Америк цэргүүд Солонгосоос гарахгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Америк цэргүүд Солонгосоос гарахгүй

Америк цэргүүд Солонгосоос гарахгүй

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар дөрөвдүгээр сарын сүүлээр уулзаж, энэ ондоо багтаан энхийн гэрээ байгуулахаар ярилцаж тохиролцсон билээ. Гэвч Хөх ордны зүгээс Пхеньянтай ямар ч гэрээ хэлцэл байгуулсан АНУ-ын цэргийг гаргахгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.

АНУ-ын цэргүүд нь Өмнөд Солонгос улсад байрлах болсон нь холбоотон хоёр орны асуудал учраас энхийн гэрээ байгуулахтай холбоогүй гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ким Эй Гюм мэдэгдсэн байна.

Өмнө нь энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв хойгийн зөрчлийг төгсгөл болгож хоёр Солонгосын төрийн тэргүүн нар уулзахдаа энхийн гэрээ байгуулсан бол АНУ-ын цэрэг хойгт байрших нь зөвтгөхөд хүндрэлтэй” хэмээн мэдэгдсэн аж. Гэвч Өмнөд Солонгосын талаас АНУ-ын цэргийн хүчийг нутагтаа байршуулах нь Хятад, Япон зэрэг хөрш орнуудтай зэвсэгт сөргөлдөөнд гарсан нөхцөлд эвлэрүүлэн зуучлагчийн чухал үүрэгтэй гэж үзжээ.

Хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайнаас хойш Өмнөд Солонгос улсад тодорхой тооны америк цэргүүд байнга байрших болсон. Одоогоор Өмнөд Солонгост АНУ-ын 28500 орчим цэрэг, 300 гаруй танк, хуягт техник, пуужингийн довтолгооноос хамгаалах “Thaad” систем байршиж буй. Америк цэргүүд жил бүрийн хавар, намар Өмнөд Солонгосын талтай хамтран Пхеньяны болзошгүй түрэмгийллээс хамгаалахын тулд хавар, намар ‘Foal Eagle’, ‘Key Resolve’, ‘Max Thunder’, ‘Ulchi-Freedom Guardian’ зэрэг цэргийн сургуулилт хийдэг. Энэ нь Хойд Солонгосын зүгээс хүчтэй эсэргүүцэл, эгдүүцэл дагуулдаг. Улмаар Пхеньяны талаас цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрөөс татгалзахад Өмнөд Солонгосоос америк цэргүүдийг гаргах болзол тавьжээ. Гэхдээ Пхеньяны удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин нар өнгөрсөн долоо хоногт уулзсаныхаа дараа хийсэн мэдэгдэлд америк цэргүүдийг гаргах тухай дурдаагүй. Харин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө ажиллана гэсэн юм.

Хоёр Солонгосын засгийн газрын төлөөлөгчид өнгөрсөн оны сүүлээр хэлэлцээрийн ширээний ард суун тамирчдаа Пёнчаны өвлийн Олимпт оролцуулах асуудлыг хэлэлцсэн юм. Талууд 2015 оны арванхоёрдугаар сараас хойш хэлэлцээрийн ширээний ард суугаагүй байв. Шинэ оны өмнө Пхеньян, Сөүлтэй холбоо барьдаг хилийн зурваст байрлах холбооны шугамаа нээх зарлигийг Пхеньяны удирдагч Ким Чен Ун гаргасан юм. Тэрбээр шинэ оны мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлэх үеэр Өмнөд Солонгост хоёрдугаар сард болсон өвлийн Олимп руу тамирчдаа илгээхээ мэдэгдсэн нь хоёр орны харилцаа  сайжрах эхний алхам байлаа. Өмнө нь 2016, 2017 онд Сөүлийн талаас гэр бүлүүдийг уулзуулах саналыг Пхеньянд  удаа дараа тавьж байсан ч Ким Чен Ун татгалзсан хариу өгсөөр байв. Гэтэл тэрбээр өвлийн Олимпийн наадмын төлөөлөгчдийн дунд охин дуу Ким Ёо Жоныг илгээсэн нь Пхеньяны удирдагчдаас анх удаа Сөүлд хөл тавьсан хүн болсон юм. Өвлийн олимпийн наадмын төгсгөлд Хойд Солонгос АНУ-д хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлсэн нь энэхүү наадмын улс төрийн зорилго тодорхой болсон билээ.  Хаалтын ёслолын маргааш нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчийн хүсэлтийг хүлээн авч түүхэн уулзалтыг товлох ажлыг эхлүүлсэн юм. Тэдний уулзалт хаана болох нь эцсийн мөч хүртэл нууц байх хэдий ч олон улсаас янз бүрийн таамаг дэвшүүлж буйн дотор Монгол Улс багтсан юм. Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлснээр уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой байршлаар Сингапур, Монгол Улс тунаж үлдсэн гэж мэдээлж байв. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтыг Солонгосын хойгийг тусгаарласан хилийн өндөр хамгаалалттай бүсэд хийх саналаа Твиттер хуудсаараа дамжуулан жиргэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж