Р.Амаржаргал: Эрдэнэтийг барьцаанд тавьсан нь дээд зэргийн эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал: Эрдэнэтийг барьцаанд тавьсан нь дээд зэргийн эмгэнэл

Р.Амаржаргал: Эрдэнэтийг барьцаанд тавьсан нь дээд зэргийн эмгэнэл

УИХ-ын гишүүн асан, Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Р.Амаржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, зэс, нүүрсний үнэ өслөө. Тэр утгаараа энэ Засгийн газрыг азтай гэж ярих хүмүүс байна. Гэвч бүтээн байгуулалт хийгдэхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Харин та ямар бодолтой байна вэ?

-Шүүмжлэх ч амархан л даа. Гэхдээ тодорхой ажил хийх ёстой байсан гэдэг нь ойлгомжтой. Тодорхой ажил хийгээгүй байгаа шалтгаан нь шинэ Засгийн газар аль салбарт анхаарлаа хандуулах, юу хийх гээд байгаа, ямар үр дүнд хүрэх гээд байгаагаа зарлах гэж их хугацаа алдсан. Ямар ч байсан саяхан гурван тулгуурт бодлого гаргаж ирээд ярьж эхэлж байна. Гурван тулгуурт бодлогын хүрээнд төлөвлөсөн ажлаа хийгээд, тэр нь үр дүнд хүрэх юм бол их том амжилт болно.

-Өрийн таазыг нэмж байгаа нь олон хүний сэтгэлийг зовоож байна. Өр зээлийн хэмжээ хяналтаас гарвал улс орны тусгаар тогтнолд ч аюултай. Та эдийн засагч хүний хувьд дүгнэлт хийж байгаа байх тийм үү?

Гадаад өр бол Монголын эдийн засгийг тодорхой хэмжээгээр илэрхийлж байгаа нэг хэлбэр. Энэ нь гаднаас хараат байдал хэр өндөр байна, аюултай төвшинд хүрсэн үү, үгүй юу гэдэг нэг үзүүлэлтийг харуулдаг. Хоёрдугаарт, дотоодын эдийн засаг юун дээр тулгуурлаж байгаа нь бас нэг үзүүлэлт. Өөрөөр хэлбэл хуримтлал, дотоодоос эдийн засгаа тэтгэх эх үүсвэр байна уу үгүй юу гэдэг их чухал. Зээл аваад байгаа нь дотоодын эх үүсвэр бараг байхгүйг харуулж байгаа юм. Тодорхой ажил хийх гээд гаднаас эх үүсвэр авахаар тэр нь сүүлдээ өр болдог. Яагаад гэвэл мөнгөө үр ашигтай, хэрэгцээтэй, ирээдүйтэй ажилд зарцуулж чадахгүй хоосон үрээд байна гэсэн үг. Өрийн асуудлыг анхааралтай харж, ажиглаж байх ёстой. Гадаад эдийн засгаас хэтэрхий хараат болчихгүй байх асуудлаа бодох ёстой. Гуравдугаарт, гадаад өр цаг хугацааны хувьд нэлээн урт байдаг. Тэгэхээр ДНБ-ний 200 хэдэн хувьд хүрчихсэн байгаа гадаад өрийг чинь өнөөдөр л төлөх ёстой гэсэн үг биш шүү дээ. Төлөх ёстой график, хугацааны дагуу төлнө. Жишээ нь энэ жил 100 сая төгрөгийн өр төлөх ёстой гэх юм бол дотоодын экспорт, импортын хэмжээг харна. Ашиг орлого маань ямар янзтай байгааг тооцоолно. Өөрөөр хэлбэл, бид нар тухайн жилийн зээлийн өрийг төлөх хэмжээний эдийн засгийн харилцааг хангаж чадсан эсэх асуудал байгаа юм. Хэрэв би зөв ойлгож байгаа бол хэд хэдэн чиглэлийн ажил явагдсан.

-Ямар ажил явагдсан гэж?

-Нэгдүгээрт, Олон улсын валютын сантай хамтарч байна. Хоёрдугаарт, түүхий эдийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Үүнийг дагаад экспортын орлого ч нэмэгдсэн. Гуравдугаарт, ёстой нөгөө аз гэх үү, завшаан гэх үү тохиосон. Хойд Солонгост хориг тавьсан учраас тус улс нүүрсээ гаргаж чадахгүй байна. Ингэхээр манай нүүрсний эрэлт нэмэгдэж, тэр хэмжээгээр экспорт нэмэгдсэн. Энэ олон зүйлийн хүчээр өнөөдөр эдийн засгийн урсгал өр зээлийг төлөх хэмжээнд байгаа гэж би үзэж байгаа. Өрийн хэмжээ өнөөдөр нэг их аймшигтай зүйл болчхоогүй байна. Гэхдээ өр гэдэг бол нэг л өдөр чамайг нөмрөх аюултай учраас маш болгоомжтой хандах ёстой. Хамгийн гол нь зээлийн зарцуулалт, үр ашгийн тал дээр анхаарах ёстой. Гаднаас авсан зээлийг хулгайлчихгүй, хуваагаад идчихгүй байх тогтолцоо хэрэгтэй. Тэгэхгүй бол Солонгосоос 550 сая ам.долларын зээл авна гэхээр бүх яам, Тамгын газрууд нь Солонгост очоод “манайд өг, манайд өг” гээд лобидоод байх юм бол ямар ч үр ашиггүй зарцуулагдах гэж байгаагийн шинж тэмдэг юм. Эрх мэдэл албан тушаалтай хүмүүс нь тэр 550 сая ам.долларын зээлдээ миний компанийг оруул, миний аж ахуй нэгжид зээл олго гээд ороод ирэх юм бол дахиад л өр болж хувирах эхлэл тавигдаж байна гэсэн үг. Тэгэхээр үүн дээр хяналт тавьж, алсыг харсан бодлого, төрийн чадавх, чанар, чансаа гэдэг чинь үүнээс харагдана.

-МАН-ынхан олонх болсны дараа өмнөх дөрвөн жилийг газар доогуур ортол муулсан. Та бүхэн төсөв санхүүгээ улайлгаж, хоослоод хүлээлгэж өгсөн юм уу? 

-Ер нь нэг тийм аргууд байдаг. Засаг шинээр авсан хүн эхлээд өмнөх рүүгээ хамаг муугаа чихээд нэг хэсэг явна. Ингэж байгаад болохгүй болоод ирэхээр ажил хийж байгаа хэн нэгэн хүнийг олж, буруутгаад бас нэг хэсэг явна. Эцэст нь өөрөө зайлахаас өөр аргагүй болдог. Тэгэхээр өмнөх засгаа муулж байгаа нь нэг их сонин зүйл биш. Гэхдээ үнэнийг хэлэхэд 2016 оныг өнгөрсөн 2012 онтой харьцуулахад эдийн засгийн үзүүлэлт нэлээд муудсан. Нэлээд олон асуудал ч хуримтлагдсан. Үүний учир шалтгаан нь макро эдийн засгийн төвшин, гүйцэтгэх төвшинд гаргасан алдаатай шийдвэр байсныг би үгүйсгэхгүй. Түүнээс гадна манай сонгуулийн мөчлөг, улс төрийн тогтолцоо нөлөөлсөн. Сонгууль бол эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал руу оруулах бас нэг хүчин зүйл болсон. Тэгэхээр эдийн засаг муудахад олон хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.

-Сонгууль гэснээс нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан Ардчилсан нам парламентад есөн суудал авсан. Энэ нь сонгуулийн хуулийг өөрчилсөнтэй холбоотой байх тийм үү?

-Манайхан учраа олохгүй эргэж буцаад л байна. Хэрэв бид 1990 оноос хойш мажоритар тогтолцоогоор явсан бол улс төр нь нэлээд төлөвшиж, гишүүд нь тойрогтоо ажиллах механизмаа тодорхойлчихсон, улс төрийн намууд нь ч юу хийхээ мэддэг болчихсон байх ёстой. Гэтэл сонгууль бүрийн өмнө сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд байгаа учраас улс төрийн соёл нь ч төлөвшиж өгөхгүй байгаа юм. Улс төрийн боловсрол нь ч олигтой явж өгөхгүй байгаад байна. Хоёрдугаарт, сонгуулийн үр дүнд бий болдог байгууллагыг УИХ гэж нэрлэдэг. УИХ-д нийгмийн бүх төлөөлөл ямар нэг байдлаар тусгалаа олсон байх ёстой гэж үзэж байгаа юм. Нийгэмд бол Ардчилсан нам тогтмол 30 хувь, Ардын нам тогтмол 30 хувь, бусад хүчнийхэн үлдсэн хувийг эзэлдэг. Энэ эзлэхүүн УИХ-д тусгалаа олохгүй байгаа. Үндсэндээ сая 2016 оны сонгуулиар нийт сонгогчийн 40 гаруй хувийн санал авсан Ардчилсан нам есөн суудалтай байж байгаа нь нийгмийн тусгалаа олж чадаагүйн шинж. Тэр утгаараа сонгуулийн хууль нийгмийн бодит тусгалыг илэрхийлсэн, бодит хууль биш байжээ гэж дүгнэж болох юм. Үүнээс гарах шийдэл нь миний харж байгаагаар пропорциональ системийг заавал оруулах ёстой. Ингэснээр савлагаа нь гайгүй болно.

-Пропорциональ системээр явахад улс төрийн намуудын төлөвшил их чухал. Гэтэл улс төрийн намууд нөгөө л хэвээр байгаа нь толгойны өвчин болж байна шүү дээ?

-Тийм. Пропорциональ системээр явна гэхээр намуудын төлөвшил маш чухал. Учир нь жагсаалтаар орж ирэх хүмүүсээ тодорхойлж чадахгүй байх, дотроо маргалдах асуудал гардаг. Үүнээс болоод мажоритар системээ сонгодог. Манайд байгаа улс төрийн намууд чухам ямар төвшинд байгаа, үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа эсэх, улс эх орноо бодож байна уу эсвэл зөвхөн өөрийнхөө эрх мэдэл албан тушаал дээр очих эрх ашгаа бодоод байна уу гэдэг нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явцаас харагдаж байна л даа.

-Сандал суудал, эрх мэдлийн тэмцэл хаа сайгүй байна.  Ардчилсан нам, Ардын нам ч адилхан Засгийн газраа  огцруулж, алдаа гаргалаа. Гэтэл одоо дахиад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулна гэдэг яриа гараад эхэлсэн. Ардчилсан намын бүлэг хоёр сайдыг огцруулах шаардлага тавиад байна. Үүнд та ямар дүгнэлт хийх вэ?

-Би бол Засгийн газар огцрох тухай асуудал нэг их сүртэй яригдахгүй байх гэж бодож байна. 

-Засаглалын хямралыг Үндсэн хуультай холбож байгаа нь зөв үү?

-Ярьж байгаа хүмүүсийн тархины хэмжээ шүү дээ. Тэр хүмүүс чадлынхаа хэрээр хараад Үндсэн хуультай холбож дүгнэдэг. Засаглалын хямрал бол Үндсэн хуультай огт хамаагүй, өөр хүчин зүйл нөлөөлж байна гэж хардаг ч хүмүүс бий. Би хувьдаа бол Үндсэн хуулийн чадамжийг хэр зэрэг ашигласан бэ, бүх нөөцийг нь шавхсан уу, үнэхээр болохгүй байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Одоо бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Үндсэн хууль маань бидний ирээдүйг тодорхойлдог маш чухал баримт бичиг учраас тав, арав, хорин жилийн дараа ямар үр дүнтэй байх вэ гэдэг талаас нь хараад шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Тэрнээс улс төрийн нам олонх болсон дээрээ хийнэ гэх юм бол зөв шийдэл биш байх гэж бодож байна. Хуульд өөрчлөлт оруулаад бүх асуудал шийдэгддэг бол бид коммунизмд амьдарч байх ёстой. Харамсалтай нь тийм юм байдаггүй. Бид нэг хууль өөрчлөөд, хөтөлбөр батлаад бүх асуудал шийдэгдсэн гэж хардаг ч бодит байдал дээр үгүй юм. Тэрний утга учрыг нийтээрээ хүлээж авах, хэрэгжүүлэхээс эхлээд маш олон ажил бий. Тэр ажлаа л хийхгүй байна.   

-Амлалт өгч, сайхан ярьж сонгогдсон гишүүд маань ёс зүйтэй хариуцлагатай ажиллаж чадахгүй байна?

-Тэр улстөрчдийг ард иргэд өөрсдөө л сонгосон шүү дээ. Гоё ярьсан хүнийг дагаж намираад байх юм бол юунд хүрдэг вэ гэдгийг харуулж байна. Ганцхан өнөөдөр ч биш үе үеийн сонгууль үүнийг харуулсан. Тиймээс ард иргэд өөрсдөө хариуцлагатай сонголт хийх ёстой. Сэтгэлийн хөдлөлд автаад, дагаад намираад байж болохгүй. Хоёрдугаарт,

УИХ-ын гишүүдийг төрийн түшээ гэдэг. Төр түшиж байгаа хүмүүс төрийг ганхуулахгүй, гэрэлт ирээдүй рүү хөтлөх үүрэгтэй. Энэ 76 дотор төрийн түшээ болж байгаа хүн их цөөн харагддаг. Ихэнх нь төрийн түшээ биш төрийг ганхуулагч нар сонгогдсон байна. Ийм хүмүүсийг дэвшүүлсэн улс төрийн нам ямар төвшинд байна, сонгоод гаргаад ирдэг сонгогчдын боловсрол ямар төвшинд байгааг бид харах ёстой.

-Сүүлийн үед Оюутолгойн гэрээтэй холбоотой томоохон баривчилгаа явагдлаа. Энэ нь “Рио Тинто” манайхтай гэрээ хийхийн тулд авлига өгсөн гэж харагдуулж байна. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдал Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үү? 

-Нөлөөлөх газраа нөлөөлөх байх. Нөлөөлөхгүй газраа ч нөлөөлөхгүй. Би ямар өнцгөөс яаж харж байгаа вэ гэдгээс хамаарах болов уу гэж бодож байна. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хувьд Оюутолгой чухал төсөл байсан. Одоо ч байгаа, цаашид ч чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Энэ төслөө нураачихгүй цааш нь аваад явах хэрэгтэй. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэх явцад засах шаардлагатай зүйл бий. Тухайн үеийн удирдлагууд гайхамшигтай зөв шийдвэр гаргасан уу гэвэл үгүй. Тэр үед би хэлж, ярьж л байсан. Оюутолгойн гэрээ байгуулж байхад наадах чинь зөв шийдвэр биш шүү гэж холбогдох хүмүүст нь хэлж байсан. Дубайн гэрээний үед ч хэлж байсан. Гэхдээ нэгэнт ийм асуудал болчихлоо. Одоо бид цаашаа яах вэ гэдгээ харах ёстой. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолж болохгүй. Миний харж байгаагаар бол Оюутолгойн гэрээний асуудлаар “Рио Тинто” компанитай маш идэвхтэй яриа хэлэлцээр өрнүүлэх шаардлагатай. Маргаантай асуудлаа жигдлээд, Монголд ашиггүй, илт муу зүйлийг гаргаж тавиад, өөрчлөхийг шаардах ёстой.  

-Дубайн гэрээ үнэхээр муу гэрээ болсон юм уу. Та юу гэж дүгнэж байна вэ?

Би бол Дубайн гэрээг гайхамшигтай гэрээ болсон гэж боддоггүй. Яагаад гэвэл тухайн үед санхүүгийн бүлэг бүрдэж, Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийх шаардлага үүссэн нөхцөлд бид үүнийг дээд зэргээр ашиглах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, яарч сандрахгүйгээр, өөрийнхөө асуудлыг маш нарийн судлаад гэрээ хэлэлцээрийг маш идэвхтэй, урт удаан хугацаанд хийх ёстой байсан. Гэтэл яарч сандраад, мундаг ажил хийсэн болох гэж гүйж байгаад гэрээгээ байгуулчихсан. Яарч сандарсан явдал нь буруу байсан байх гэж би харж байна. Үүнээс болоод олон зүйлээс ухарсан. Авах ёстой зүйлээ бүрэн гүйцэт авч чадаагүй асуудал бий. Гэхдээ энэ бол зөв шийдвэр гаргах уу, буруу шийдвэр гаргах уу гэдэг л асуудал шүү дээ.

-Хоёр ч Ерөнхий сайдыг барьж хорилоо. Тэднийг өмөөрөх хүн байхад буруутгах хүн ч байна. Харин та ямар бодолтой байна вэ?

-Нэгдүгээрт, би намуудаас хүн барьж хорьсон гэж бодохгүй байна. Тодорхой ажил эрхэлж байсан хүмүүсийг ажил албатай нь холбоотойгоор хуулийн байгууллага ном дүрмийнхээ хүрээнд шалгаж байна. Хоёрдугаарт, нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Тэр нь юу вэ гэхээр хууль зөрчинө гэдэг нэг ойлголт байдаг. Хэрэв чи хууль зөрчсөн бол ямар эрх мэдэлтэй ажиллаж байсан, хэн байх нь хамаагүй. Хуулийг зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Одоо чухам энэ хүмүүсийг ямар үндэслэлээр барьж тусгаарлаад, шалгаж байгааг би мэдэхгүй. Хууль зөрчсөн гэдэг утгаар барьж байгаа юм уу, эсвэл буруу шийдвэр гаргасан гэдэг утгаар барьж шийтгэх гээд байгаа юм уу. Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан асуудал яригдаж байна. Ард түмний өмчийг хулгай, зальхайгаар барьцаалж хувьдаа завшсан үйлдэл нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг тавиад туучихсан нь дээд зэргийн эмгэнэл. Үүнтэй огт эвлэрч болохгүй.

-Улс төрчид ялагдал хүлээсний дараа зарим нь амарч, анализ хийдэг. Зарим нь улс төрийн намынхаа үйл ажиллагаанд оролцоод явдаг. Таны хувьд багшлахаар шийдсэн бололтой. 2020 оны сонгуулиар нэр дэвших төлөвлөгөө байгаа юу?

-Надад одоогоор төлөвлөгөө алга. Ардын багшийн ажлыг хийгээд сууж байх шиг сайхан зүйл тун ховор шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж