Хятадын коммунист хувьсгалч Мао Зэдуны цор ганц ач Мао Шинью өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Хойд Солонгост автобусны ослоор нас барсан байж болзошгүй талаар Францын олон улсын радио мэдээлж байна. Автобусны ослоор Хятадын 32 жуулчин амиа алдсан, тэдний дунд Мао Шинью байсан байж болзошгүй гэнэ.
Мао Шинью нь Мао Зэдуны хоёр дахь хүү Мао Аньцины хүү билээ. Мао Аньцин нь Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн юм. Мао Шинью нь Хятадын Ардын чөлөөлөх армийн генерал байсан аж.
Автобусны ослоор амиа алдсан хятадын жуулчдын ихэнх нь Солонгосын дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн хүүхдүүд байсан гэнэ. Үүний зэрэгцээ, ослоор Хойд Солонгосын дөрвөн иргэн амиа алджээ
Францын олон улсын радиогийн мэдээлж буйгаар, жуулчид Өмнөд Пхеньянд байдаг оршуулгын газарт очоод буцах замдаа ийнхүү осолдсон байна. Тус оршуулгын газарт Солонгосын дайнд амь үрэгдсэн хятадын цэргийн шарил байдаг ажээ. Тус оршуулгын газарт Мао Зэдуны том хүү Аньиныг оршуулсан байдаг юм байна. Иймээс Шинью авга ахынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх гэж очихдоо ийнхүү осолдсон байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж.
Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол Шинью нь Мао Зэдуны Солонгосын хойгт амиа алдсан хоёр дахь удам нь болж байгаа юм байна.
Дээрх мэдээллийн сонссон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ослоос амьд үлдсэн хятадын хоёр жуулчныг эмнэлэгт эргэн очиж, Пхеньян дахь БНХАУ-ын Элчин сайдтай уулзан, гүн эмгэнэл илэрхийлжээ.
А.АНИР
Эх сурвалж: Korea Times