрийн тойм" сонин