Р.Собиров дэлхийн шилдэг жүдоч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Р.Собиров дэлхийн шилдэг жүдоч боллоо

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 60 жилийн ойн баярын гала арга хэмжээ өчигдөр Францын нийслэл Парис хотын “Опера Гарнье” буюу Дуурийн театрт боллоо. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш тус хотод эхэлнэ. Тэмцээний өмнө IJF-ийн удирдлагууд ээлжит чуулганаа хийж, улмаар өчигдөр 60 жилийн ойн баяраа тэмдэглэсэн юм. Энэ үеэр жүдогийн гэр бүлд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнаснаас гадна дэлхийн шилдэг жүдочдыг тодруулжээ. Гала арга хэмжээний төгсгөлд хэлсэн үгэндээ ОУЖБХ-ны тэргүүн Мариус Визер “Жүдо бөх хөгжлийн шинэ эринтэй золгоод байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид олон өөрчлөлт, шинэчлэл хийж чадлаа. Цаашид ч хийж бүтээх зүйл арвин байна. Түүхэндээ анх удаа IJF-ийн галаг зохион байгууллаа. Энэ маань IJF-д гишүүнчлэлтэй бүх улс үндэстнүүдийн хувьд жинхэнэ бэлэг болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Аваргуудыг цоллож, шилдэг медиа болоод ивээн тэтгэгч, хамтран ажилладаг хүмүүсээ ч шагнаж урамшууллаа. “Жүдогийн гэр бүл” гэдэг зүгээр нэг төсөөлөл биш, бодит зүйл болж чаджээ” хэмээжээ.

Энэхүү хүндэтгэлийн, баярын арга хэмжээнд талбайн теннисчин Илие Настасе, Европын олимпийн хорооны ерөнхийлөгч Патрик Хикей, FIBA-гийн ерөнхийлөгч Иван Майнини, Олон улсын гандболын холбооны тэргүүн Хассан Моустафа, IJF-ийн элч Богдан Бузайану, Рене Жаегги нар, домогт гимнастикч Надя Команеч, хөлбөмбөгч Иван Куркович нарын алдартнууд оролцсон байна.

Гала арга хэмжээний үеэр дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдочийг нэрлэсэн. Энэ өрсөлдөөнд Афины олимпийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, “Оюутолгой”-н элч тамирчин Х.Цагаанбаатар нэр дэвшээд байсан билээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэлхийн чансааг тасралтгүй тэргүүлсэн түүний хамт нийт 20 бөх шилдэг жүдочид нэр дэвшсэнээс 60 кг-ын жинд ноёрхогч, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Узбекистаны бөх Ришод Собиров өнөө цагийн дэлхийн шилдэг эрэгтэй жүдочоор тодорсон бол Японы жүдоч Ёшиэ Уэно /63 кг/ шилдэг эмэгтэй жүдочоор шалгарчээ.

Шилдгүүдийг танилцуулъя.

  • Өнөө цагийн шилдэг эмэгтэй жүдоч – Ёшиэ Уэно /Япон/. 2009, 2010 оны дэлхийн аварга, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, 2003, 2005, 2007 оны Ази тивийн аварга тэрбээр дэлхийн аварга цолоо хамгаалахаар Парист ирээд байна.
  • Өнөө цагийн шилдэг эрэгтэй жүдоч – Ришод Собиров /Узбекистан/. Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга, 2007 оны Азийн аваргын мөнгөн медальт
  • Бүх цаг үеийн шилдэг эмэгтэй жүдоч – Риоко Тани /Япон/. Олимпийн хошой аварга, хошой мөнгөн медальт, Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн долоон удаагийн аварга, Азийн наадмын аварга, Азийн аваргын хүрэл медальт, Универсиад наадмын аварга. Тэрбээр өдгөө Японы парламентийн гишүүн ажээ.
  • Бүх цаг үеийн шилдэг эрэгтэй жүдоч – Дэвид Дуйе /Франц/. Олимпийн хошой аварга, 1992 оны Барселоны олимпийн хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын аваргын алт, мөнгө, хүрэл медальт.
  • Өнөө цагийн шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч – Казүхико Токуно /Япон/
  • Өнөө цагийн шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч – Андрей Штурбабин /Узбекистан/
  • Жүдогийн нэрт зүтгэлтэн – Жигоро Кано /Япон/. IJF-ийг үндэслэгч

Дашрамд дуулгахад, маргааш эхлэх дэлхийн аваргад Монголын 23 жүдоч зодоглоно. Тэмцээний сугалаа өнөөдөр Монголын цагаар 20.00 цагаас болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж