Засгийн муу Г.Занданшатартай холбоотой гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Засгийн муу Г.Занданшатартай холбоотой гэв

Засгийн муу  Г.Занданшатартай холбоотой гэв

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэв. 

Үндсэн чиглэлийн биелэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: Г.Занданшатар танилцуулав. Тэрбээр “Нийт таван бодлого, 17 зорилт, 118 арга хэмжээний биелэлтийг дүгнэхэд 79,3 хувьтай байна. Макро эдийн засгийн бодлого 90 хувьтай, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого 66,8 хувьтай, бүс нутаг хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 77 хувьтай, хүний хөгжил 83,4 хувьтай, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 86,5 хувьтай байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Хүний хөгжлийн бодлого 83 хувийн биелэлттэй гэж байна. Энэ бол худлаа. Цаасан дээр л 83 хувь биелсэн байх. Ялангуяа ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийн төвшин 7 хувьд хүрсэн гэж байгаа нь худлаа. Өнөөдөр Монгол Улсад ажилгүйдлийн хар үүл нөмөрч, иргэд нь эх орноосоо дайжиж байна. Солонгосын Элчин сайдын яам битүү оочер байна. Амьдрахын тулд үр хүүхэд, гэр орноо орхиод нүүдэллэж байна. Энэ бол Монгол Улс иргэддээ хөдөлмөр эрхлэх боломж олгохгүй байгаатай холбоотой. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-2016 онд нөхцөл байдал ямар байсныг бид мэдэж байгаа. Харин ч 2017 онд бололцооны арга хэмжээ авсан. Өнөөдөр эдийн засаг өсч байгаа энэ үед Засгийн газар томоохон мега төслөө хөдөлгөх хэрэгтэй. Нэн ялангуяа төмөр зам, хилийн боомтын нэвтрэх чадварыг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсээ цаг алдалгүй нээх хэрэгтэй. Одоо хаврын ажил эхэлж байгаатай холбоотой мега төслийг хөдөлгөх шийдвэрээ хурдан, түргэн гаргаад яваач ээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Засгийн газрын ажил муу байх нь ЗГХЭГ буюу ‘гал тогоо’-ны ажилтай шууд холбоотой
ЗГХЭГ-ын дарга хэлэхдээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг яамдуудын ирүүлсэн материалыг нэгтгээд л гаргасан гэж байна. Засгийн газар Хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн материалаа давхар явуулчихаж баймаар байна. Улирал болгон Үндсэн чиглэлийн биелэлтээ гаргаад, болохгүй байгаа салбар яамдынхаа ажлыг шахаж шаардах гол ажлыг ЗГХЭГ хийх ёстой. Засгийн газрын ажил муу байх нь ЗГХЭГ буюу ‘гал тогоо’-ны ажилтай шууд холбоотой. Тиймээс яамдын уялдаа холоогоо хангаж Үндсэн чиглэлийн нэгдүгээр бүлгээс хойшхи байдалдаа анхаарах хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын үед гэж ярих хэрэггүй . МАН-ын Засгийн газрын хийсэн ажлын тухай өнөөдөр ярьж байна. Хариуцлагатай бай. Ер нь Засгийн газар бодлогын уялдаагаа хангаж, яамдууд томоохон төслөө хөдөлгөх зүйлд анхаарсан бол өнөөдрийн макро эдийн засаг илүү сайжирсан байх ёстой байсан шүү. Тиймээс аливаа зүйлийг найз, найран дундаа явуулахгүйгээр, Монгол төрийн ажлыг хийхдээ сэтгэл зүрхээ зориулж хийдэг байгаасай гэж Г.Занданшатар сайдад хэлмээр байна. Аудитын дүгнэлт гүйцэтгэл, биелэлттэй хамт байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр өглөө дутуу зүйл оруулж ирж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Гэхдээ би ажил гүйцэтгэж байгаа гүйцэтгэх хүмүүст буруу өгөхийг хүсэхгүй байна. Ажлыг удирдаж байгаа хүмүүс нь ажлаа сайн хийх хэрэгтэй байна.

Ийнхүү өнгөрсөн оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэний дараа Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. 

Тайланг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн танилцуулсан юм.

Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн салбарын статистик үзүүлэлтээс харахад 2017 онд санхүүгийн зах зээл 25 хувийн өсөлттэй гарчээ. 
2017 онд үнэт цаасны нийт арилжаа 860.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хувьцааны арилжаа 78.1 тэрбум, Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны арилжаа 772.5 тэрбум, компанийн бондын арилжаа 10.2 тэрбум төгрөг байсан аж. Монголын хөрөнгийн бирж ХХК-ийн ТОП-20 индекс болон MSE-ALL индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.5, 33.1 хувиар тус тус өсчээ.
Даатгалын салбарын нийт хөрөнгө 2017 оны жилийн эцсийн байдлаар 244.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Салбарын нийт хураамжийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 26.1 хувиар нэмэгдэж, 144.3 тэрбум төгрөг болсон ба үүний 97.8 хувийг ердийн даатгалын хураамж, 0.9 хувийг урт хугацааны даатгалын хураамж, үлдсэн 1.3 хувийг давхар даатгалын хураамж эзэлж байна. 
Тайлант жилд нийт 45.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн нь өнгөрсөн онтой харьцуулахад 31.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Даатгалын салбарын цэвэр ашиг өнгөрсөн жилээс 15.7 хувиар өсч, 13.2 тэрбум төгрөг болжээ. Цэвэр ашгийн өсөлтийн гол шалтгаан нь давхар даатгалын компанийн цэвэр ашиг 55.6 хувиар өссөнтэй холбоотой байна. 
2017 оны байдлаар 534 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ үйл ажиллагаа явуулж байгаа ба дийлэнх нь буюу 90 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж. Салбарын нийт хөрөнгийн хэмжээ тайлант онд 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 3.6 хувьтай тэнцүү байна. Тайлант онд салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх оноос 33.4 хувиар өсөж 638 тэрбум төгрөгт хүрч, ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4 хувиас буурч 3.4 хувьд хүрлээ. 2017 оны байдлаар ББСБ-уудын нийт ашиг 13 хувиар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрлээ.
2017 оны байдлаар хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн эрхтэй  290 хоршоо, 55,624 гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тайлант улиралд нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 35.4 хувийн өсөлтийг үзүүлж, 2007 оноос хойш анх удаагаа 30-аас дээш хувиар өссөн байна. 2017 онд салбарын нийт цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 42.4 хувиар нэмэгдсэн нь 2012 оноос хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ. 
Цэвэр ашгийн энэхүү өндөр өсөлтөд хадгаламж, зээлийн хоршоодын нийт орлогын өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд нийт орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.9 хувиар нэмэгдэж, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж