Албани улсын Дуррис хотноо болсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Тэмцээнд 40 орны 387 шатарчин сурагчид оюун ухаанаа сорьсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон юм.
Сурагчдын ДАШТ-ий стандарт төрлийн 13 хүртэлх насанд ‘Төв’ клубын тамирчин тус тэмцээний хошой аварга, дэлхийн шатрын холбооны дэд мастер Д.Мөнхзул түрүүлж алтан медаль хүртэн Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастерын болзол хангажээ. Мөн 11 хүртэлх насны хөвгүүдийн тэмцээнд Чингэлтэй дүүрэг, “Цэцэн Нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Л.Очирбат түрүүлжээ.
Есхүртэлх насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Х.Есүгэн, хөвгүүдийн ангилалд “Гоби чесс” клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Б.Тэнүүнболд нар мөнгөн медаль хүртэв. Охидын долоо хүртэлх насны ангилалд “Занданшатар” клубын тамирчин Н.Содгэрэлт ДШХ-ны дэд мастер цолны болзол хангасан бол охидын ес хүртэлх насны ангилалд “Гоби чесс клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Г.Лхагважэд хүрэл медаль хүртжээ. Өнгөрсөн жил Румын улсад болсон сурагчдын ДАШТ-ээс манай шатарчид тус бүр гурван алт, нэг мөнгө, хүрэл медальтай ирж байсан байна.