PC тоглоомыг зөв хөгжүүлбэл спорт

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

PC тоглоомыг зөв хөгжүүлбэл спорт

PC тоглоомыг зөв хөгжүүлбэл спорт

Иргэнээс ирсэн гомдлын дагуу манай сурвалжлах баг Сансарт байрлах цахим тоглоомын газарт өчигдөр /2018.05.02/ 13.00 цагийн үед очлоо. Дөрвөн ээж ихэд бухимдалтай тоглоомын газрыг ажиллуулдаг хүнтэй маргалдаж байв. Хүүхдүүд нь найзындаа хононо гэж худлаа яриад, PС тоглоомын газар шөнөжин тогложээ. Тэдний нэг Н.Мартын хүү урд өдөр нь найзындаа хононо гэж хэлээд ээжээсээ ‘тийз’ авсан байгаа юм. Гэвч ээж нь эрэл сурал болсоор тус газраас олжээ.  Тэд нэг ангийн найзууд бөгөөд өмнө нь ч гэсэн найзындаа хононо гэхэд нь итгэдэг байсан ээжүүд дахин найзындаа хонох ‘тийз’ өгөхгүй гэсээр үглэж байгаа харагдав. Хамгийн гол нь насанд хүрээгүй хүүхдүүдийг гэртээ харь гээд хөөгөөд явуулахын оронд орлогоо бодож хонуулсан цахим тоглоомын газрын буруу ч бас энд байгааг ээжүүд хэлж байлаа. 

Дүрэм журмаа баримталдаггүй газруудыг хаа

Н.Март “Өдрийн цагаар ганц хоёр цаг PС тоглосон бол бид нар юм хэлэхгүй. Ер нь би хүүхдээ PС тоглохыг дэмждэггүй. Тоглохыг нь дэмжвэл хичээл номоо хийхгүй донтчихвол яах юм. Орой 23.00 цагт худлаа хэлж гэрээсээ гараад өглөө 07.00 цаг хүртэл тоглосон байгаа юм. Нүд нь  бүр улайсан байна лээ. Харваас насанд хүрээгүй хүүхдүүд тоглож байхад энэ газрын ажилтан нь 00:00 цаг болсон байна гэж хэлээд гаргаж болно. Гэтэл дүрэм журмаа дагахгүйгээр барахгүй хонуулж байдаг. Ашиг олж байвал бусад нь хамаагүй юм шиг авирлах юм. Энэ газар бүр 24 цагаар  хоёр ээлжээр ажилладаг юм байна лээ. Иймэрхүү дүрэм журмаа баримталдаггүй газруудыг хаах хэрэгтэй” гэж уурсав.

Энэ хавьдаа том газарт тооцогдох дээрх тоглоомын газар гурван давхар бөгөөд өдөр атал  давхар бүр нь хүүхдүүдээр дүүрэн сул сандал ганц хоёр л харагдана. Олонх нь сурагчийн дүрэмт хувцастай, цүнхээ үүрсэн сурагчид байх аж.  “Зайлаач ээ. Яагаад том буугаар буудаад байгаа юм бэ. Би үхчихлээ шүү дээ” гэж хараалын үг урсгаж суугаа хүү тоглоомдоо аль хэдийн оржээ. “Баг бүрдэхгүй байна. Ганц тоглочихъё, хүрээд ир” гэж нэгнийгээ утсаар уруу татах нэгэн ч энд байна. Насанд хүрээгүй хүүхдүүдээс гадна их дээд сургуулийн оюутан, ажиллах хүчин гэж хэлж болохоор 20-25 орчим насны залуус зарим нь тоглож, нөгөө хэсэг нь фэйсбүүк ухаж, нэгнийхээ тоглож байгааг анхааралтай нь аргагүй харж, зөвлөгөө өгч сууна.

Цахим тоглоомын газрыг ажиллуулдаг залуугаас хэдэн зүйл асуухад “Манайх хүүхдүүд хонуулдаггүй. Өчигдрийн ээлжийн шинэ хүн байсан учраас мэдээгүй хонуулсан бололтой. Манайх 18.00 цагаас хойш насанд хүрээгүй ямар  ч хүүхэд оруулдаггүй, 18.00 цагаас өмнө хичээлээ тараад 20 минут тоглож байгаад л хүүхдүүд явдаг. Хонуулахаар бол 18-аас дээш насны залуусыг хонуулдаг. Хонуулахдаа зөвхөн гурван давхартаа хонуулдаг. Доод хоёр давхраа цэвэрлээд хонодог” гэж байв.  Гэсэн ч энэ газарт хоносон  дээрх дөрвөн хүүхэд нэгдүгээр давхарт нь хоносон гээд тоглож хоносон суудал руугаа заав. Тэр дөрвөөс гадна зөвхөн нэг давхарт 30 гаруй хүүхэд хоносон байна. Тэр дунд бүр зургадугаар ангийн хүүхэд олон байсныг  ч мөн хэлж  байв. Цаг тоглоход 600 төгрөг, хонож тоглоход 3500 төгрөг байдаг гэнэ.

Тэд хэдий ээж нартаа худлаа хэлж арван цаг тасралтгүй тоглосон ч сонирхол нь цахим спорт. Уг нь эдгээр хүүхдүүдийн дурлаад байгаа тоглоомыг интернеттэй л бол хаанаас ч тоглож болно. Гэсэн ч олуулаа нийлж баг болж тоглох нь илүү сонирхолтой санагддаг гэнэ. ‘Учир нь стратегийн тоглоом учраас багаар ажиллах чадвар болон англи хэлний ярианы түвшин сайжирдаг. Хүмүүс PС тоглодог гэхээр сөрөг хандлага гаргаад байдаг. PС тоглоомын газар бол спортын заал. Дэлхийн хэмжээний спорт болчхоод байгаа”  гэж байв.

1990-ээд оноос өмнө хүүхдүүд тэвэг өшиглөж, мод хугалан чавх хийж, арми байгуулж, эсвэл зүгээр л байрныхаа буланд зогсч орцонд эсвэл, гудамжинд тоглодог байсан. Харин өнөөдөр хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газрын нэг бол PC буюу цахим тоглоомын төв. Түүнээс өөр чөлөөт цаг өнгөрөөх газар байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл саяхан хотын захиргаанаас PС тоглоомын газруудыг журамлаж, бүр хаах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Хуулийн дагуу цахим тоглоомын газар нь 16 хүртэл насны хүүхдэд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл үйлчлэх ёстой. Харин насанд хүрэгчдэд 23.00 цаг хүртэл үйлчлэх журамтай. Мөн орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож ажлын байрны дотор болон гадна орчинд камерын хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах зэргийг журамласан байдаг.

Гэвч орон сууцны хонгилд хэдэн компьютер өрж, нас хүйс, ялгалгүй, өдөр шөнөгүй PC тоглуулдаг газрууд ажиллаж байгааг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ч хүлээн зөвшөөрч байв. Угтаа бол тэд хүлээн зөвшөөрөх бус хуульд заасан журмаа хэрэгжүүлж, шаардлага хангахгүй, хууль зөрчиж байгаад нь арга хэмжээ авах ёстой юм. Монгол улсад “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг 2013 онд Засгийн газрын 410 дугаар тогтоолоор баталсан. Үүнд ажлын байрны шаардлага, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, хориглох зүйлсийг заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй бололтой. Тэр дундаа орон сууцны нэг давхар болон байрны доод хонгилд үйл ажиллагаа явуулах, цахим тоглоомын үйлчилгээг насанд хүрээгүй хүүхдэд үзүүлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх, цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23:00 цаг хүртэл үйлчилнэ гэсэн заалт хамгийн ихээр зөрчигддөг гэнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 527 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэл хотод 296 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас хоёрдугаар сард зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 33 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээг авчээ.

19 гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Мөнхжаргал  “2018 оны эхний гурван сарын байдлаар интернет цахим тоглоомын газрын орчимд үйлдэгдсэн 19 гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Дээрх 19 гэмт хэргийн хохирогчдын  80 гаруй хувь нь 12-14 насны хүүхдүүд байна. Мөн 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар интернет цахим тоглоомын чиглэлээр 185 зөрчлийг илрүүлж 23 сая 750 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. 25 аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн гэрчилгээг цуцлах саналыг харилцаа холбооны зохицуулах хороонд /ХХЗХ/ хүргүүлжээ.

Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмын шаардлагуудыг үндэслээд цагдаагийн байгууллагаас бүртгэлийн гэрчилгээ олгох  саналыг ХХЗХ-д хүргүүлдэг. Тус хорооноос интернет цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээ олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэдэг. Тэгэхээр цагдаагийн байгууллага  бие дааж цахим тоглоомын газарт бүртгэлийн гэрчилгээг олгодоггүй зөвхөн санал л хүргүүлдэг аж. Хотын дарга С.Батболд  дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Хүүхдийн төлөө зөвлөлийн хурал” дээр цахим тоглоомын газруудын зөвшөөрлийг судалж, хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон. Дээрх  зөвлөгөөнөөр  Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журамд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн. Цагдаагийн байгууллагын зүгээс Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран журамд өөрчлөлт оруулах нэмэлт зүйлсийг гарган саналаа хавсаргаад Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн” гэв.

Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулна

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Батбаярын хэлснээр хүүхдийн, эрүүл аюулгүй орчинд байх эрхийг  зөрчөөд байгаа цахим тоглоомын газруудад шаардлага тавихаар хаадаг ч 7-14 хоног түр хааж байгаад эргээд үйл ажиллагаа явуулдаг. Хараа хяналтгүй хүүхдүүдийг  илрүүлж ажиллахад тэдний орогнодог гол газар нь цахим тоглоомын газар болчхоод байгаа юм.

Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах 2013 оны журам одоо байгаа асуудлыг зохицуулж чадахгүй. Зөрчлөө давтаад байгаа цахим тоглоомын газруудад арга хэмжээ   авахын тулд эхлээд хууль эрх зүйн орчин буюу цахим тоглоомын журамд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг албаныхан хэлж байна. Эрхзүйн үүднээс хууль зөрчсөн цахим тоглоомын газрын үйл ажиллагааг бүр мөсөн хаах эрх Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт байхгүй. Тэд тухайн зөрчил гаргасан газарт шаардлага хүргүүлж байгаа боловч одоогоор зөв шийдэл болоогүй л байна. Тиймээс 2013 оны журамд өөрчлөлт оруулахаар дахаар саналыг гаргажээ.Үүнд:

  • Бүртгэлийн гэрчилгээг олгохдоо илүү нарийвчлалтай хандах,
  • Хүүхдэд үзүүлэх насны хязгаарыг нэмж цагийн хуваарийг багасгах,  
  • Цахим тоглоомын газруудыг сургууль, цэцэрлэгийн орчноос 500 метрийн зайд хол зайд байрлуулах
  • Удаа дараа зөрчил гаргасан цахим тоглоомын газруудын үйл ажиллагааны гэрчилгээг бүр мөсөн цуцлаад, дахин цахим тоглоомын газрын үйл ажиллагаа явуулахгүй байх хүртэлх арга хэмжээ авах
  • Хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллах, стандартаа мөрдөх.

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 7-14 хоног түр зогсоогоод  зөрчлийн тухай хуульд зааснаар иргэн 50 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 300 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг байна.

PС-чид эсвэл тоглоомчид гэдэг нэрийг донтогчид, цагаа үрэгсэд, дэмий сэлгүүцэгчид гэдэг үгстэй холбож ойлгох хандлага Монголд түгээмэл. Гүүглээс хайлт хийхэд гарч ирэх ихэнх нийтлэлүүд иймэрхүү сэдвийн хүрээнд гарч ирж байгааг үгүйсгэх аргагүй. Олон хүчин зүйлээс шалтгаалж ийм ойлголт өгөхүйц жишээнүүд гарсан нь тодорхой.

Эцэг эхдээ загнуулсан ч нүдийг нь хариулан байж тоглосоор байгаад Азийн аварга болж чадсан “The MongolZ” багийн  залуусыг хараад, хэрэв тэдэнд бүх талын дэмжлэг байсан бол яах байсан бол гэж бодогдож байв.

Харин миний асуултын хариуг зөвхөн эцэг эх та л өгч чадна. Дэлхийн хэмжээний спорт болчхоод байхад хүүхдээ тоглоом тоглолоо гэж шууд буруушаахын оронд ганц удаа ч болов чин сэтгэлээсээ ярилцаад үзэх цаг иржээ. Эцэст нь, цахим тоглоомын газруудыг шууд хаахаас илүү орчин үеийн болон эрүүл ахуйн шаардлага хангасан, тодорхой стандарт, насны хязгаартайгаар үйлчилгээ үзүүлээд явахад буруу зүйл үгүй. Харин мэргэжлийн хяналт, цагдаагийн газрууд нь холбогдох хууль эрх зүйн орчноо сайжруулж, цахим тоглоомын газруудад тавих хяналтаа цаг тухайд нь тавьж, хууль зөрчсөн бол хатуу арга хэмжээ авдаг байх нь хамгийн чухал юм. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүддээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулах нь илүүдэхгүй зүйл болов уу. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж