
-Монголбанкнаас арилжааны банкуудын хөрөнгийн хэмжээг 16 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Үүнтэй холбогдуулан “Банкууд нэгдвэл дэмжинэ” гэж ч мэдэгдсэн. Таны бодлоор үүнд ямар нэг муу тал бий юү?
-Энэ бол анх удаагаа авч байгаа арга хэмжээ биш юм. 1990 онд хоёр шатны тогтолцоотой болсноос хойш банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарсаар ирсэн. Хамгийн сүүлд намайг Сангийн яаманд ажиллаж байхад, 2003 онд банкны хөрөнгийн хэмжээ дөрвөн тэрбум байсныг найман тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Гэхдээ бас тодорхой хугацаа өгч, аажмаар дүрмийн санг нь нэмэх арга хэмжээг зохион байгуулж байлаа. Миний мэдэхийн банкуудын дүрмийн сангийн хэмжээг нэмэх арга хэмжээ авснаас хойш нэгдсэн банк байхгүй. Өнгөрсөн жил “Хадгаламж”, “Монгол шуудан” банкууд нэгдсэн. Гэхдээ тэр нь томрох гэсэн зорилгоосоо илүү санхүүгийн хүндрэл гарсантай холбоотой юм шиг байна билээ.
-Банкууд дампуурсан, татан буулгасан тохиолдолд заримынх нь тусгай зөвшөөрөл алга болсон тохиолдол гарч байсан гэдэг. Хэрвээ одоо банкууд нэгдвэл энэ асуудлыг яаж хянах, зохицуулах нь зүйтэй вэ. Ер нь дүрмийн санг нэмэхэд юуг голлон анхаарах ёстой бол?
-Банк бол стратегийн ач холбогдолтой онцгой салбар. Олон харилцагчтай, их хэмжээний мөнгийг өөр дээрээ байрлуулж эргэлдүүлдэг, мөн улс орны эдийн засгийн талаарх гол мэдээллүүд тэнд цуглардаг учраас стратегийн салбар гэж үздэг. Тиймээс ч төр тодорхой хэмжээгээр хяналтдаа байлгаж, тусгай зөвшөөр олгодог. Тэгэхгүй бол гадны, “бохир” мөнгө банкинд ороод ирвэл их аюултай. Монголын эдийн засаг бол маш жижигхэн. Манайхыг “Өндөр хөгжилтэй бусад орны дунд зэргийн компанийн хөрөнгөтэй тэнцэхээр хэмжээний эдийн засагтай орон” ч гэж ярих нь бий. Ялангуяа энэ аварга хоёр хөрш бас бусад орны анхаарлын төвд байгаа нөхцөлд бид аливаа арга хэмжээг авахдаа олон талаас нь, ялангуяа сөрөг юу гарч болох вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Таны саяын хэлж байгаа дүрмийн санг нэмэх гэдэг ч бас тодорхой хэмжээгээр биднийг хянах гэсэн оролдлого шүү дээ. Банкуудын тал хувь нь тэрхүү дүрмийн санд хүрэхгүй байна шүү дээ. Энэ үеийг нь далимдуулан гадны ямар ч мөнгө орж ирж болзошгүй. Заавал байлгах ёстой хөрөнгө нь найм биш 16 тэрбум төгрөг болчихоор дахиад дор хаяж найман тэрбум төгрөгийг олох хэрэгтэй болно.
Дотроосоо хамтарч нэгдээгүй тохиолдолд гадны хөрөнгө оруулалтыг заавал оруулж ирнэ. Тэрхүү гадны мөнгө ямар эх үүсвэртэйг нь хянаж чадаагүй тохиолдолд нөхцөл байдал эгзэгтэй болно. Тэр тусмаа уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулагчид орж байгаа энэ үед, гадны хөрөнгө оруулагчид байр сууриа нэмэгдүүлэх үүднээс банкинд хөрөнгө оруулалт хийвэл маш аюултай. Өнөөдөр монголчууд өөрсдийгөө хянаж чадахгүй, ийм замбараагүй болчихоод байхад гадныхныг хянана гэдэг хэцүү. Товчхондоо би энэ тал дээр нь илүү болгоомжлох хэрэгтэй болов уу гэж боддог.
-Сүүлийн үед манай банкны салбарыг их хурдацтай хөгжиж байна гэж үзээд байгаа. Энэхүү “хөгжил”-ийг тодорхойлохдоо зээлдэгчдэд олгож байгаа чанартай зээлийн хэмжээг гол үзүүлэлт болгоод байх шиг. Ер нь банкны салбарын хөгжлийг юугаар нь тодорхойлдог юм бэ?
-Банкны хөгжлийг актив пассив нь өссөнөөр, эсвэл бусад тоон үзүүлэлтээр тодорхойлох нэг хэрэг. Хамгийн гол нь чанар, үр ашгийн үзүүлэлт. Мөн хариуцлагын тогтолцоо гээд манайхан сүүлийн үед их ярьж байгаа. Энэ нь менежмент сайтай, мөнгөний эх үүсвэр нь цэвэр, хариуцлагатай, үр ашигтай, татвараас зайлсхийсэн болон хар тамхитай холбоотой мөнгө биш гэх мэт зүйлс чухал хүчин зүйлээс шалтгаалдаг. Монголбанк болон бусад холбогдох байгууллагууд мөнгөний эх үүсвэрийг нь сайн шалгах хэрэгтэй. Урьд нь зөвхөн 4-5 үзүүлэлтийн харьцаагаар хянадаг байсан. Түүнийг задалж, эх үүсвэр, эзэн, бусад нэмэлт үзүүлэлтүүдийг оруулж ирж сайн шалгамаар байна. Зарим банк хэт томорсон, эх үүсвэр нь эрс нэмэгдсэн тал бий. Гэхдээ хаанаас, яаж нэмэгдсэнийг судалж чанарын үзүүлэлтүүдийг тогтоох хэрэгтэй. Эдийн засаг нийтдээ хөгжөөд, тэлж эхлэхээр банк томрох нь гарцаагүй. Банкны салбарын гүйцэтгэж байгаа үүргийг тодорхойлдог, эдийн засгийн мөнгөжилтийн коэффицент буюу мөнгөний хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулан авч үздэг үзүүлэлтүүд байдаг. Намайг энэ талаар судалж байх үед арав, хорьхон хувьтай л байсан. Харин одоо 60-70 хувь руу орж ирж байна. Өндөр хөгжилтэй орнуудад бол 100 гаруй хувьтай байдаг. Тэгэхээр мөнгөний болон банкны үүрэг нэмэгдэж байгаа ерөнхий хандлага ажилгадаж байна. Энэ бол хөгжил мөн. Гэхдээ чанарын үзүүлэлтүүд болон хариуцлагын тогтолцоог анхаарахгүй бол гэнэтийн янз бүрийн ослууд гарч ирж болох юм.
-Тиймээс Монголын банкуудад “стресс тест” хийх шаардлагатай байх?
-Хамгийн гайгүй тогтвортой банкны системтэй Герман, Голланд зэрэг орнуудад хямралын үед банкууд нь нилээн доргилоо. Гэхдээ илүү болгоомжлон, бүр олон талаас нь шалгадаг “стерсс тест” зохиож, үүнээс том хямрал болбол тухайн банк ямархуу байдалд орох нь вэ гэсэн байдлаар банкуудыг шалгаж байгаа. Ийм зүйлийг хүртэл манайд ч хийх хэрэгтэй. Монголын эдийн засаг бас дэлхийн зах зээлээс хамаарч байгаа болохоор хямрал болбол манай банкинд яаж нөлөөлөх вэ гэдгийг маш сайн судлах шаардлагатай. Тиймээс стресс тест хийж, хямралд хэдэн хувь нь тэсэх нь вэ, одоогийн байдлыг нь сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэйг ярилцаж шийдэх хэрэгтэй. Үүнийг манайхан гадны хэдэн хүмүүсээр хийлгээд байгаа. Цаашид дотоодынхоо эрдэмтэн, судлаачидтай хамтран, сүүлийн хорь, гучин жилийн нөхцөл байдлыг мэдэх хүмүүсийн оролцоотойгоор хиймээр байна.
-Та мөнгөний бодлогын талаар олон жил судалсан. Бас гадны томоохон банкуудад энэ чиглэлээр ажиллаж байсны хувьд сүүлийн үед суурь инфляци нь хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляциасаа илүү хурдацтай өсч байгааг хэрхэн тайлбарлах вэ. Энэ өсөлт хэр аюултай вэ?
-Төв банкны мөнгөний бодлого нь инфляцийг аль болох бага байлгах, мөнгөний дотоод, гадаад худалдан авах чадварыг тогтвортой байлгаж, бизнесийн болоод эдийн засгийн таатай орчныг бий болгох зорилготой. Гэхдээ суурь инфляци, ердийн инфляцийн харьцааны асуудал маш чухал асуудал. Манайх хэрэглээний үнийн индексээр инфляцийг тооцож байгаа аргаас харахад гол хэдхэн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамаараад, заримдаа үнэ нь буураад байгаа юм шит харагддаг. Тийм болохоор улирлын чанартай жаахан өөрчлөлтүүдийг чухалчилж биш, эдийн засгийн ерөнхий байдалд халалт бий болж байна уу. Эдийн засгийн өсөлт ямар байна, мөнгөний өсөлт, нийлүүлэлт эдийн засгийн өсөлтийн хоорондын харьцаа ямар байгааг суурь инфляцийн аргаар тооцох хэрэгтэй болсон. Энэ нь ч илүү бодитой арга юм. Суурь инфляци нэмэгдэнэ гэдэг бол эдийн засаг дахь мөнгөний хэмжээ жил ирэх тусам 20-30 хувиар нэмэгдээд байна гэсэн үг юм. Төсвийн хуулийг батлахдаа янз бүрийн хэлбэрээр мөнгө тараахыг маш их дэмжиж байна. Монголбанк хатуу бодлого баримталж, хүүгийхээ хэмжээг огцом бууруулахгүй байгаа. Энэ нь төсвийн талаасаа хэт их тэлэлт өгч байгаагаас болгоомжилсон, зөв арга хэмжээ юм.
-Мөнгөний бодлогынн хүүгээ нэмэхийг ОУВС болон Дэлхийн банкнаас сануулсаар байсан ч манайх өнгөрсөн сард ганцхан хувийг л нэмсэн. Гэтэл одоо инфляци 10 хувиас давчихаад байгаа нь зорилтот төвшнөөс хэтэрсэн үзүүлэлт. Энэ нь цаашид инфляци хурдацтай өсөхийн илрэл гэж ойлгож болох уу?
-Инфляци өсөж байгаад нөлөөлж буй хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө импортын бараагаар дэлхийн эдийн засагтай холбоотой учир түүнтэй уялдаж бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Мөн дэлхийн зах зээл дээр нефть, шатахууны үнэ нэмэгдэж байгаа гэх зэрэг биднээс хамаарахгүй зүйлсээс шалтгаалан инфляци өсдөг. Нөгөөтэйгүүр, Монголбанкны мөнгөний бодлогын арга хэмжээтэй холбон тайлбарлаж болно. Монголбанкны зохицуулж чадахгүй зүйл бол төсвийн бодлого юм. Засгийн газар санаачилж, УИХ батлан, Сангийн яам хэрэгжүүлдэг энэ бодлогоор улс төрийн зорилго, амлалтаа биелүүлэхэд голлон анхаардаг. Тиймээс цалин нэмэх, бэлэн мөнгө тараахад гарцаагүй инфляци өсөж байгаа юм.
-Ирэх намрын чуулганаар төсвийн тодотгол хийх гэж байна. Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа төсвийг тэлэх нь тодорхой. Энэ талаар та бодлого, судалгааны мэргэжлийн хүний хувьд ямар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна вэ?
-Ер нь судалгаа, анализ хийдэг байгууллагуудтай хариуцлага тооцдог систем байхгүй болсон. Ажиглаад байхад цөөн хэдэн чиглэлээр л төсвийг үр ашиггүй зарцуулаад байгаа юм. Жишээ нь, хоёр, гурван зуун сая төгрөгөөр байрны гадаа усан оргилуур барьж байна гэсэн.Би Монгол шиг ийм сэрүүн уур амьсгалтай Германд бараг 20 жил амьдарсан. Тэгэхэд байрныхаа гадаа усан оргилуур барьж байгааг ер хараагүй. Манайхаас хамаагүй илүү өндөр хөгжилтэй орон шүү дээ. Түүнчлэн төсвийн хөрөнгө мөнгө, тендэр нь будлиантай болдог юм уу, эсвэл авлигаас болдог уу, тухайн бүтээн байгуулалтыг хийхэд жинхэнэ гарах ёстой зардлаасаа хоёр дахин илүү гараад байх шиг санагдаад байгаа юм. Үүнийг аудит хийгээд шалгадаг систем нь алга. Мөн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа чанарыг нь авч үзэх хэрэгтэй. Хуучин бол нэг километр замыг 120 сая төгрөгөөр тавьдаг байсан. Одоо 400 сая төгрөг болсон байна. Энэ олон замыг жил бүр л засдаг, заримыг нь шинээр тавьдаг. Гэтэл энэ талаас нь хянах, хариуцлагын тогтолцоо сул байна.
-Монголбанк мөнгөний бодлогийн хүүг нэмэхгүйгээр “Макро зохистой бодлого”-ын арга гэгчээр инфляцийг тогтворжуулна гэцгээж буй. Гэвч тэр бодлогоо одоо л боловсруулж эхэлж байгаа юм билээ. Энэ нь хурдацтай өсөж байгаа инфляцийг гүйцэхгүй бол яах вэ?
-Олон нийт Монголбанкнаас инфляцийг, ер бүгдийг мөнгөний бодлогын аргаар зохицуулчих юм шиг бодоод байгаа юм. Гэтэл Монголбанкны боломж, эрх мэдэл нь бага. Гол арга нь бодлогын хүүнд л нөлөөлж зохицуулах явдал. Бодлогын хүү өөрөө инфляцид, нийт эдийн засагт нэг их нөлөөлөөд байдаггүй.Тиймээс Монголбанкны энэ арга хэмжээ хүссэн хэмжээнд хүртэл нөдөөлж чадахгүй байгаа юм. Дэлхийн ханшийн байдал, төсвийн бодлого, Засгийн газраас явуулж байгаа бодлого инфляцид ихээр нөлөөлж байгаа. Харин Монголбанкнаас үүний эсрэг авах арга хэмжээ, хийж чадах зүйл тун хязгаарлагдмал юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Дэлхийн эдийн засгийн хямралын гарцыг Америк, Хятад улс л олно гэж судлаачид үзээд байгаа. Таны бодлоор энэ хямрал Монголд хэр нөлөөлөх вэ?
-Миний бодлоор эдийн засгийн хямрал Монголд нөлөөлбөл маш хүндээр тусч мэдэх юм. Яагаад гэвэл манай эдийн засаг сүүлийн дөрвөн жилд их хөөсөрсөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хэд дахин өссөн. Зөвхөн улсын төсөв дээр л хэрхэн өөрчлөгдсөнийг би дээр хэллээ. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээ 10 дахин нэмэгдсэн. Гэтэл зэсийн үнэ, нүүрсний үнийн хямралаас болоод хоёр гурав дахин буурлаа гээд бодохоор тун хэцүү дүр зураг харагдаж байна. Тэгэхээр яах вэ. Нэмсэн цалин, тэтгэмжээ дахиад хасах уу гэхчлэн амаргүй л асуудалтай тулгарах болно.. Өнгөрсөн 2009 онд эдийн засаг нэг хувиар буурч, жаахан л хямрахад юу болсныг мартаж болохгүй. Тэр үед төр, засгийн удирдлагууд хандаж болох бүх байгууллагаас л мөнгө гуйсан. Нөгөө тараагаад байсан мөнгө нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлээгүй. Үлдэгдэл нөөц ч байсангүй. Тиймээс хэрэв дахин хямрал болж, тэр нь манайд нөлөөлбөл маш хүндээр тусч, ерээд оныхоос ч хэцүү болно. Тэгэхээр алсыг харсан бодлого, арга хэмжээ авч байх хэрэгтэй
-Өмнөд Солонгос улс манай уул уурхай, банк санхүү, дэд бүтэц гээд бүхий л салбарт хүч түрэн орж ирж байна. Монголбанктай “Харилцан ойлголцлын санамж” бичигт гарын үсэг зурсан, мөн “Хөгжлийн банк”-ны удирдлагаар солонгос хүн ажиллах боллоо гэцгээж буй. Энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?
-Ерээд оны үед манайхан гадна, дотны зөвлөхүүдийг ажиллуулдаг л байсан. Харин одоо хорин жилийн дараа өөрийн мэдээлэл,мэдлэгтэй болчихсон ийм нөхцөлд гадны зөвлөхүүдийг улам нэмээд байгаад нь би гайхаж байна. Юм болгон дээр гаднын зөвлөх гэцгээж байна. Энд анхаарах зүйл бий. Юуны өмнө манайд олигтой судалгааны байгуулагууд байхгүй. Мэргэжлийн бус хүмүүс хамгийн чухал салбаруудыг удирдаж байна. Улстөрч гэхээр бүхнийг чаддаг юм шиг. Тэд дадлага, туршлага нь дутаад, бас имиж болгож, гадныхныг зөвлөхөө болгон үгийг нь дагах болжээ. Хамгийн аюултай нь сүүлийн жилүүдэд гадны эдийн засгийн сонирхол манайд их төвлөрсөн. Аль нэг орноос нарийн мэргэжлийн хүмүүс авч ирж, дотоодын чухал салбартаа ажиллуулах нь маш эрсдэлтэй. Тухайн орныхоо хараат бус гэж орж ирсэн ч цаана нь үндэснийх нь эрх ашиг байж л байгаа. Хөгжлийн банкийг л гэхэд солонгос хүн удирдана гэж ярьж байна. Хэрэв тэгвэл тэр солонгос хүнд Монгол Улсын хөгжлийн гол нууцууд төвлөрч очих нь. Тэгэхгүйгээр ч яаж ажлаа хийх вэ. Энэ аюултай биш гэж үү. Монголбанкинд ч солонгос зөвлөлүүд ажиллаж байгаа гэсэн. Хэзээ нэгэн цагт асуудлууд гарч ирэх л байх.
-Өмнөд Солонгосын банкны салбар хэр найдвартай вэ?
-Миний мэдэхээр банкны салбарт хамгийн тотвортой орон бол Герман. Өнөөдрийг хүртэл тэдний нэг ч банк дампуурч байгаагүй. Иргэд нь банкиндаа итгэдэг. Алсыг харж, тогтвортой эдийн засгийг бий болгож чаддаг. Тэдний Хөгжлийн банк нь маш тогтвортой хөгжиж ирсэн байдаг. Ер нь манай Хөгжлийн банкны удирдагч ямар ч тохиолдолд монгол хүн л байсан нь дээр гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин
