Их сургуульд элсэгчдийн тоог бууруулна

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Их сургуульд элсэгчдийн тоог бууруулна

Их сургуульд элсэгчдийн тоог бууруулна

Бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын (ЭЕШ) босго оноог энэ жилээс эхлэн их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзалгүйгээр 480 , коллеж, орон нутгийн сургуулийг 400 болгосон.

Босго оноог 480 болгосноор их, дээд сургуульд элсэх оюутны тоо 18 хувиар буурч, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тооцоолжээ. Боловсролын үнэлгээний төвөөс 2016-2017 онд хийсэн судалгаагаар ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь их дээд сургуульд элссэн аж. Харин залуучуудын дунд ажилгүйдлийн төвшин улсын дунджаас хоёр дахин их байгаа юм.  

Босго оноог нэмэхээс өмнө ЭЕШ-ын материалын 50 хувийг гүйцэтгэж “F” дүн авсан мөртлөө аль ч их, дээд сургуульд элсч оюутан болдог байв. Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын үндэсний хэмжээний босго оноо 400 байсан.

Энэ жилийн хувьд ЭЕШ-ын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 16-нд болсон.

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 42 000 орчим хүүхэд төгсөж байгаа бөгөөд өмнөх оны төгсөгчдөөс 3000-4000 төгсөгч нэмэгдэн 45000 шалгуулагч ЭЕШ өгөх ажээ.

ЭЕШ зургадугаар сарын 16-нд монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, таван өдөр үргэлжилнэ.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлсэн байх ёстой. ЭЕШ-ын дүн ирэх долдугаар сарын 1-ний 09.00 цаг гэхэд www.eec.mn цахим хуудсанд байршуулсан байх ажээ. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас харах боломжтой юм. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулсан юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж