Хэлмэгдүүлэлтэд өртсөн надад ааваараа овоглох боломжийг шүүх олголоо

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Хэлмэгдүүлэлтэд өртсөн надад ааваараа овоглох боломжийг шүүх олголоо

Хэлмэгдүүлэлтэд өртсөн надад ааваараа овоглох боломжийг шүүх олголоо

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн, өндөр настан Навааны Мандар гуай 80 насныхаа босгон дээр ааваараа овогложээ. Таван настайгаасаа хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн хэмээн ярих тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр эцгээрээ овоглох боломжтой болсон юм. Түүнтэй ярилцлаа.

-Ааваараа овоглосон нь таны хувьд маш чухал үйл явдал биз ээ. Аавынхаа тухай яриач.

-Ах нь таван настайгаасаа хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж яваа хүн. Аав минь Цэвээний Наваан гэдэг. Дорноговь аймгийн Чойрын Завдамдин хийдийн нэртэй гавьж аграмба хүн байсан. Энэтхэгийн Утай гүмбэнээс үхэр тэргээр алтан Ганжуур Данжуурыг Монголдоо авч ирж модон бараар сийлэн хүрээ хийдийн суралцагч нарт тараах ажилд тэр үеийнхээ лам нартай хамт оролцож явсан, түүхэнд нэртэй том хүн байлаа.

1938 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр саахалт нутагладаг байсан дөрвөн ламыг хоморголон баривчилсан. Тэр үед би таван настай жаахан хүү байлаа. Тэр өдрөөс хойш аавынхаа царайг хараагүй. Бүр нэрийг нь ч мэдэхгүй, сураг ажиг сонсоогүй өссөн.

-Нэрийг нь хамаагүй хэлэх хориотой байж дээ.

-Тэгэлгүй яах вэ. Гэр бүл, үр удмаараа гэмтэн мэт байдаг байлаа. Ээжийг минь аавтай хамт баривчлах гэхэд нь би эгчтэйгээ зуурч байж авч үлдсэн гэдэг. Хоёр нялх амьтныг өрөвдөх сэтгэлтэй нөхөр баривчилгаа хийж л дээ. Харин манай бүх хөрөнгийг хурааж, 12 тэмээнд ачаад явсан гэдэг.  Ээж минь ногоон хувцастнуудаас намайг зугтаалгаж, айлд өргүүлсэн. Ингээд таван настайгаасаа айлын тугал хариулж, хүнд хэцүү амьдрал туулсан түүхтэй.

-Аав тань дахиж ирээгүй юү?

-Хамт баривчлагдсан таван ламаас н.Гончиг гэдэг лам цагаатгагдаж нутагтаа буцсан. Аав минь хилс хэрэг хүлээгээгүй учраас байнгын зодуурт байсныг тэр хүн ээжид дуулгасан байна лээ.   

1938 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр 85 ламыг эрүү шүүж, 5 ламыг нь 10, 15 жилийн ялаар шийтгэж, 80 ламыг нь хуулийн дээд хэмжээгээр шийтгэж цаазаар авсан байдаг. Энэ 80 ламын нэрс дотор аавын минь нэр бий.

-Хэзээ цагаатгасан бол?

-Дээд шүүхийн Цэргийн Коллегийн 1992 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 51 дүгээр хурлын магадлалаар цагаатгасан байдаг.

-Цагаатгасных нь дараа ааваараа овоглохоор хөөцөлдөж эхэлсэн үү?

-Би ээжээрээ овоглодог байсан. Ээж минь 2001 онд нас барсан. Тэр цагаас хойш ааваараа овоглохоор хөөцөлдөж эхэлсэн дээ. Аав минь том лам хүн байсан учраас хавийн хүмүүс нэрээр нь дууддаггүй, “Ламтаан, Гавж аа, Цагаан гуай, Цагаан лам” гэж авгайлж дууддаг, нэрийг нь ч мэддэггүй байсан. Ээж минь ч хэлдэггүй байсан. “Миний хүү том нэртэй хүний ганц хүү юм шүү” гэж л хэлдэг байлаа. Тагнуулын ерөнхий газар, Архивын ерөнхий газар гэх мэт бүхий л газруудаар явж, аавыг минь баривчлах үед манайхаас 12 тэмээ ачаа хураасан гэдэг баримтаар хөөж байж аавынхаа нэрийг Цэвээний Наваан гэж хүн байсныг бүр сүүлд 2013 онд мэдсэн.

Ааваараа биш ээжээр овоглодог байсан учраас цагаатгалын нэг сая төгрөг ч авч чадаагүй. Охин, хүргэн хоёртойгоо амьдарч байсан гэрт минь 2012 онд газ дэлбэрч хүргэнээ цаг бусаар алдсан. Охинтойгоо хоёулаа орох оронгүй хорооныхоо айлуудаар хоноглож явах ч үе байлаа.

Нэр төртэй, номтой том хүний үр удам гэдгээ баталгаажуулах, хүүхдүүддээ удам судрыг нь таниулах чин хүслээ нэг хором ч мартаагүй.

-Шүүхэд хэзээ нь хандсан бэ?

-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд эцгээрээ овоглох хүсэлт гаргаж хандсан. Тагнуулын ерөнхий газар, Архив гээд олон байгууллагын үүдийг олон жил сахисан ч шүүх шиг халуун дотно хүлээж авсан байгууллага цөөн. Шүүх асуудлыг минь хянаж үзээд харьяа дүүргийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн. Ингээд Засаг даргад хандтал 1933 оны хүн амын тооллогод миний эцэг Цэвээний Навааныг хүндэтгэлийн нэрээр нь Цэвээний “Цагаан лам” гэж бичсэн байж. Үүнээс болж цагаатгалын нөхөн олговор, бусад тусламж дэмжлэгт хамрагдаж чадахгүй байсан учраас Цэвээний Наваан болон 1933 оны хүн амын тооллогод бүртгэгдсэн Цэвээний Цагаан лам гэдэг 2 нэрийг нэг хүн гэдгийг тогтоолгохоор дахин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

-Шүүхийн шийдвэрээр аавынхаа нэрээр овоглох боломж гарсан уу?

-2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дээрх 2 нэрийг 1 хүн гэдгийг шүүхээс тогтоож, 1933 онд төрснөөс хойших 5 жил хамт байсан тэр эцгийнхээ нэрээр аль ч байдлаар жинхэнээрээ овоглосон гэсэн миний сэтгэлийн хамгийн сайхан бахархалт өдөр боллоо. Шүүхийн шийдвэр гарсан тэр өдөр бол хувьд түүхэн өдөр.

Шүүх миний бүх асуудлыг ойлгож, найрсаг сайхан хандаж, үнэн зөв шийдвэр гаргалаа. Шүүхийнхээ ачаар би эцгээрээ овоглоод, удам судрын минь бахархал биеллээ. Та бүхэндээ маш их баярлаж байгаагаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Би бүх насныхаа чин хүслийг биелүүллээ.

Мөн намайг хөгшин хүн гэж хүндэтгэн найрсгаар хандаж, тусалж байсан шүүгчийн туслах П.Лхагвасүрэн, Б.Азбилэг, шүүхийн цагдаа нар болон өнгөрсөн  хугацаанд хөөцөлдсөн ажлуудад минь туслалцаа үзүүлж байсан Улсын төв архивын ажилтнууд, Тагнуулын ерөнхий газрын төв архивын ажилтнууд, Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын ажилтнууд, мөн дээрээс нь шүүхийн ажилд маань бүхий л талаар тусалсан Хүний эрх, шударга ёсны хөгжлийн төвийн хуулийн зөвлөх Б.Энхтайван нартаа чин сэтгэлээсээ баярлаж байгааг минь дамжуулж өгөхийг та бүхнээс хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж