Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р сургуулийн орчимд өчигдөр /2018,05,01/ үдийн 13,00 цагт очиход хичээл нь завсарласан тул дуу шуугиантай байлаа. Бидний зорилго хар тамхинаас дутахгүй аюул дагуулж байгаа газны худалдаалалт, мөн түүнд хэрхэн хяналт тавьж байгаа, сурагчид сөрөг талыг нь хэр мэддэг вэ гэдгийг сурвалжлахад чиглэсэн юм.
Тус сургуультай ойр орших орон сууцны өргөтгөлд байрлах хүнсний дэлгүүрт орж, худалдагчаас нь ахуйн газыг хэр хяналттай худалдаалдаг талаар зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр ‘манай дэлгүүр ахуйн газыг саяхнаас борлуулж эхэлсэн. Өдөртөө сурагчид их орж ирдэг. Гэхдээ газ худалдаж авсныг санахгүй байна. Бид сурагчдад газ худалдаалдаггүй. Зарим дэлгүүр орлогоо бодоод хүүхдүүдэд газ зардаг л байх. Гэвч манайх тийм биш” гэв.
Бид сурагчидтай уулзаж ахуйн газны хэрэглээ, хор хөнөөлийн талаар ярилцсан юм. Тэд есдүгээр ангийн сурагчид бөгөөд хор хөнөөлийн талаар тэр бүр мэдэхгүй байлаа. Ахлах ангийн сурагч Э ‘өмнө нь манай сургуульд газ үнэрлэсэн гэх асуудал яригддаг байсан. Хүүхдүүд бие биесээ уруу татдаг байх. Магадгүй нэг найз нь хэрэглэхээр нөгөөх нь хэрэглэж үзэх юмсан гэсэн бодол төрдөг байхыг үгүйсгэхгүй” гэв.
14 настай хүү хашаандаа газ үнэртэж, газар дээрээ амиа алджээ
Он гарсаар газ үнэрлэсэн тухай гурван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хамгийн сүүлд 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн хороонд оршин суух хаягтай 14 настай хүү өөрийнхөө хашаандаа газ үнэртэж газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Талийгаач хүү нас барахаас 10 хоногийн өмнө газ үнэртэж байгаад ээждээ баригдсан гэх мэдээлэл бий. Тэрбээр нэгэн хувийн ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангид суралцдаг байсан аж.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр газ үнэртэн мансуурсан иргэдэд Зөрчлийн хуульд зааснаар торгууль оногдуулдаг аж.
Харин насанд хүрээгүй хүүхэд хий үнэрлэж мансуурсан гэмт хэрэг хийсэн бол хий хэрхэн олж авснаас шалтгаалж холбогдох этгээдэд хариуцлага тооцдог юм байна. Тухайлбал, хүүхэд хийг гэрээсээ авч хэрэглэсэн бол хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг, эхэд эрүүгийн хариуцлага тооцож хорих ял шийтгэнэ. Харин насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий худалдсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байна.
Энэ асуудлаар НЭМҮТ-ийн мэргэжилтнээс цөөн зүйлийг тодрууллаа.
Газ тархсан агаараар амьсгалсан хүн хүчилтөрөгчийн дутагдалд ордог
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэж амиа алдах боллоо. Ахуйн газ үнэрлэснээр хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Шингэрүүлсэн шатдаг хий буюу ахуйн хэрэглээний газ нь газрын тосноос гаргаж авдаг бүтээгдэхүүн юм. Манай улсад пропан, зуны улиралд бутан хийг хэрэглэх нь цаг уурын эрс тэс уур амьсгалтай учраас нэн тохиромжтой байдаг. Гэтэл иргэд буруу аргаар хэрэглэж, зааврын дагуу бус дур мэдэн хэрэглэснээс болж дэлбэрэх аюулыг дагуулдаг. Газ нь шатамхай, тэсрэмтгий чанартай хий юм. Иймээс хий алдсан үед шүдэнз зурах, очлуур асаах, гэрэл болон цахилгаан хэрэгсэл асааж, унтраахыг хориглодог. Мөн төмөр тахтай гуталнаас оч үсрэх аюултай байдаг. Шингэрүүлсэн хий нь хүний биед хүрэхэд түлэгдсэнтэй ижил төрхтэй ул мөр үлдээдэг сөрөг талтай. Газ тархсан агаараар амьсгалсан хүн хүчилтөрөгчийн дутагдалд орох ба их хэмжээтэй концентрацитай агаарт хүн амьсгал нь боогдож үхэх аюултай юм.
-Хэрвээ хордсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Газанд хүхрийг нэмж өгсөн ба үүнийг ихээр үнэртэх нь хүний биед маш хортой. Хүхэр нь идэмхий шинж чанартай байдаг тул ихээр үнэртсэн тохиолдолд дотор эрхтэн элэг, ходоод зэрэгт маш муу нөлөөтэй буюу аажмаар идэж гэмтээх аюултай учраас зөвхөн зориулалтын дагуу хэрэглэх учиртай. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучууд газ үнэртэн мансуурах явдал ихэсч байгаа нь тун харамсалтай. Үүнийг өсвөр насныхан тэр бүр мэддэггүй. Үүнд эцэг эхчүүд нь хяналт тавих хэрэгтэй. Гэтэл хичээлдээ явж л байвал боллоо гэсэн шиг хаячихдаг. Хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж явааг нь анзаарахгүй сууж байх зуурт чинь нэг нэгнийгээ уруу татсан хүүхдүүд мансуурч, эрүүл мэндээрээ хохирч байна.
Ахуйн газны сөрөг хэрэглээний талаар эцэг эхчүүдийн байр суурийг сонслоо.
Өсвөр үеийн хүүхдүүд газ үнэрлээд байгаа нь хамгийн хортой
Ахуйн газ үнэ өртөг нь хямд ч их хортой. Өсвөр үеийн хүүхдүүд хэрэглээд байгаа нь хамгийн эмзэглүүштэй асуудал юм. Өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэсэн гэх мэдээллийг телевизээр их сонссон. Манайх ч гэсэн ахуйн хэрэглээндээ газ хэрэглэдэг. Хэрэглэх явцдаа аюулгүй байдал талаас нь анхаарч үздэг. Тэр дундаа газыг халуун газар тавьж болохгүй, тагийг нь хамаагүй онгойлгож болохгүй зэргээр хүүхдүүддээ анхааруулдаг. Ер нь хүүхдүүдэд энэ талын мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага түлхүү өгмөөр байгаа юм. Түүнээс гадна өсвөр насны хүүхдүүдэд сургууль дээр нь газын аюул, хөнөөлийн талаар зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Хүүхдүүд чинь хүүхэд л шүү дээ. Эцэг эх сургууль дээр багш нар нь сайн зөвлөгөө өгч анхааруулах хэрэгтэй байна
Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд буруу зүйлд татагдаж байна
Манайх ахуйн хэрэглээндээ газ хэрэглээд сурчихсан болохоор гайгүй л юм шиг санагддаг. Газ хэрэглэхдээ тагийг нь онгойлгож хаахдаа л сайн анхаардаг. Бусдаар бол гайгүй. Нөгөө талаас өсвөр насны хүүхдүүд газ үнэрлээд байгаа нь эрүүл мэндийн талаасаа сөрөг нөлөөтэй байх. Эцэг, эхийн анхаарлаас болж хүүхдүүд буруу зүйл рүү их татагдаж байна. Манай хүүхдүүд хэрэглээний талаас нь мэдэхээс биш мансууруулах талаас нь сайн ярьж байгаагүй юм байна шүү. Нэгэндээ уруу татагдах явдал байж болох юм. Ер нь энэ асуудлаар өсвөр насны хүүхэдтэйгээ ярьж байгаагүй юм байна. Мэдээ үзэж байсан болохоос биш ярилцаж байгаагүй.
Сонирхоод нэгэндээ уруу татагдаж байгаа байх. Нэг нь хэрэглэчхээд бусдадаа нөлөөлдөг байх. Бидэнд газны хор хөнөөлийг тэр бүр заах, мэдээлэл өгөх хүн байдаггүй. Дунд, ахлах ангийн хүүхдүүд хэрэглэдэг байж магадгүй. Намайг дунд ангид байхад мэр сэр сонсогддог байсан.
Бид нар сөрөг нөлөөтэй муу зүйлийн талаар ярилцдаггүй. Тэрийг болохгүй зүйл л гэж хоорондоо ярилцдаг. Манай сургууль дээр газ үнэрлэсэн гэж яригдах асуудал байхгүй болохоор тэр талаар мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж нэг найз маань газ үнэрлэх юм бол аль болох ярилцаад ойлголцож, буруу зүйл хийхгүй байх талаас нь хандана.
Газ бол утааг бууруулахад сайн талтай. Аюулгүй байдлыг л хангах хэрэгтэй. Газ чинь хамаагүй хэрэглэвэл тун осолтой. Эцсийн эцэст хүний эрүүл мэнд чухал. Тэр өсвөр насныхан дунд дэлгэрсэн сөрөг хэрэглээг таслан зогсоох хэрэгтэй. Үнэхээр тийм муухай зүйлийг өөрийн биеэр харж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Миний хүүхдээс ялгаа юу байхав хүүхэд юм болохоор найз нөхдөө л даган дуурайдаг байх. Иймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайн ярилцаж найз шиг нь хандвал асуудал гарахгүй гэж өвөө нь бодож байна.
Э.Ариун