Д.Данзан: Х.Баянмөнхийн гүтгэлэг хэрээс хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Д.Данзан: Х.Баянмөнхийн гүтгэлэг хэрээс хэтэрлээ

Д.Данзан: Х.Баянмөнхийн гүтгэлэг хэрээс хэтэрлээ

Монголын Үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус холбооны тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүн асан Д.Данзан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

БИ БӨХИЙН ХОЛБООНЫ АЖИЛД ОРОЛЦОХГҮЙ

Р.Нямдорж: 

2017 онд болсон ээлжит бус “Их Эе” хурал нээлттэй болоогүй. Энэ хурлаас тэргүүнээр Л.Чинбатыг сонгож, шинээр Цэцдийн зөвлөлийн гишүүдийг сонгосон гээд байгаа. Үүнийг Монголын шүүхээс асууж болно. Өнгөрөгч гуравдугаар сард болсон наймдугаар “Их Эе” нээлттэй болж, ТВ5 телевизээр шууд дамжуулан хүргэсэн. 

Бөхийн өргөө бол Монголын Үндэсний бөхийн өмч гэж дүрмэндээ заасан. Улсад бүртгэлтэй Бөхийн өргөөний татварыг 2004 оноос эхлэн төлж явсан байна.

Улсын бүртгэлтэй гэрчилгээг давхардуулж олгох нь хууль бус байдаг. Гэтэл Үндэсний бөхийн холбооны гэрчилгээ, тамгыг давхардуулаад авчихсан байна. Энэ бол одоогийн будлианыг үүсгэж байна. Үүнийг хийхийн тулд одоогийн Хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн гэж хэлж байгаа. Үндэслэлгүйгээр гэрчилгээ олгосон. Одоо энэ асуудал шүүх дээр явж байна.

Би 1990 оноос хойш Бөхийн холбооны тэргүүнээр сонгогдож эхэлсэн. 2006 онд Их Эе хурлын үеэр үймээн гаргасан. 2010 онд дахин хуралдсан “Их Эе”-ээр миний бие 98 хувийн саналаар тэргүүнээр сонгогдсон. Гэтэл 2014 онд мөн энэ маргаанаас болж “Их Эе”-ийг хуралдуулж чадаагүй.

Би Л.Чинбатад хэлсэн байгаа. Үнэхээр тэргүүнээр ажиллах гэж байгаа бол 2018 оны нэгдүгээр сарыг хүргэчих гэсэн. Түүний хувьд тэргүүнээр ажиллах хүсэлтэй гэдгээ хэлээгүй. Харин түүнд аваргууд очиж, тэргүүнээр ажиллах санал тавьсан юм билээ.

Би Бөхийн холбооны ажилд оролцохгүй. Харин бөхийн хөгжлийн төлөө ажиллах болно. Үүнийг сайн ялгаж салгах хэрэгтэй. 2017 оны ээлжит бус “Их Эе” нээлттэй болоогүй, дүрмийн дагуу явагдаагүй гэдгийг хэлмээр байна.

 

Х.БАЯНМӨНХ АВАРГА 5000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ БӨХИЙН ӨРГӨӨГ БАРИХ ХЭРЭГТЭЙ

Д.Данзан:

Сүүлийн үед Х.Баянмөнх аварга хүнийг доромжилж, гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Тийм учраас зарим зүйлийг хэлэхгүй бол болохгүй байна. Бөхийн өргөө ард түмний хандив дэмжлэгээр боссон гэж хэлээд байна. Тухайн үед санаачлага гаргасан 10-аад хүний зургаан жилийн хөдөлмөрийг үгүйсгэж байна. Хандив цуглуулахаар мөнгө орж ирдэггүй юм билээ. Бид хандивын хажуугаар зургаан ажлыг хийсэн. Үүнийг та бүхэнд хэлмээр байна. Тухайн үед Монголд байгаагүй мөнгө цуглуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн.

  • Албан байгууллагын сугалаа

  • Нэр төрийн арилжаа. Үүнийг холбоог үүсгэн байгуулагч, менежментийн багийн удирдагч Р.Нямдорж санаачилсан. Энд мөнгө өгсөн хүмүүсийг нэрсийг бүртгэж, алт, мөнгө, хүрэл медалиар мөнхжүүлсэн.

  • Алтан карт буюу нэг сая төгрөгөөр Бөхийн өргөөнд үзвэр үзэх картыг олгосон.

  • Хонжворт дурсгалыг олгосон.

  • Аваргуудын зурагтай талархлын хуудас гаргаж, хандив өргөсөн хүмүүст өгсөн.

  • Бөхийн өргөөнд байрлах рекламны самбарыг зарах зэрэг ажлуудыг хийж, санхүүжилтийг хийсэн.

Төрийн бус байгууллагад төрөөс санхүүгийн тусламж үзүүлж болно гэсэн төрийн бус байгууллагын тухай хуулийг үндэслээд Монгол Улсын төрөөс 800 сая төгрөгийг хөрөнгө оруулалтаар бус дэмжлэг байдлаар олгосон байгаа. Бид зургаан жил зүтгэж энэ ажлуудыг хийсэн.

Х.Баянмөнх аварга Монголын мэргэжлийн үндэсний бөхийн холбоог байгуулж, ажиллаж байна. Гэтэл Үндэсний бөхийн холбооны ажилд оролцоод байна. Энэ хүн үнэхээр мундаг менежмент хийдэг юм бол 5000 хүний Бөхийн өргөөг барьчих гэж хэлмээр байна. Хандив зарлахаар мөнгө цуглаад байх уу гэдгийг аварга маань ойлгох байх. Тухайн үед ард түмний амьдрал, техник технологи ховор байсан тэр үед энэ Бөхийн өргөөг барьсан юм. Үүнийг ойлгохгүй байгаад харамсаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж