Б.Гарамгайбаатар: Гишүүд УИХ-ын нэр хүндийг унагаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Б.Гарамгайбаатар: Гишүүд УИХ-ын нэр хүндийг унагаж байна

Б.Гарамгайбаатар: Гишүүд УИХ-ын нэр хүндийг унагаж байна

“УИХ-ын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2018.05.02/ Төрийн ордонд болж байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Сүүлийн үед УИХ-ын нэр хүнд унах, гишүүд хуралдааны ирц бүрдүүлдэггүй, гэмт хэрэгт холбогдох зэрэг ёс зүйн болон хариуцлагын асуудал маш их хөндөгдөж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдийг хуралдаанд суухгүй, ёс зүйн хариуцлага алдсан бол эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаж байгаа юм.  Тодруулбал, УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох юм байна. Мөн УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг байх, хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд тодорхой хугацаагаар хуралдаанд орох эрхийг нь хязгаарлаж, сонгогчдод нь мэдээллийг хүргэх, асуулт асуух эрхийг нь хязгаарлах, Засгийн газрыг огцруулах саналын босгыг өндөрсгөх зэрэг зохицуулалтуудыг хийж байгаа. Хэлэлцүүлгийн үеэр намуудын төлөөлөл болон хэлэлцүүлэг зохион байгуулагчдын байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар:

-1996 оноос хойш сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдийгөө бусдаас илүү хаан гэж ойлгосонтой холбогдон ёс зүйн, хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. Юу дуртайгаа хийж, ярьж байгаагийн үр дүнд УИХ-ын нэр хүнд унаж, ёс зүйгүй байдал үүссэн болохоос хуульд бол асуудал байгаа гэж бодохгүй байна. УИХ дахь бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай, дотооддоо асуудлаа ярьдаг, бүлгийнхээ гаргасан шийдвэрийг дагадаг байх ёстой. Түүнээс хэн дуртай нь камерын өмнө дуртай зүйлээ ярьдаг байдлаас болж ийм байдал үүсээд байна. Одоо УИХ-д ажиллаж байгаа хүмүүс гадны шахаагаар энэ асуудлыг хийж байна гэж би харж байна. УИХ-ын гишүүн ёс зүйтэй, хариуцлагатай хүн сонгогдох ёстой байх. Хуралдаандаа суухгүй, ирц бүрдүүлэхгүй байгаа асуудлыг заавал хурууны хээгээр шийдэх бус бүлэг дээрээ шийдэж, асуудлаа нэгтгээд явах боломжтой гэж харж байна. Эцэст нь хэлэхэд, төрд ажиллахад их хэцүү болж, сонирхлыг нь үгүй хийх, хэн ч биш болгох зам руу явж байна уу даа гэж харж байна. Нэг ёсондоо либерал зарчим байхгүй болж байна гэж л ойлгож байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Улсын хэмжээнд 3000 гаруй ёс зүйн хороо ажиллаж байна. Ёс зүйн хэм хэмжээ, тэр дундаа УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал ямар байх ёстой, УИХ-ын Ёс зүйн дэд хороо хэрхэн ажиллах ёстой зэрэг бодууштай, засч сайжруулах зүйлс байна. УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал бүх цаг үед л яригдаж байсан. Өнгөрсөн 27 жилийн хугацааны үйл явцыг том зургаар нь дэг журамтай, зохион байгуулалттай болоход ажил сайжирна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. 1994 оны аравдугаар сарын 27-ны өдөр Б.Лхагвасүрэн надад дууны шүлэг дурсгаж байсан юм. Тэр шүлгэнд “Энэ шүлгийг бичиж өгөхүй дор Иргэний хууль ид дундаа, ирц гэдэг тал дундаа” гэж хэлж байсан байгаа. Тэгэхээр ирц бол мөнхийн  сэдэв байсан. Тиймээс гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд хариуцлагыг нь өндөржүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ингэхийн тулд Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, олон улсын туршлагатай уялдуулан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

УИХ-ын гишүүн асан С.Ламбаа:

-1996-2000 оны парламентын үед мөрдөгдөж байсан Дэгийн тухай хууль чанга сайн байсан. Үүнээс хойш үе үеийн парламент өөрсөддөө зориулж өөрчилсөөр өнөөдрийн байдалд хүрлээ. УИХ-ын чуулганы ирц 39 гишүүнээр бүрддэг түүний 50 хувь нь буюу 19 нь дэмжихэд хууль батлах нөхцөл байдал бүрдсэн. УИХ хуулиа зөрчвөл яах вэ гэдгээ хуульчилж өгөөгүй. Үүнийг хуульчилж ягштал мөрддөг болох ёстой. УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэдэг заалтаас болж гишүүд өөрсдийгөө дархан эрхтэй гэх ойлголттой болсон. Хуулийг мөрдвөл мөрдсөн шиг мөрдмөөр байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Дэлхийн 10 орчим орны туршлагаас хуваалцаж, судалгаа хийлээ. УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлын зохицуулалт одоогийн хуулиудад байгаа ч зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын асуудал нь байхгүй болжээ гэсэн дүгнэлт хийсэн. Жишээлбэл, УИХ-ын гишүүн хуралдаандаа суухгүй таслаад байвал яах вэ гэхээр ямар ч зохицуулалт байхгүй байгаа юм. Бусад улс орны хувьд хуралдаан даргалагч бичгээр Ёс зүйн хороонд өгч, Ёс зүйн хороо нь энэ асуудлыг авч хэлэлцээд сонгогчдод нь мэдээлэл өгдөг байгаа юм. Зарим улсад ташуур гэх нэртэй Ёс зүйн хорооны дэргэд албан тушаалтан байгаа юм. Тэр нь улирал бүр гишүүдийн ирц болон ёс зүйтэй холбоотой асуудлын талаар Ёс зүйн хороонд мэдээлэл өгдөг нарийвчилсан зохицуулалттай улс байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаандаа ирэхгүй байх тохиолдолд манай гишүүд хүнээр картаа шургуулдаг. Гэтэл бусад оронд албадан захирамж гаргадаг. Үгүй бол тухайн хүнийг санал өгүүлэхгүй байх зэрэг олон арга хэмжээ авдаг юм байна. УИХ-ын гишүүн хариуцлагатай байх асуудлыг зайлшгүй ярих шаардлага тулгарсан учраас Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Ер нь бол Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хариуцлагын асуудлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор хуулийн төсөл оруулна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаар ард түмнээс сонгогддог. Гэтэл сонгогдсон хойноо хуралдаандаа суухгүй, хуралдааны дэгийг зөрчиж, ёс зүйгүй байдал гаргаж байна гэсэн шүүмжлэл үнэхээр их байгаа. Ялангуяа УИХ-ын нэр хүнд сүүлийн үед унаж байна гэгдэж буй энэ үед Төрийн байгуулалтын байнгын хороо эдгээр асуудалд дүгнэлт хийж, УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Ингэхдээ УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг тодорхой болгож, өргөсөн тангарагаа зөрчсөн бол хүлээх хариуцлагыг тогтоон, ажлаа чанартай шуурхай явуулахаар зохицуулалт тусгаж байгаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж