Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Ерөнхийлөгч Путин

Владимир Путин 2018 оны гуравдугаар сарын 18-нд дөрөв дэх удаагаа Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Уламжлал ёсоор В.Путиний ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-нд Кремлийн ордонд болохоор товлогдсон. Энэ ялалт нь түүний нэр хүнд тэртээ 18 жилийн өмнө анх удаа Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш буураагүйг илэрхийлж байгаа талаар ажиглагчид дүгнэж байна. Оросын түүхэнд хамгийн удаан ерөнхийлөгчөөр ажиллаж буй түүний амьдралын замнал үргэлж олон нийтийн анхааралд байсаар ирсэн тул News агентлаг Хүмүүс’ буландаа түүнийг онцлов.

В.Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград (одоогийн Санкт Петербург) хотод аав ээжийнхээ гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Путиний ээж Мария Ивановна Путина үйлдвэрт ажилладаг эмэгтэй байсан бол аав Владимир Спиридонович Путин нь залуу наснаасаа усан цэргийн албанд татагдаж, дэлхийн II дайны үеийн гавьяатай цэрэг байв. Ууган ах Алберт нь балчир насандаа нас барж, бага ах Виктор нь Дэлхийн II дайны үед сахуу өвчний улмаас нас барсан харамсалтай түүхтэй аж.

 

Найман настай В.Путин 1960 оны есдүгээр сарын нэгэнд гэрийнхээ ойролцоо орших 193 дугаар сургуульд элсэн оржээ. Суралцахын хажуугаар спортод сонирхолтой байсан тэрээр 12 настайгаасаа самбо болон жудо бөхөөр хичээллэж эхэлсэн ба одоо тэрбээр жудогийн хар бүс болон самбо бөхийн олон улсын мастер зэргийг эзэмшдэг.

Зөвлөлт Оросын үед кино театрт тагнуулчийн тухай кино үзсэн тэр цагаас хойш тагнуулч болох мөрөөдөлтэй болсон талаараа тэр дурсан ярьсан байдаг. Эрийн цээнд хүрсэн 18 настай В.Путин 1970 онд Ленинградын Их Сургуульд элсэн орж 1975 онд хуульч мэргэжлээр төгссөнөөр ажил амьдралын гараагаа эхлүүлэв.

Мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн тулд тэрбээр 1975-1991 оныг хүртэл Улсыг аюулаас хамгаалах газарт 16 жилийн туршид офицер цолтой тагнуулчаар ажилласан. Энэ хугацаанд гадаад хэлний багш мэргэжилтэй Людмила Шкребневатай гэр бүл болж (1983 оны долоодугаар сарын 28-нд), удалгүй 1985 онд ууган охин Мария нь төржээ. Путиний гэр бүл ажлын шаардлагаар зүүн Германд 1985-1990 онуудын хооронд амьдарч байх үед буюу 1986 онд бага охин Екатерина нь Дресден хотод мэндэлсэн байна. Германд байх хугацаандаа орчуулагчийн дүрээр албан үүргээ гүйцэтгэж явсан тэрээр Герман хэлээр чөлөөтэй ярьдаг.

Түүхт Берлиний ханыг нурааснаас хойш Санкт Петербургт эргэн ирсэн В.Путин төрийн албанд ажиллаж эхэлснээс хойш карьер нь тасралтгүй өссөөр, 1996 онд Ерөнхийлөгчийн албанд хуваарилагдах завшаан олдож, Москва руу нүүж иржээ. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Борис Ельцин албан үүргээ өгч байгаа гэнэтийн мэдэгдлийн дараа, Оросын Холбооны Улсын үндсэн хуулийн дагуу В.Путин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдов. Тухайн үед В.Путин Оросын гурван шадар сайдын нэг болон тушаал дэвшээд байсан юм. Б.Ельциний гэнэтийн огцролтын улмаас 2000 оны зургаадугаар сард товлогдоод байсан ерөнхийлөгчийн сонгуулийг урагшлуулж, гуравдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсны дүнд В.Путин 53 хувийн саналаар анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь түүнийг байх ёстой газарт нь аваачсан үйл явдал болжээ.

Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш түүнийг сорьсон анхны томоохон шалгуур 2000 оны наймдугаар сард болсон Курск шумбагч онгоц живэхэд тохиолдов. Олон хүмүүс түүнийг засгийн эрхийг барих чадвар дутмагаасаа үүдэн алдаа гаргасан хэмээн шүүмжилж байв. Гэсэн ч тэрээр ерөнхийлөгчөөр ажилласан эхний дөрвөн жилийн хугацаандаа улс орныхоо төлөө олон ажлууд хийсэн нь үнэн байлаа. Тухайлбал, Оросын олигархиудтай тэмцэж, “их наймаа” хэмээн нэрлэх тохиролцоог хийж чаджээ. Уг тохиролцооны дагуу олигархиудад эрх мэдлийнхээ ихэнхийг хадгалахыг зөвшөөрч, хариуд нь засгийн газарт тодорхой хэмжээний дэмжлэгтэй, замбараатай ажиллах арга барилд шилжүүлж чаджээ. В.Путин олон олигархитай дотно харилцаатай байдаг бөгөөд тэдний дунд Геннади Тимченко, Владимир Якунин, Юрий Ковалчук, Сергей Чемезов нарыг нэрлэж болно.

Ийнхүү 2004 онд түүний бүрэн эрхийн хугацаа дуусч, хуулийн дагуу дахин нэрээ дэвшүүлсэн нь алдаа байсангүй. Ард түмний түүнд хүлээлгэх итгэл улам бүр ихэсч байсан тул төвөггүй ялалт байгуулж, нийт сонгогчдын 71 хувийн саналыг авснаар дахин дөрвөн жил улсынхаа төлөө зүтгэх боломжтой болжээ.

ОХУ-ын үндсэн хуулийн дагуу түүнд 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа улиран дэвших боломж байгаагүй тул “өөрийн хүн” Дмитрий Медведевийг нэр дэвшүүлж, ялалт байгуулж чадсаны зэрэгцээ өөрөө ОХУ-ын ерөнхий сайдаар томилогдон үйл хэргээ үргэлжлүүлж ирсэн. Энэ хугацаанд Д.Медведев 1993 онд батлагдсан үндсэн хуульд анх удаа өөрчлөлт оруулснаар 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин дахин нэр дэвших боломж бүрдэж 63,6 хувийн саналаар гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов. Ялгаатай нь, хуулийн дагуу ерөнхийлөгчийн албан үүргээ гүйцэтгэх бүрэн эрхийн хугацааг энэ удаад зургаан жил болгон сунгаж чадсанд байв.

Ерөнхийлөгч В.Путиний улс шигээ хадгалж үлдэж чадаагүй зүйл гэрлэлт нь байсан ч байж мэдэх юм. Учир нь, 2013 онд Владимир Путин 30 жил ханилсан эхнэр Людмилагаас гэрлэлтээ цуцлуулж байгаагаа мэдэгдсэн юм.  Дэлхий даяар олон мэдээллийн хэрэгслүүд түүнийг спортын гимнастикч бүсгүйтэй холбон бичдэг. Тэр бол 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн нээлтийн үеэр бамбар барин гүйж явсан, Олимпийн алт болон хүрэл медальт Алина Кабаева юм.

Путин болон Кабаева нарын талаарх мэдээлэл анх 2008 онд цацагдаж байсан бөгөөд барууны хэвлэлээр “Путиний найз бүсгүй хүүхэд төрүүллээ” гэх мэт гарчигтай мэдээллүүд хөвөрч байсан үе бий. Зарим хэвлэл тэднийг хоёр ч хүүхэдтэй болсон гэдэг.

Ямартай ч, В.Путиний зүгээс гэрлэлт, хувийн амьдралынхаа талаар мэдээлэл өгөхөөс байнга татгалзсаар ирсэн. Сар гаруйн өмнө болсон сонгуулийн санал хураах өдөр А.Кабаева хуримын бөгжтэй харагдсан нь тэднийг хуримаа хийсэн гэсэн таамгийг дахин нэг удаа сэтгүүлийн хуудаснаа хөврүүлээд авсан явдал болов. Гурав хоногийн дараа 2018 оны тавдугаар сарын 7-нд дэлхий нийт В.Путиний дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчийн тангаргаа өргөхийг харах гэж байна. Бөхөөр бол дөрвөн Олимп алгасалгүй барилдаж буй чадамгай тамирчин түүнийг XXI зуунтай хамт Орост ирсэн бэлэг гэж хэлэхэд үгүйсгэх хүн олон байхгүй биз ээ.

                                                                                                                                                                                                                                                                                                Г.СҮМБЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж