НБА-ын плэй-оффын 2-р шатанд ЛеБрон Жеймсийн “Кливленд Кавальерс” баг эхний тоглолтондоо ялалт байгууллаа. “Торонто Рапторс” багийн “Айг Канада” ордонд явагдсан тус тоглолт үндсэн цагт 105-105 харьцаатай тэнцэж цаг сунгасан. Нэмэлт цагт Кавс багийн К.Корвер болон Жей.Ар.Смит нарын холын зайн шидэлт байндаа туссан нь хожлын гол үндэс болсон. Ингээд нэмэлт цаг өндөрлөхөд “Кливленд Кавальерс” баг 113-112 харьцаагаар талбайн эздийг буулгаж авснаар цувралыг 1-0-ээр тэргүүлж эхэллээ.
Хоёр багийн тоглолтын эхний хагаст талбайн эзэн “Торонто Рапторс” 60 оноо авсан бол зочид 57 оноо авсан. Тоглолтын турш талбайн эзэд оноог тэргүүлж байсан ч Л.Жеймс 2 ч удаа довтолгоогоо амжилттай гүйцэтгэж онооны харьцааг тэнцүүлж чадсан. Ингээд цаг сунгахад зочин баг “Кливленд Кавальерс” баг хожил авсан.
Энэ өдөр зочин багаас ЛеБрон Жеймс 46 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 26 оноо, 11 самбар, 13 дамжуулалт өгч трибл-дабл хийсэн. Мөн энэ өдөр Жи.Ар.Смит 20 оноо, К.Корвер 19 оноо, Ж.Грийн 26 оноо, Т.Томпсон 14 оноо авч багтаа тус хүргэсэн байна. Харин талбайн эзэн “Торонто Рапторс” багаас Й.Валанчунас 21 оноо, 21 самбар, 2 дамжуулалт өгсөн. Тэгвэл багийн лидерүүд болох Д.ДеРозан 22 оноо, К.Лаури 18 оноо, 10 дамжуулалт өгсөн ч баг нь ялалт байгуулж чадсангүй. Сэлгээнээс залуу тоглогч П.Сиакам 11 оноо авсан байна.
Б.БЯМБАБАЯР