АТҮТ-ийн бүртгэгчидтэй “дайн зарлав"

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

АТҮТ-ийн бүртгэгчидтэй “дайн зарлав"

АТҮТ-ийн бүртгэгчидтэй “дайн зарлав"

-Тавантолгойт, Гашуунсухайтад тээвэрлэлт хийдэг машины бүртгэлийг сольсон бүртгэгчийг хуулийн байгууллагад мэдэгджээ-

Зам тээврийн хөгжлийн сайд “Тавантолгойд тээвэр хийж байсан найман машины эзэмшигчийг сольсон хэрэг илэрлээ. Шууд цагдаад…” хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээллээ.  Тэрбээр  өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт  Тавантолгой, Гашуунсухайтын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг жолооч нар болон иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ийм санал нэлээд гарсан юм. Энэ үеэр “С” зөвшөөрөл зардаг, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг сольж бүртгэдэг алдаа дутагдлыг засч залруулах талаар онцгой анхаарна гэдгээ хэлж байв. Мөн тухайн үед Тавантолгойгоос 268 мянган тонн нүүрс хулгайлагдаад эрэл хайгуул болж эдүгээ “илрүүлсэн хулгайчаа илчлэх үү, нуух уу” дээрээ тулаад байтал одоо нүүрсний тээвэрлэлт хийдэг машиныг “дахин төрүүлж” татвар зувчуулсан хэрэг гарах нь энэ.

Энэ бол бүртгэлээр дамжуулан бусдын өмчид халдаж буй ноцтой хэрэг.  “Нүүрсний хулгайч”-ийн дуулианы нэгэн адил гаалийн татвараас зугтсан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой, ужгирсан дутагдал. Тиймээс ч энэ шалтгаанаар Зам тээврийн хөгжлийн сайд онцгой анхаарал тавин ажилласнаар гэмтнүүдийг эхнээс нь илрүүлж хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр энэ хэрэгт  АТҮТ-ийн авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэгч холбогдоод байгаа бөгөөд хэд, хэдэн хүнийг ажлаас халж хариуцлага тооцохоор болсон байна.

Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник, технологийн хэлтэст улсын дугаар олгох ажил шилжээгүй байхад Замын цагдаагийн тоо бүртгэлийн ажилтан хахууль авч автомашинд гэрчилгээ гаргаж өгдөг байсан хэргийг АТГ шалгаж илрүүлж байв. Тухайн үед тэр сүлжээ зарим дүүргийн Замын цагдаагийн тасгийн тоо бүртгэгч, “Да хүрээ” захын автомашины наймаачдын дунд өрнөж, зуучлагчдынхаа хамт эрүүгийн хариуцлага хүлээж байсан билээ.

Гаалийн татвараас зайлсхийж БНСУ болон бусад орноос автомашины сэлбэг гэх нэрээр эд ангиудыг хэсэгчлэн хувааж Монголд ирсэн хойно нь угсраад “шинэ машин” төрүүлдэг, тэрхүү машинд “Төрсний гэрчилгээ”  авахын тулд ийм бүлэглэл үүсгэсэн байдаг. Харин энэ бүлэг Тавантолгойд байна гэдэг овор хэмжээ болон гэмт бүлэглэлийн цар хэмжээ, түүнд багтах болсон эрх мэдэлтнүүдийн тоо ч нэмэгдэж байгаагийн шинж болов уу.

Учир нь одоогоор илрүүлэн хариуцлага хүлээлгээд байгаа гэмт хэргүүдийн хавтаст хэргүүдээс харахад энэ хэрэгт бүртгэлийн болон архивын байгууллагын ажилтнууд, нотариатчид холбогдсон байдаг.

“Тээврийн хэрэгслийн гэрчилгээ авна, гаргуулна” гэсэн зараас энэ гэмт хэрэг эхэлдэг. Автомашины наймаачинд “Надад нэг онхолдсон машины бичиг баримт байна. Тэр машины бичиг баримт дээр нэг машиныг чинь оруулж өгье” гэснээс, автомашинаа худалдах гэж буй иргэнд “Машинаа худалдахдаа надад хэлээрэй. Бичиг баримтыг нь сайхан цэгцлээд өгье” гэснээс үүдэлтэйгээр хэрэглээнээс гарахаас аргагүй болсон суудлын жижиг оврын автомашиныг ингэж “амилуулах” болсоор арав гаруй жилийн нүүр үзэв. Гэтэл одоо бүтээн байгуулалтын “фронт” болох хүлээлт үүсгээд байгаа, уул уурхайн машин механизмын бөөгнөрөл,  Тавантолгойд ийм гэмт хэрэг газар авч байгаа нь цаг алдалгүй энэ асуудлыг анхааралдаа авахаас аргагүйг харуулж байна.

Гашуунсухайт боомтоор л гэхэд хоногт дунджаар ачаатай 720, ачаагүй 250 тээврийн хэрэгсэл орж ирж байна. Эдгээрийн дотор “насгүй” болсон хэчнээн тээврийн хэрэгсэл хил даваад эзэмшигчийн нэр, бүртгэл нь хэвээрээ боловч “гоо сайхны мэс засалд” орчихоод танихын аргагүй болчихоод орж ирдэгийг “илрүүлэхэд амаргүй. Гэвч Зам тээврийн хөгжлийн яам энэ талаар онцгой анхаарал тавьж гаалийн татвараас бултдаг гаршсан бүлэглэлийг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүллээ.

Энэ талаар хяналт тавих ёстой, “С” зөвшөөрөл олгодог эрх, үүрэг бүхий байгууллага нь Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ юм. Одоо ид яригдаж буй Тавантолгой, Гашуунсухайтын нүүрсний тээвэрлэлт хийхэд “С” зөвшөөрөл  /Бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш жинтэй автомашин/ “ олгодог, дугаарыг сольдог, стандартыг мөрддөггүй зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох үүрэг ч тус байгууллагын бүртгэлийн албатай холбоотой.

Тиймээс “В” ангиллаас “С” ангилал руу “нүүдэллэж” ашгаа ч, автомашиныхаа төрлийг ч “томруулах” болсон гэмт бүлэглэлийг салбарын яам, хуулийн байгууллагатай хамтран илрүүлэхээр харьяа байгууллагатайгаа хүртэл ийнхүү “дайн зарлах” нь шударга, зарчимч арга барилаар ажиллаж байгаагийн жишиг төдийгүй “нэг салбарынхан, нэг намынхан” гэж дотроо эвлэрч байсан алдааг засах эхлэл гэж харж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж