Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо Швейцарийн хөгжлийн агентлаг, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй хамтран “ISO 21500 төслийн стандарт” болон “Малчдын бизнес эрхлэлтийг хөгжүүлэх” сургагч багш нарыг бэлтгэх тав хоногийн сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны есөн дүүрэг, 17 аймаг дахь гишүүн байгууллагуудаас ирсэн сургагч 35 багш оролцсон бөгөөд “MNS ISO 21500 төслийн стандарт” сургалтын хүрээнд аливаа бизнесийн төслөө хэрхэн төлөвлөж, амжилттай хэрэгжүүлэх стандартыг заан сургаж, аливаа бизнес, ажил хэрэгт учирсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх, үүндээ төслийн сандартыг ашиглах бүх талын зөвлөгөө мэдээллийг өгчээ. Сургагч багш нар сургалтаас авсан мэдээллээ гарааны бизнесээ эхлүүлж буй хүмүүст дамжуулан, бизнесээ эхлүүлэх, төлөвлөгөө гаргах, тулгарсан асуудлаа шийдэхэд нь практик туслалцаа үзүүлэх юм байна. Мөн малчдыг бие даан бизнест сургах багш нарыг энэ удаагийн сургалтаар бэлтгэн бизнесийн нэгж болсон малчин өрхүүдийг өөрийн бизнесээ бие даан эрхлэх боломжийг олгохоор зорьжээ.
Малчид бизнест суралцсанаар бизнесийн талаар бүрэн ойлголттой болж, санхүүгээ төлөвлөх, бүртгэх, хуримтлал үүсгэх, ашиг орлогоо тооцох чадвартай болно. Ингэснээр эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйн салбарт өсөлт гарч, цаашлаад эдийн засагт үр өгөөжөө үзүүлэх ач холбогдолтой аж. Сургалтын үр дүнд малчдын бизнес өргөжиж, ажлын байр нэмэгдэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байгаагаа Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны удирдлагууд илэрхийллээ.
Тус байгууллага нь 2008 онд 17 гишүүн байгууллагатай үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө 17 аймаг, 9 дүүрэгт 74 гишүүн байгуулагатайгаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд сургалт, бизнесийн зөвлөх, бизнес инкубацийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ